Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэгдээд байсан Г.Сарангэрэл ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хоригдож байгаа.

Тэрээр хар тамхины хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод байгаа юм. Г.Сарангэрэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” хэмээн цоллосон ч тэрээр Б.Борхүү хэмээх оюутан залуутай үерхдэг. Ингээд Г.Сарангэрэлийн найз залуу Б.Борхүүтэй ярилцлаа. Тэдний тухай сайнаасаа  илүү олон муу мэдээлэл хэвлэлээр гардаг учраас тэрээр зургаа авахуулахаас татгалзсан юм. 
 

Эцэг эх маань Г.Сарангэрэлийг хүлээн зөвшөөрдөггүй
 

-Хоёулаа ярилцлагаа Г.Сарангэрэлтэй хэрхэн яаж  танилцаснаас эхлэх үү? 
-Г.Сарангэрэл бид хоёрын учрал их сонин. Нэгнийгээ таньдаггүй хэрнээ таараад байдаг хүмүүс байдаг даа. Яг л тийм. Г.Сарангэрэлийн гэр нэгдүгээр хороолол, манай гэр гуравдугаар хороололд. Хол зайтай хэрнээ ямар нэгэн тохиолдлоор өдөр бүр таардаг байсан. Тэгээд  би өөрөө ч мэдэхгүй танихгүй охиныг таарахыг хүлээдэг болсон. Заримдаа бүр өглөө гэрээсээ гарахдаа өнөөдөр нөгөө охинтой таарах болов уу гэсэн бодолтой гардаг байлаа. Гэтэл нэг өдөр бид тааралдаагүй. Нэг мэдсэн чинь арван хоног таараагүй байсан. Өөрийн эрхгүй Г.Сарангэрэлийг танихгүй ч үгүйлдэг болсон. Ашгүй нэг өдөр гадуур явж байгаад Г.Сарангэрэлтэй таарсан. Тэгээд би шууд очоод  надад утасныхаа дугаарыг өгөөч гэж аваад  түүнээс хойш мессежээр харьцаж, уулзаж байгаад үерхсэн. Үерхсэнийхээ дараа Г.Сарангэрэлээс тааралддаг байсан тухайгаа асуухад Г.Сарангэрэл ч гэсэн надтай таарах бүртээ баярладаг байсан юм билээ. 

-Гоё тохиолдлоор танилцаж байжээ?
-Тийм шүү. Тааралдахаа больсон хэд хоногуудад Г.Сарангэрэл эмнэлэгт хэвтчихсэн байсан юм билээ. Ингээд бодохоор л үнэхээр сонин тохиолдол шүү. Сайхан дурсамж. Г.Сарангэрэлийн тухай бодох бүрт хайр минь улам их бадардаг. 

-Ял сонссоноос нь хойш Г.Сарангэрэлтэй уулзав уу. Юу гэж байна?
-Уулзсан. Юу ярьсан нь бид хоёрын нууц хэвээр үлдэг. 

-Г.Сарангэрэлийн аав ээжтэй уулзаж байна уу? 
-Уулздаг. Би нэг зүйлийн тухай их боддог юм. О.Дашбалбар агсны “Амьддаа бие биенээ хайрла” шүлэгт харанхуй нүх рүү нэгнээ бүү түлх гэж байдаг. Гэтэл өнөөгийн энэ нийгмийг харахад нийгмээрээ ганцхан гэр бүлийг шууд харанхуй нүх рүү түлхэж байна. Тэр Г.Сарангэрэл гэдэг хүний чинь ард аав, ээж ах дүү хамаатан садан байдаг юм. Тэднийг ч гэсэн шууд муу муухай харанхуй руу түлхэж байна. Аавыг нь архичин л гэх юм. Та нар тэр хүнийг хараагүй мэдэхгүй шүү дээ. Мэддэг байлаа ч тэр тухай сонин  хэвлэл, сэтгэгдлээр илэрхийлээд байх муухай санагддаг. Нийгэм тэр чигээрээ энэ гэр бүлийг нийгмээс гадуурхан түлхэж болно. Гэхдээ би биш. Хүмүүс Г.Сарангэрэлийг, Сарангэрэлийн гэр бүлийг харанхуй руу түлхэх тусам би хажууд нь байх ёстойгоо мэддэг. Бид хоёрын харьцаа өөрчлөгдөхгүй гэдэгт итгэдэг. Амьдрал гэдэг сонин ш дээ. Г.Сарангэрэлийн  эцэг эх үнэхээр сайн хүмүүс байдаг юмаа. Үхтэл үр харам гэгчээр охиныхоо төлөө амиа ч өгөхөөс буцахгүй хоёр хөгшин сэтгэл санаагаараа зовоод сууж байна. 

-Г.Сарангэрэлийн эцэг эх гэснээс өөрийн тань эцэг эх Г.Сарангэрэлийг хэрхэн хүлээж авч байна. Хэвлэлээр цацагдаж байгаа мэдээлэлд ихэд эмзэглэдэг байх? 
-Яг үнэндээ бол маш муугаар хүлээн авч байгаа. Надад тодорхой хэмжээний шахалт байдаг. Хүрээлж байгаа хүмүүс бид хоёрын харьцаанд дургүйцдэг. Нийгэм тэр чигээрээ Г.Сарангэрэл гэх охиныг ийм болгосон учраас эцэг эх маань дургүйцэж байна. Түүнээс биш энгийн нэг нэг нэгэндээ хайртай хосууд зөндөө байна. Тэдний нэг байсан бол миний эцэг эх хэзээ ч ингэж дургүйцэхгүй. Гэтэл нийгэм өөрөө Г.Сарангэрэл гэдэг охиныг хэн ч биш болгож хаясан. 

-Цаашид эцэг эх чинь дургүйцсээр байвал яах вэ? 
-Яг одоо тэр шахалтыг би давж байна, даваад л сууж байна. Найз нөхөд маань ч гэсэн сал гэж их хэлдэг юм. Миний найз нөхдийн хүрээ өргөн. Найзууд маань ч Г.Сарангэрэл бид хоёрын тухай мэддэг. Бид хоёр байнга л цуг байдаг байсан.   

-Мэдээж тодорхой хэмжээгээр та хоёрын харьцааг дэмжих хүмүүс бас байна биз дээ? 
-Ойлгох найз нөхөд тун бага байдаг юм байна. Нийгэмтэйгээ л адилхан ойлгож, хүлээн авч байна. 

-Та хоёрын харьцааг дургүйцдэг ч найз нөхдийн нөхөрлөлд ямар нэгэн асуудал гардаггүй биз? 
-Нөхөрлөлд сөрөг асуудал гардаггүй. Тэр хүмүүс надтай найзалсан болохоос биш Г.Сарангэрэлтэй найзлаагүй. Тэгэхээр найз нөхдийн харилцаа бол сайн хэвээрээ байдаг. 
 

Г.Сарангэрэл надаар өвчилсөн юм шиг мэдрэмжийг төрүүлдэг
 

-Анх хар тамхины хэргээр саатуулагдсаныг хэнээс сонссон бэ. Мэдээж цочролд орсон байх? 
-Хэрэгт холбогдохынх нь өмнөх орой Г.Сарангэрэл бид хоёр хамт байсан. Ер нь бид хоёр байнга хамт байдаг болохоор тэр орой найз нөхөдтэйгээ уулзмаар байна гэж асуусан. Хэчнээн надтай хамт байгаа ч гэсэн найз нөхөдтэйгээ уулзах хэрэгтэй ш дээ. Тиймээс за тэгээ найзуудтайгаа уулз гээд гаргасан. Г.Сарангэрэл хэчнээн оройтсон ч байнга утсаар хэлдэг. Гэтэл тэр орой ор сураггүй таг чиг алга болсон. Тэгээд би санаа зовоод гайхаад шөнөжин унтаж чадаагүй. Харин өглөө нь мөрдөн байцаах газраас залгаад хэрэгт холбогдсоныг  нь хэлсэн. Үнэхээр гайхаж цочролд орсон. 

-Тэгээд хэрэгт холбогдсоныг нь мэдээд очиж уулзсан уу? 
-Уулзсан.

-Юу гэж байх юм? 
-Г.Сарангэрэлтэй уулзахад нэлээн цочролд орсон байдалтай байсан. Надтай бараг юм яриагүй. Гэхдээ юунд ч битгий итгээрэй надад л итгээрэй гэж хэлсэн. Цагдаа сэргийлэх, хар тамхины хэрэгт холбогдсон болохоор тухайн үед би их бухимдалтай, юу ч ойлгоогүй. 

-Удаа ч гүй Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан гэж хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Энэ тухай өмнө нь сонсож байсан уу, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж уншсан уу? 
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж уншсан. Уншсаны дараа их юм бодогддог юм билээ. Гэхдээ гол нь Г.Сарангэрэлтэй уулзаж бүх зүйлийг сонсох ёстой гэдгээ л мэдэж байсан. Тэгээд эргэлтээр очиж уулзаад олон зүйлийн тухай асууж ярилцсан. Уулзсаны дараа эргэлзэж байсан бүх эргэлзээ арилж, зөвхөн Г.Сарангэрэлд итгэсэн. 

-Тэгэхээр уулзахаас өмнө магадгүй Х.Тэмүүжинтэй холбоотой байсан юм биз дээ гэх эргэлзээ төрсөн гэсэн үг үү? 
-Яг тэр үед  амьдрал дээрх Г.Сарангэрэл гэдэг хүнийг сонин сэтгүүлд бичигдээд байгаа Г.Сарангэрэлтэй  харьцуулж үзсэн. Ерөөсөө  нэг хүн болж буухгүй ондоо хүн яриад байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Амьдрал дээрх Г.Сарангэрэл гэдэг хүн ондоо хүн ш дээ. Надад нэг сонин мэдрэмжийг төрүүлдэг хүн байхгүй юу. Г.Сарангэрэл яг л надаар өвдсөн юм шиг санагддаг. Би түүний эм. Та ч гэсэн өвдвөл эм уудаг биздээ. Тэрэн шиг Г.Сарангэрэл надаар өвчилсөн. Би Г.Сарангэрэлийн эм юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. 

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тухай чамд юу гэж тайлбарлаж байсан бэ?
-Анхнаасаа тийм юм байхгүй. Нарийн ширийн асуудлыг  надад нууц болгож хэлж байсан л даа. Надад дарамт шахалт байна. Тиймээс Х.Тэмүүжин сайдтай холбоотой гэж хэлэхээс өөр аргагүй байна. Юу ч болж байсан чи надад итгээрэй гэж хэлж байсан. Тухайн үед Г.Сарангэрэл өөрөө бас их айсан байдалтай байсан. Мөн “Чамайг алдахаас айж байна. Чи намайг ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ” гэж байсан. Үнэндээ Г.Сарангэрэлийг би ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ дээ. 
 

Х.Тэмүүжинтэй холбоотой гэж ярихыг нь мэдэж байсан
 

-Тодорхой хэмжээгээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэддэг байх. Тэгээгүй бол тэдний тухай ийм мэдээлэл цацагдахгүй болов уу гэж бодож байна?
-Тэр бол амьдрал дээр байдаг л асуудал. Хэн нэгний төрсөн өдөр болж байна. Ямарч тохиолдлоор уулзсан байж болно. Ер нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан ч хамаагүй. Хүний өмнөх амьдрал гэдэгтэй гол нь биш. Г.Сарангэрэлийг хэн гэдгийг би мэднэ. Тиймээс тэднийг дотно харьцаатай байсан гэж боддоггүй. Надад тэр асуудал сонин биш. Тэр асуудалд би их уужуу байгаа. 

-Батлан даалтаар гарсныхаа дараа Г.Сарангэрэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой байсан, мөнгө авдаг байсан тухайгаа ярьсан. Тухайн үед ярилцлагыг сонсоод юу бодож байв. Ярилцлагын дараа өөрийг тань хүрээлж байгаа хүмүүс тантай яаж харьцаж байсан бэ? 
-Миний эргэн тойрны хүмүүс нийгэмтэй яг адилханаар хүлээж авсан. Маш сөргөөр. Г.Сарангэрэл бол хар тамхичин, шууд хэлэхэд биеэ үнэлэгч. Биеэ үнэлэгчтэй үерхдэг, одоо болиоч салаач гэж дарамталж байсан. Би Г.Сарангэрэлийг ярилцлага өгөх үед хамт байсан. Юу гэж хэлэхийг нь ч мэдэж байсан. Яагаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой гэж хэлснийг мэдэж байсан. Г.Сарангэрэл “Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой гэж хэлвэл хорихоос хурдан суллагдана” гэж хэлсэн.  

-Тэгэхээр тухайн үед ярилцлага өгөхөд хамт байсан гэсэн үг үү? 
-Хамт байсан. Юу ярихаа надад хэлсэн. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой гэж ярихаар боллоо гэж байсан.

-Тэгээд чи Хууль зүйн сайдтай холбоотой гэж ярихыг нь хүлээн зөвшөөрсөн юм уу? 
-Тийм. Гол нь Г.Сарангэрэлийг хорихоос хурдан гаргамаар байсан юм. Тэр муухай газар удаан байлгаж яах юм. 

-Хорихоос гаргахын тулд Г.Сарангэрэлийн нэр хүнд огт хамаагүй байсан гэж үү? 
-Ямар учраас Х.Тэмүүжинтэй холбоотой гэж ярих болсныг нь би мэдэж байгаа. Х.Тэмүүжин Г.Сарангэрэл хоёрын холбоогүйг би мэдэж байхад хангалттай биз дээ. Би нийгэмтэй адилхан хүлээж аваад салвал өнөөдөр хайртай, тэр хүнийг хайрладаг гээд яриад байх шаардлагагүй. Г.Сарангэрэл бид хоёрт “нандин”, аягүй гоё харилцаа, хайр байдаг. Хааяа муудаж сайндах үе байдаг ч тэр ч гоё. Магадгүй одоо өнгөрч байгаа цаг хугацаа Борхүү гэдэг хүн Г.Сарангэрэлд, Г.Сарангэрэл Борхүүд хэр их хайртай вэ гэдгийг шалгах өдөр хоногууд өнгөрч байна. 
 

Үйл явц Г.Сарангэрэл бид хоёрын оролцоогүйгээр өрнөж эхэлсэн
 

-Нөгөө талаасаа Г.Сарангэрэл нийгэмд нэр хүндээ унагаж байхаар ялаа эдлээд гараад ирвэл дээр байсан байж болох? 
-Нэг талаасаа тэгэж бодож байгаа ч энэ хэрэг санаанд оромгүйгээр шууд задарсан. Мөрдөн байцаалтын явцад Г.Сарангэрэлийг ярилцлага өгүүлээд л. Ерөөсөө л Г.Сарангэрэл бид хоёроос шууд хамааралгүйгээр үйл явдал өрнөж эхэлсэн. 

-Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Г.Сарангэрэлийг жирэмсэн гэх мэдээлэл цацагдсан?
-Тэр нь худлаа тэгж сенсацлах хэрэг байхгүй. Худлаа гээд хашгирмаар санагддаг. Худлаа гээд хашгирахаар бүгд сонсоод худлаа юм байна гэж хүлээж авдаг болоосой. Даанч манай монголчууд тэгэхгүй байх аа.

-Г.Сарангэрэл удахгүй суллагдана. Мэдээж аав, ээжтэйгээ уулзуулах байх. Цаашид яая гэж бодож байна? 
-Би яг л үнэн зөвөөр нь хэлнэ. Манай эцэг эх хоёр ухаантай хүмүүс байдаг. Ялангуяа миний эцэг эх хүүгийнхээ төлөө л санаа зовсондоо сал гэж байгаа. Г.Сарангэрэлийг нийгмээрээ муу муухайгаар ярьж байна. Тэгэхээр миний эцэг эх мэдээж боль, сал. ГСарангэрэлийн нэр хүндийг дагаад миний хүүгийн нэр хүнд унана. Миний хүү муу нэртэй болчихно гэсэндээ санаа зовоод хэлж байгаа юм.
 

Г.Сарангэрэл хорих ангид надгүйгээр хэцүү байгаа
 

-Чи Г.Сарангэрэлийг сайн мэддэгийнхээ хувьд тодорхойлооч? 
 -Хөөрхөн, хөгжилтэй, өөртэй итгэлтэй, эмэгтэй хүний  бардам зан байна. Гэхдээ хаана бардамнахаа мэддэг. Бид хоёр дотно харьцаатай учраас нэгнийгээ миний сайхан гэж дууддаг. Миний хувьд сайхан  гэнэн, ухаантай. Би тэр хүнээс хар юм олж хардаггүй. Би нэг удаа Г.Сарангэрэлд их гомдож байсан. Өнгөрсөн Валентинаар Г.Сарангэрэл өдөржингөө алга болчихсон. Утас нь ч холбогдохгүй. Валентины өдөр найз охин алга болно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Би боож үхэх гэж байсан. Гэтэл орой нь Г.Сарангэрэл надруу залгаад гэрт хүрээд ир гэсэн. Би ч гомдсон хүн үгүй, чадахгүй гэсээр байгаад л очсон. Яваад очтол надад зориулаад өдөржингөө шоколад хайлуулаад биеэр нь юм туурчихсан байсан. Г.Сарангэрэл чихрийн харшилтай л даа.  Ийм л сэтгэлтэй хүн шүү дээ. 

-Магадгүй Г.Сарангэрэл хорихоос суллагдаад өөрөөс чинь сэтгэл нь хувирвал яах уу?
-Тэр талаар би бодож байгаагүй юм байна. Хувирахгүй гэдэгт итгэдэг. Бид хоёр цуг байхад би Г.Сарангэрэлээс нэг юмыг аягүй их анзаарч хардаг. Г.Сарангэрэл яг л  надаар өвдчихсөн юм шиг. Намайг хажууд нь байхгүй болохоор өвчин нь хүндэрчихдэг гэмээр. Одоо бол хорих ангид надгүйгээр  үнэхээр хэцүү байгаа.  Би хажууд нь байх ёстой ч даанч болохгүй ш дээ. Надад эмзэглэдэг нэг зүйл байдаг.
 
-Юу тэр вэ? 

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарсан Г.Сарангэрэлийн тухай мэдээллийн сэтгэгдлүүд.  Хэдийгээр тоохгүй байя гэсэн бүгдийг  нь өөрийн мэдэлгүй сонирхоод уншчихдаг. Амьдралынхаа хэчнээн ч цагийн тэр сэтгэгдлүүдийг уншихад зориулж байна даа. Арай л хэтэрхий. Тэр хүний талаар  мэдэхгүй танихгүй байж өөрөө дүгнэлт хийгээд бичиж байна гээд бод л доо. Шууд муулаад л. 

-Энэ хүрээд ярилцлагаа дуусгая даа. Танд хэлэх юм байна уу? 
-Хайртдаа л хандаж дуусгая даа. Хэзээ ч хэнд маань ч юу ч тохиолдсон байлаа хамаагүй би үргэлж чинийх.