Өнөөдөр  Төрийн бйагуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийсэн юм.  

Эдгээр хууль тогтоомжийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан ч УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлыг дахин ярилцах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр түр завсарлага аваад байсан юм. Гэхдээ тус намын бүлэг асуудлаа нягталж дууссан тул Байнгын хороо үдээс хойш үргэлжлэн хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм.

Улмаар  зарчмын зөрүүтэй асуудлуудаар санал хураасан юм. Тодруулбал хоёр удаа санал хурааж ССАЖЯ-ыг бусад яамдтай нэгтгэх,  Дэд бүтцийн хөгжлийн яам гэсэн төслийн нэрийг өөрчилж Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам гэж өөрчлөх санал дэмжигдлээ.

 Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн төслийн нэрийг өөрчилж Гадаад харилцаа, эздийн засгийн хамтын ажиллагааны сайд гэж өөрчлөх санал дэмжигдсэн. Мөн . "Тэргүүн шадар сайд" гэсэн бүтцийг төслөөс хасах санал дэмжигдлээ.

Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Энхболд: “Ерөнхий сайдын өргөн барьсан ЗГ-ын бүтцийн төслийг илүү цомхон болгомоор байна. МАН-ын бүлэг хэлэлцээд ССАЖЯ-ны ажлын үүрэг функцыг яамдуудад өгөөд ажиллуулах бүрэн боломжтой гэж үзсэн.
Өмнөх ажлын туршлага байгаа тул бүтцээ эргэн харж энэ саналыг хүлээн авна гэдэгт найдаж байна” гэж байр сууриа хэлсэн юм.  

Яг одоо Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн талаар бид эргэн мэдээлэх болно.