“АПУ компанийн борлуулалтын ажилтан сураггүй алга болоод найм хонож байна” гэсэн мэдээллийн дагуу эрэн сурвалжлага хийхэд уг залуу нь АПУ компанийн ажилтан бус харин "Ариун Алтан Тэвш" компанийн “ААТ- Бөөний дэлгүүр”-ийг түрээслэн ажиллуулдаг Б.Алтанхуяг гэх залуу бөгөөд энэ сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл сураггүй алга болоод байгаа юм байна. 

Цагдаа, Хүчний байгууллагынхан  эрж  хайх ажлыг эхлүүлэн, хэрэг үүсгэж ажиллаж байгаа тус хэргийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр худал, ташаа мэдээлэл явж байгаа талаар тус дэлгүүрийн эзэн, алга болсон залуугийн үеэл дүү зэргээс яриа авч сурвалжлага бэлтгэх хүргэж байна.

 

 

 

"Ариун Алтан Тэвш" компанийн захирал н. Цээсүрэн:

- Манай дэлгүүрийн түрээслэн ажиллуулдаг Алтанхуяг гэдэг залуу маань 9 сарын 15-наас хойш алга болоод бид хэд хуулийн байгууллагуудтай хамтран чадах ядхаараа эрж сураад өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Тэгээд ийм хүнд хэцүү үед минь хэвлэл мэдээллээр худал, буруу мэдээлэл цацагдаж байгаад маш их харамсаж байна. Манай "Ариун Алтан Тэвш" компанийн “ААТ- Бөөний дэлгүүр” нь дотоодын бүхий л үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэдэг хүнсний бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр зарж борлуулан, түгээлтийн үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр юм.

 

 

 

Б.Алтанхуягийн үеэл дүү Б. Бат-Эрдэнэ:

- Надруу нэг хүн өөрийгөө “Хүний эрхийн байгууллагаас ярьж байна, танай алга болсон хүнийг чинь олоход туслая, бид нар өмнө нь алга болсон хүмүүсийг олж байсан туршлагатай хүмүүс байна” гэж ярьсан. Тэгэхэд нь бид нар энэ хүнд хэцүү үед минь наашаа харсан хүн бас байдаг л юм байна гэж үнэхээр баярлаж хөөрөөд тэр өдөр ахынхаа өмсөж явсан хувцас, унаж явсан машин, хэзээ алга болсон ямар хувцас хунартай явсан гээд бүхий л мэдээллийг өгсөн. Гэтэл өнөөдрийн буюу 9 сарын 23-ны өдрийн Өдрийн сонингоор маш худал ташаа мэдээлэл болон цацагдаж бид нарын зовлонгоор үнэндээ Шоудаж байгаад туйлаас харамсаж байна. Энд өнөөдөр нэг хүн амьд үгүй нь мэдэгдэхгүй алга болчоод байхад хэвлэл мэдээллийн зарим байгууллагууд зөвхөн нэг компани руу хандсан, тэр хандлага, ярилцлагыг нь намайг өгсөн мэтээр нэр усыг минь ашиглан бичиж байгаад нээрээ харамсаад хэлэх ч үг олдохгүй байна.