tusgai-ajillagaaАавынхаа шийрийг хатааж, уран бүтээлээрээ “хашгирч” яваа залуу найруулагч Д.Галбаяр инээдмийн кинонд мэргэшиж яваа цор ганц найруулагч гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй байх.

Хошин урлагийн анхдагчдын нэг, Монголын ард түмний хайртай жүжигчин Г.Дашхүү агсны хүү тэрээр ээлжит уран бүтээлээ үзэгч олондоо бэлэг барихад бэлэн болжээ. “Go adventure” студийн захирал Д.Галбаяр “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав″ зэрэг олон сайхан инээдмийн уран бүтээлээ үзэгч түмэндээ хүргэсэн бөгөөд түүний ээлжит бүтээл “Тусгай ажиллагаа” инээдмийн уран сайхны кино тун удахгүй та бүхэнд хүрэх гэж байгаа. Хошин шогийн өндөр мэдрэмжтэй гэгддэг найруулагч  Д.Галбаярын энэхүү уран бүтээлд  “Маск” продакшны жүжигчин  МУСТА М.Баярмагнай, СТА Т.Хулан, С.Баттулга, Э.Гантулга, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Э.Мөнхтөр, Э.Батхүү, Ардын жүжигчин С.Сарантуяа, А.Болорсүх зэрэг уран бүтээлчид тогложээ.

“Уйлсан нь уран бүтээл болдог, инээсэн нь уран бүтээл биш байдаг гэсэн теорем байхгүй” хэмээн итгэл дүүрэн хэлж байсан залуу найруулагчийн энэхүү инээдмийн кино 10 сарын 15-наас кино театруудаар гарч эхэлнэ. Харин тун удахгүй “Тусгай ажиллагаа” уран бүтээл бүтсэн түүх нэвтрүүлэг гарах бөгөөд урьд урьдийн нэвтрүүлэгүүдээс өвөрмөц, сонирхолтой шийдлээр та бүхэнд хүрэх бололтой. Тэрээр залуу жүжигчид болох Э.Мөнхтөр, Ө.Мөнх-Эрдэн нар тус нэвтрүүлэгийн трейлэрийг хошигносон маягаар хийжээ. Ингээд Мөөжгөөгийн хошигнол болох уран бүтээл төрөх агшинд нэвтрүүлгийн трейлэрийг хүргэж байна. Хэсэг инээдийг мэдрээрэй.