Тоолбол нас чацуу , төөлбөл бие чацуу У.Хүрэлсүх, с.Баярцогт гэх улстөрч хоёр сайхан залууг монголчууд даяараа андахгүй. Хэн хэн нь МАН, АН-ынхаа ирээдүйтэй залуу улстөрчдийн тоонд орж, УИХ-д хүртэл хэдэнтээ сонгогдсон.

Энэ хоёрыг харин хэн нь илүү ёс зүйтэй, ичих булчирхайтай вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй, анзаараагүй байж магадгүй. У.Хүрэлсүх нь МАН-ын лидер, залуучуудынх нь туг нь. Тэр 2012 оны УИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтаар УИХ-д тангараг өргөсөн ч өөртөө ёс зүйн хариуцлага оноож, эрхэм гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж дараагийн хүнд зайгаа тавьж өгсөн.

Нэгэн цагт МАХН-ын нэрийг сольж МАН болгосныхоо төлөө сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагаа даана хэмээсэн мэдэгдэлдээ эзэн болсон нь энэ. Харин АН-ын лидер, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтын Швейцарь дахь нууц данс нь илэрч, Сангийн сайд байхдаа Оюутолгойгоос авилга авсан гэх хардлагын хайнааг өнөөдрийг хүртэл хагалаагүй нам дарж, сэт хуйвалдсаар УИХ-ын гишүүний өндөр сэнтийдээ заларсан хэвээр байгаа. 

Нууц данс илэрч, ард түмнээ хууран мэхэлсэнтэй нь харьцуулбал АН-аас түүнд оноосон дэд даргаас нь огцруулсан шийтгэл нь улстөрчийн хувьд толгойг нь илээд үнсэнтэй адилхан. Ёс суртахууны хувьд ч энэ бол хариуцлага хүлээсэн явдал биш билээ. Тиймээс энэ хоёр улстөрчийн хэн нь илүү ёс зүйтэй гэж та бодож байна.