Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг шалгаруулах үндэсний тэмцээн бүтэн сар гаруй хугацаанд зохион байгуулагдаж өчигдөр ялагчаа тодруулсан бөгөөд Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналт, Шилмэл загвар агентлагын багш Төрбатын Батцэцэг үндэсний ялагчаар тодорлоо.

   Анх 1951 оноос эхлэн хүн төрөлхтний эв найрамдлыг билэгдэн Англи улсад зохион байгуулагдаж эдүгээ 63 дахь удаагаа зохиогдох гэж буй олон улсын хэмжээний томоохон тэмцээнд манай улс 2005 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд энэ жил Английн нийслэл Лондон хотын “EXCEL LONDON” төвд ирэх 11-р сард зохион байгуулагдахаар товоо зарлаад байгаа юм. Ийнхүү “Дэлхийн Мисс-2014” тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсган тал нутгийн үзэсгэлэнг гайхуулахаар шалгарсан Төрбатын Батцэцэг нь 23 настай, 178 см өндөртэй, 54 жинтэй, 88-63-90 биеийн харьцаатай гоо үзэсгэлэн, авъяас билэгийн илэрхийлэл болсон бүсгүй юм. Ингээд үндэсний ялагчдаа нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, өндөр амжилт хүсье.