Говь-Алтай аймгийн Бугат сум.Нийслэл хотоос 1200 км зайтай оршдог, 68 жилийн түүхтэй Монгол улсын захын сумдын нэг.Энэ л нутгаас “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд нэгэн залуу шалгаран өрсөлдөж байна. Сумын ИТХ-ын төлөөлөгч, багийн засаг дарга М.Улсбат хүнсний инженер технологич мэргэжилтэй, сум орны хөгжлийн шийдэлд шинэ санаагаа дэвшүүлж төсөлд орж ирсэн. 

- “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн III шат хүртэл амжилттай явж ирлээ. Сэтгэгдэлийг тань сонсмоор байна?

- Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн шилдэг залуустай амьдрал болон ажил мэргэжил гээд олон талаар харилцан туршлага солилцож, суралцаж байна. Хувь хүний мэдлэг боловсролын тухайд ч гэсэн шинэ соргог сонин содон олон сайхан зүйлд сурч боловсорч явна даа.

- Төсөлд орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх тухай шийдэл боловсруулж орж ирсэн. Тулгамдсан асуудал нь юу байна вэ?

- Олон асуудал бий. Зөвхөн өөрийн амьдарч ажиллаж буй суман дээрээ ярья л даа. Манай сум дэд бүтэц хөгжөөгүй учраас орон нутгийн хөгжил бүх талаараа асуудалтай. Монгол улсын хэмжээнд гурван тоггүй сум байдгийн нэг нь манайх. Энэ асуудлыг шийдэх түвшинд байнга ляригддаг боловч төсөв санхүүгийн асуудлаас болж өнөөдрийг хүртэл тоггүй амьдарч байна даа. Мэдээж тоггүй сумын зовлон, асуудал дуусахгүй шүү дээ.

- Тоггүй сумын багийн засаг дарга төслийн тухай мэдээллийг хэрхэн яаж авав?

-Манайх сэргээгдэх эрчим хүчтэй ч элэгдэлд орж жаахан үүл гарахад л тоггүй болдог. Ямарсайндаа“Малгайн чинээ үүл гарахад манай сум тоггүй”, “Бугат суманд бууз, цуйван хийж болдоггүй” гэх мэт хошин яриа бий. Төслийн тухай анх зурагтаар үзээд цаг үеэ олсон ажил байна гэж бодсон. Тэгээд төслийн тухай мэдээллийг сумын залуустаа танилцуулж оролцохыг уриалсан. Дараа нь эсээ хүлээж авах хугацаа нь дуусах үед гэнэт шийдээд өөрийн эсээгээ илгээсэн. Тухайн үедээ нилээн адал явдалтай тулгарч байж явуулсан даа. Дараа нь та дараагийн шатанд тэнцлээ гээд ярихад аймаар баярласан. Бүүр өөртөө итгэхгүй байсан. Харин төслийн багаас залгаж албан ёсны мэдээлэл өгөхөд итгэсэн.

- Хотод ирэхэд ямар байв. Мэдээллээс их хоцордог байх л даа?

- Төслийн ажлын хүрээнд хотод ирээд бусад оролцогчидтой ярилцаад мэдээллээс маш их хоцорсон гэдгээ мэдэрсэн. Ялангуяа цахим ертөнцийн хэрэглээнээс хол хаягджээ. /инээв/

-Багийн гишүүд нь тогггүй сумын тухай сонирхож байна уу?

-Одоо тийм газар байдаг юмуу гээд гайхаад мэдээлэл яаж авсан, эсээгээ яаж явуулсан гээд л яг тань шиг шалгааж байлаа. Монгол улсын хэмжээнд тог цахилгаан яригдаж эхлээгүй байх 1997-1998 оны үед манай суманд энэ тухай анх яригдаж байсан. Түүнээс хойш яригдсаар байгаад 2004 онд Германы хөрөнгө оруулалтаар 370 сая орчим төгрөгөөр Түлш Эрчим Хүчний Яамнаас гурван салхин сэнс тавьсан.Тухайн үед тогтой болсон ч төд удалгүй сэнс нь эвдэрсэн. Хамгийн эхэнд тогтой болох асуудлыг ярьж эхэлсэн ч хамгийн сүүлд тогтой болох бололтой. Өнөөдөр ч эдийн засгийн байдал хүндэрчихлээ. Ахиад хэдэн жил тоггүй байх бол гэж боддог.

- Сумын иргэдийн амьдралыг бусадтай харьцуулахад … ?

- Шууд хэлэхэд сумын хөгжил хойшоо суусан. Бусад сумад 90 жилийн ойгоо тэмдэглэж байхад манайх 70 жилийн ойгоо удахгүй хийх гэж байна. Өөрөөр хэлбэл 20 жилийн хөгжилөөр хоцорчээ. Манай сумаас төрсөн алдартнууд олон бий. Пунцагийн Жасрай гуайгаас эхлээд бид бахархах түүхтэй түмэн дээ, уг нь. .

- Өнөөдөр танай сумаас УИХ-д ямар хүн сонгогдсон байгаа вэ?

-Ц.Дашдорж гишүүн.

- Хотод байх хугацаандаа орон нутгаас сонгогдсон гишүүдтэй уулзаж сум орон нутгийн нөхцөл байдлаа танилцуулах бодол байна уу?

- Тэгнэ. Ажлын боломж нөхцөлийг харж байгаад гишүүдтэй уулзана гэж бодож байгаа.

- Өөрийн сумын ирээдүйг хэрхэн хардаг вэ?

- Сумын хөгжлийн гол тулгуур зүйл нь дэд бүтэц. Тийм болохоор энэ асуудлыг нэн түрүүнд шийдэх шаардлагатай. Тэгснээр үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжиж, тасралтгүй явагдах боломж бүрдэнэ. Орон нутагт бүсчилсэн хөтөлбөрийг мөрддөггүй. Хувь хувьдаа талхаа үйлдвэрлэж, эсгий гуталаа хийсээр. Манай сумын 2000 хүн амтай, өдөрт 20 гаруй талх л зарагддаг. Тэгэхээр хүн бүр талхны цехтэй байж болохгүй нь. Тиймээс бүсчилсэн хөтөлбөрийг нарийн хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл чиглэл чиглэлээ түлхүү хөгжүүлж, худалдан авах зах зээлийг бүрдүүлэх хэрэгтэй юм.Манай сум Улаанбаатар хотоос алслагдсан болохоор зуны улиралд хүнсний бүтээгдхүүний тээвэрлэлт хүндрэлтэй. Тэгэхээр хөдөө орон нутаг, сумдад хийх, өөрчлөх, хөгжүүлэх олон асуудал байгаа нь харагдаж байгаа юм.

-Хасалт эхэлчихлээ. Сэтгэлзүй ямар байна?

-Нэгэнт уралдаан тэмцээн хойно чадвартай, шилдэг нь үлдэх л болно. Миний хувьд бэлтгэлтэй байгаа, оролцоно гэж зориг гаргасан, өнөөдрийг хүртэл шилдэгт багтаад явж байгаадаа баяртай байна.

- Бусад оролцогч нартайгаа хэр ойлголцож байна?

- Сар гаруй байнга хамт байгаа болохоор их дотноссон. Харилцан бие биедээ туршлага хуваалцаж, залуус хамтдаа хөгжиж суралцаж яваа. “Танилтай хүн талын чинээ” гэдэг дээ. Олон сайхан хүнтэй уулзаж учирч танилцлаа.

Төсөлд оролцохоор ирэхдээ ард үлдсэн ажил амьдралаа хэрхэн зохицуулсан бэ?

- Нэгэнт зорьсон зорилгодоо хүрэх гэж зүтгэж яваа болохоор бүгдийг нь зохицуулахыг хичээсэн. Ажлаасаа чөлөө авсан, хурлын алба намайг сайн мэдэж байгаа. Суманд хүүхэд төрсөн ч, хүн үхсэн ч багийн засаг заргын гарын үсэг, тодорхойлолт хэрэгтэй болдог болохоор нилээн хэдэн тодорхойлолтын хуудас бэлдэж, гарын үсгээ зурж тамга дарчихаад ирсэн. Одоо бараг дуусч байгаа байхаа.

- Гэр бүлийнхэн нь ямар сэтгэгдэлтэй үлдсэн?

- Миний хувьд эмээ өвөөтэйгөө өссөн, галын зээ. Эмээ маань бурхан болсон. Өвөө ганцаараа үлдсэн ч бие нь чилээрхээд араас ирсэн. Эмнэлэгээр явж байна. Удахгүй буцах байх.

- Чиний хувьд төслийн аль шат хүртэл явна гэсэн бодолтой байна?

- Төслийн шилдэг 90-д үлдэж удирдлагын чиглэлээр явагдах хичээлүүдэд хамрагдах юмсан гэж бодож байсан. Тоггүй, цахим орчингүй, зөвхөн зурагтаас мэдээлэл авна гэдэг хангалтгүй байдаг тул чих дүлийрсэнтэй ялгаагүй болчихож. Ганц нэг хэвлэл, сонин сэтгүүл захиалдаг ч гэлээ хангалтгүй. Ямар ч байсан өөрийн тавьсан зорилго хүртлээ явлаа, өнөөдөр шилдэг 90 оролцогчийн нэг болж чадсандаа сэтгэл хангалуун байгаа.

- “Мөрөөдөл 2040” дээр шүлэг уншсан билүү?

-Тэр өдөр машин явдаггүй өдөр байсан болохоор Удирдлагын академи руу алхсан. Их сургуулиа төгссөнөөс хойш Зайсан орчмоор очоогүй,барилга байгууламж олноор баригдаж ямар гоё болж өөрчлөгдсөнийг гэнэт анзаарсан. Тэр дундаас өөрийн мөрөөдлөө олж харж шүлгийн санаа буусан.

- Өрсөдлөгч нарын тухайд ямар байр суурьтай байгаа вэ?

- Бүгд шилдэг залуус. Бид хоорондоо олон зүйлийг харилцан суралцаж, туршлагаа хуваалцаж байгаа нь сайхан санагдаж байгаа. Гэхдээ мэдээж өрсөлдөөн ширүүн явагдаж байгааг нуухгүй ээ. Нэгэнт 30 нь шалгарч цааш явах тул бид хэн хэн нь зорилгынхоо төлөө хичээж байна.

- Хотод үлдээд амьдармаар санагдаж байна уу?

-Хэрвээ тийм хүсэл байсан бол их сургуулиа төгсөөд энэ үлдэх байсан. Төрсөн нутаг усаа хайрладаг хүн бүр өөрийн өсөж төрсөн сум орон нутгаа хөгжүүлье гэж боддог байх. Би сумын хөгжлийг бага гэж боддоггүй. Далайд дусал нэмэр гэдэгчлэн сумын хөгжил улс орны хөгжилд том хувь нэмэр оруулдаг гэж ойлгодог. Би өөрийн амьдрал, ажил, сумандаа үнэхээр хайртай.

- Хотоос буцахдаа юу зэхэж аваад явна гэж бодож байна?

- Ном унших дуртай. Тийм болохоор одоо суралцаж байгаа удирдлагын чиглэлийн номоо түлхүү худалдаж авна даа.

- Магадгүй үндэсний ялагчаар тодроод АНУ-д суралцах болвол яах вэ?

- Тэгвэл ажлаа хүлээлгэж өгөх байх даа. Дараагийн засаг даргыг сонгох үйл ажиллагаа зохион байгуулагдана.

- Амжилт хүсье.