Маргааш буюу 9-р сарын 16-ны Мягмар гарагийн 15 цагт Чингис хааны талбайд "Эх орончдыг сулла!" цуглаан болох гэж байна.  “Эх орон, элгэн нутаг, унаган байгаль, уугуул газар шорооныхоо төлөө тэмцэж яваад шоронд орж хэлмэгдсэн эр зоригт тэмцэгч Ц.Мөнхбаяр тэргүүтнийг дэмжин дээдлэгч бүхэн хуран цуглагтун” хэмээн  Ц.Мөнхбаярыг дэмжигчид мэдэгдэл гаргаад байна.  

Хэргийг эргэн сануулахад, урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын таван хүн Төрийн ордны хашаанд  буун дуу гаргасан хэрэгт холбогдсон юм.  Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болсон. Хоёр өдрийн турш үргэлжилсэн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний 23:00 цагт шийдвэрээ гаргаж, тэдэнд 21 жил зургаан сарын хорих ял оноож байсан. Харин давж заалдах шатны шүүхээр Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар нарт Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлсэн бол  Ж.Ганболдод уг зүйл ангид зааснаар ял шийтгэснийг хэрэгсэхгүй болгосон юм.