"Miss Mongolia 2013" тэмцээний ялагч Монголын отгон мисс Намширын Анутай уулзаж ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын 12-28-ны хооронд БНХАУ-д зохиогдсон  “World Bikini Model International 2014” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, дэд байр,  шагналыг хүртээд иржээ. Гадаад төрх, бие галбир төгс заяагдсанаас гадна дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэнгээрээ өөрийгөө гэрэлтүүлсэн тийм л сайхан бүсгүй учраас олон улсын миссүүдийг ардаа орхисон болов уу гэсэн бодол түүнтэй ярилцаж суухад төрж байлаа. Ингээд олныг нуршилгүй түүнтэй  ярилцлагыг хүргэж байна.  
- Дэлхийн гоо бүсгүйчүүдтэй нэг тайзан дээр алхаж, “World Bikini Model International 2014” тэмцээнд тун амжилттай оролцонд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Тэмцээн ямар шалгуураар хэрхэн үргэлжилсэн талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргье.  “World Bikini Model International 2014” болсон тэмцээн маань  БНХАУ-ын гурван хотыг дамжин болсон. Хамгийн эхлээд  Гуанжу хотод  тэмцээний фейшн шоу болсон.  Дараа нь Бээжин хотод очин  үзэсгэлэнт хотуудаар аялаж, миссүүдийн харилцааны соёл, хувь хүний биеэ авч явах байдлыг нь шалгаруулсан гурван өдрийн аялал болсон. Ингээд сүүлчийн хот болох Чендауд  фото зураг авалтын шалгаруулалт, фенал, бүжгийн бэлтгэлд орсон.

-Ямар, ямар шагнал хүртсэн билээ?
-Олонд ташаагдсан модель гэдэг шагналыг ивээн тэтгэгч компаниас  Бээжин хотод авсан. Тэгээд яг фенал дээрээ дэд байрын шагналыг авсан.

-Нийт хичнээн орны гоо  бүсгүйчүүд энэ удаагийн тэмцээн  уралдаанд орж, өөрсдийгөө сорьсон бэ?
-46 орноос  48 охин оролцсон. БНХАУ-д зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа тус улсаас гурван охин оролцсон.   Энэ тэмцээн нь 15 дахь жилдээ зохион байгууллагдаж байгаа, бикини төрөлдөө тэргүүлэх зэрэгтэй тэмцээн юм билээ. Энэ удаагийн тэмцээнийг Мальт  улсаас зохин байгуулсан.

-“World Bikini Model International 2014” тэмцээн  бол өөрийн чинь хувьд  хилийн чанадад оролцсон  хоёр дахь том тэмцээн байх.  Өмнө  нь Япон улсад болсон “Мисс интернэшнл” тэмцээнд оролцож байсныг чинь санаж байна. Энэ хоёр тэмцээний онцлог ялгаа нь юу байсан бэ? 
-Өнгөрсөн жил “Мисс интернэшнл”-д оролцохдоо маш их туршлага  судалж, суралцсан. Энэ тэмцээнд  тухайн орны жил жилийн тэргүүн миссүүд оролцдог. Тухайн  тэмцээн нь хүмүүнлэгийн ажил нийгэм рүү хандсан талаас нь хардаг. Монгол Улсаас оролцож байгаа миссүүд тэр талдаа дутагдалтай байдаг байсан юм болов уу гэж миний хувьд ажиглагдсан. 
Харин саяын оролцсон тэмцээн бол  бикини, модель гэдэг утгаараа бие хаа, алхаа гишгээ, гадна төрхийг нь харсан. Гэхдээ яг үндсэн шалгуур нь  энэ хүн хэн бэ, дотоод сэтгэл, харьцаа, хэр авьяаслаг,  ирээдүйдээ юу хийх чадвартай вэ гэдгийг нь түлхүү харсан тэмцээн болсон.

-Авьяаслаг гэснээс  саяын тэмцээн дээр авьясаа үзүүлэхдээ Мэрлин Монрогийн хөргийг уруулаараа зурж байгаа нь маш содон өвөрмөц санагдсан л даа. Үнэхээр гайхалтай гоё зурсан байна лээ. Хэзээ ингэж  зурж сурсан бэ?


-Би “Мисс Монголиа-2013” тэмцээнд  орохдоо авьяасын төрөлд юу үзүүлвэл содон байх бол гэж бодсон л доо. Ингээд дотоод сэтгэлээ харуулсан зураг зуръя гэж шийдсэн. Тэгээд youtobe-ээс  бичлэг хайсан.  Гэтэл орос эмэгтэйн бүтээл тавигдсан байсан. Тэр эмэгтэй  хүний бүтэн биеийг  4-5 цаг уруулаараа зурж байхыг харсан.  Тэндээс  санаа  авсан л даа. Гэхдээ миссийн тэмцээн дээр тухайн үзүүлбэрт 2-3 минут л өгдөг. Тэгэхээр  яаж хурдан зурах вэ гэж бодсон. Ингээд Мэрлин Монрогийн хөргийг австракт  хэлбэрээр зуръя гэж шийдээд, хичээллэсэн. Тэмцээнээс 10 хоногийн өмнө  маш шаргуу бэлдэж сурсан. Мэдээж бэрхшээлгүй зүйл гэж хаа байх вэ, уруулын арьс хуурч, юм гарах гэж зэрэг асуудал үүссэн л дээ.  
 “World Bikini Model International 2014” миссын тэмцээнд оролцохоо  долоо хоногийн өмнө мэдсэн. Тэгээд  авьяасаа үзүүлэхдээ зургаа зуръя гэж шийдээд гэртээ хоёр удаа зурж давтсан. Ингээд  тайзан дээр гарахад тайзан дээр дуудсан дөрвөн охины хоёр нь дуулж, нэг нь бийрээр, харин би уруулаараа зурсан. Ингэхэд минийх хамгийн өвөрмөц үзүүлбэр  болжээ гэсэн үнэлгээ авч, бас хамгийн их алга ташилтыг үзэгчдээс авсан л даа.

-“Мисс монголиа-2013”-т оролцож байхдаа шүлэг бичдэг авьяасаа ил болгож байсан. Хэзээнээс шүлэг бичсэн бэ? 
-Би бага байхдаа сэтгэл хөдөлсөн үед төрсөн мэдрэмжээ шүлэглэж бичдэг байсан. Миний бичсэн шүлгийг ээж, эмээ хоёр маань уншаад уйлж байсан нь санаанд тод байдаг. Би өөрөө шүлгийн дэвтэр  дээрээ  одоо ч сэтгэлд буусан мэдрэмжээ тэмдэглэж байдаг.

-Тэгэхээр нэг өдөр Монголын мисс Н.Анугийн шүлгийн ном худалдаанд гарахыг үгүйсгэх аргагүй л юм байна? 
-Магадгүй л юм /Инээв, Сурв/.

-Ярилцлагаа эргээд  “World Bikini Model International 2014”  тэмцээндээ хандуулъя. -Тэмцээн 18 хоногийн турш үргэлжилсэн гэж байгаа. Хамгийн хүнд хэцүү номинаци нь юу байв?


-18 хоног гэдэг бол үнэхээр урт хугацаа байсан. Өмнө нь оролцсон “Мисс интернэшнл” тэмцээн 10 хоног болж байсан.  Тухайн  үед тийм ч урт санагдаагүй.  Харин 18  хоног урт хугацаа санагдсан. Бас тэмцээний программ  үнэхээр шахуу байсан. Өдөрт дөрвөн цаг л унтаж, амарч байлаа.

-Мэдээж хүндрэлтэй  асуудлууд гарч байсан байх даа? 
-Дизайнерууд нь өөрсдөө моделио сонгож байсан. Ингэхдээ намайг сонгох нь элбэг. Тэгэхээр бусад охид “яагаад дандаа энийг сонгодог юм” гэх зэрэг хэл ам гарч байсан. Мөн Чендау хотод очингуут Мальт улсын шүүгч оролцогч болгонтой нэг бүрчлэн уулзаж, ярилцлага хийсэн.

-Асуулт хариултын шалгаруулалт дээр эхний таван байранд орсон гэсэн. Ямар асуултад юу гэж хариулсан бэ?
-Бусад  охидоос аль улсаас ирсэн бэ, эх орныхоо тухай яриач, модель хийгээд хэдэн жил болж байна  ч гэдэг юм уу нийтлэг асуулт  асууж байсан. Харин надаас “Чи амьдралаас юу хүсдэг вэ” гэж асуусан.  Би  Интернэшнл модель болохыг хүсдэг мөн дээр нь сайн үйлсийн илч болохыг хүсдэг. Тэр хүслээ л хэлсэн.  Мөн Монголдоо ямар ямар тэмцээн уралдаанд оролцсон, загвар шоунд ямар амжилттай оролцсон мөн Монголынхоо брэнд “Говь” компанийн  нүүр царайгаар  ажиллаж байсан зэргээ бүгдийг нь хэлсэн. Асуулт хариултын оноолт  самбар гарахад  би эхний таван байрт орсон байсан.  

-Дэлхийн сайн үйлсийн элч болно гэхээрээ дэлхийн мисс болох зорилготой гэсэн үг үү?
-Яг дэлхийн мисс биш л дээ. Өөрийн хийх гэснээ бүтээх боломж бүрдвэл дэлхий нийтийг хамарсан маш том сайн үйлсийн аян хийнэ гэж боддог. 
-Бахархаж байна шүү. Тэмцээний явцад болсон сонирхолтой номинацийн талаар яриа үргэлжлүүлэх үү?
-Феналын өглөө бүх охидын будгийг арилгаж, үсийг нь хойш нь самнаж, адилхан бикини, туфль өмсгөж 10 шүүгчийн өмнө шалгаруулалт явуулсан. Энэ үнэхээр бикини модель  шалгаруулахад байх ёстой шалгуур санагдсан.

-Миссийн тэмцээнд оролцож байгаа охид нүүр будалтыг өндөр түвшинд магадгүй  заримдаа хэтрүүлэгтэй хийсэн мэт харагддаг. Давхраа, сормуус наах зэргээр. Гэтэл  саяын номинаци яг үнэн төрхийг нь харуулсан гайхалтай шалгаруулалт болжээ. Өөрийн чинь хувьд  тийм ч хүндрэлтэй байгаагүй  төдийгүй байх ёстой шалгуур гэж боджээ.  Харин бусад орны охидын тухайд бага зэрэг сандрал авч ирсэн болов уу?
-Европ охид  бол угаасаа том цэнхэр нүдтэй хөөрхөн охид байдаг. Ази охид тухайлбал хятад охид  будгаа арилгахаар будагтай харагдаж байснаасаа жижигхэн чартгар нүдтэй, түүнээсээ ичиж байгаа байдал ажиглагдаж байсан. 
Фото, боди гээд миссүүдийн шалгаруулалт бүгд явцын дунд л явагдаж байсан. Тэмцээний зохион байгууллагч гээд л хүмүүс явж л байдаг. Гэтэл бидэнд хэлэлгүй тэдний дунд шүүгч нар шалгаруулалтаа хийгээд л явж байдаг юм билээ.

-18 хоног үргэлжлэх явцын дунд шүүгчдын бүрэлдэхүүн ажиллаж байсан гэлээ. Ер нь өөрийгөө  амжилттай дээгүүр явж байгаагаа мэдэрч байсан уу? 
-Эхлээд очоод нилээн сандарсан л даа. Литан америк, европ, орос охидууд  сүрдмээр гоё. Тэдний дунд  Олон улсын тэмцээн уралдаанд  оролцсон, шагналтай мундаг охид олон  байсан. Бикини тэмцээн учраас бие нь маш гоё хөгжсөн, булчинлаг охид байсан. Тэгээд маргаашнаас нь буудлынхаа доод талын бассейнд явж биеэ хөгжүүлж эхэлсэн. Тэмцээн дуусахаас  гурав хоногийн өмнө оролцогч охид намайг түрүүлнэ гэж ярьж байгаа талаар манай өрөөний охин надад хэлсэн. Тэр үед би нэг л сайн итгэж өгөхгүй байсан ч надад боломж байгаа юм байна гэж бодсон. Ингээд феналд өөртөө маш итгэлтэй оролцож хоёрдугаар байранд орсондоо үнэхээр их баяртай байна.

 -Сүрдмээр сайхан охид байсан гэж хэллээ. Тэдгээр охидыг ардаа орхиод дэд байранд орсонд чинь үнэхээр их бахархаж байна. Шагнал гардаж авах мөчид төрсөн мэдрэмжээ хуваалцахгүй юу?


 -Надад маш сайхан байсан. Усан бассейн, фетнесст байнга хичээллэж байгаагүй  тэгшхэн бие хаатай төрүүлж, өсгөсөн ээж, эмээ хоёртой үнэхээр их баярлаж байсан. Мөн намайг байнга дэмжиж, туслаж байдаг найз залуудаа баярлаж байлаа. Та нартаа хайртай шүү.  
 Мөн шагнал авахад  “Монголиа” гэж  дуудахад  үнэхээр гоё байсан. Монголынхоо нэрийг харийн орны тайзан дээр дуудуулж байгаа нь  сайхан байсан. Намайг  энэ тэмцээнд оролцох саналыг тавьсан “Ариун гоо үжин” нийгэмлэгийн тэргүүн Хандаа эгчдээ, болон намайг дэмжиж, тусалж  байсан бүх хүмүүстээ баярлалаа гэдгээ хэлмээр байна.

- “Мисс Монголиа-2014”-ын зохион байгуулагч , шүүгчээр ажиллаж байгаа гэж сонсон. Энэ удаагийн тэмцээн ямар онцлогтой явагдах бол? 
-Би энэ удаагийн тэмцээний модель, бикини гэсэн хоёр төрлийг зохион байгуулж, шүүгчээр нь ажиллаж байгаа. Энэ удаагийн тэмцээн маань сая есдүгээр сард эхэлсэн.  Монгол Улсынхаа нэрийг дэлхийн  тавцанд гаргах охидыг бид хайж байгаа.

-Тэгэхээр Н.Ану цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Энэ ондоо багтаад Манжуурын мисс тэмцээнд оролцох урилга ирсэн. Гэхдээ одоогоор тов нь зарлагдаагүй.  Дараа жилээс гадагшаа явж, сурах зорилготой байгаа.

-Цаг заваа гаргаж бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашид хүсэл зорилгодоо тэмүүлж Дэлхийн сайн үйлсийн элч болохыг хүсье.
Баярлалаа.

М.Нандин