“С1” телевизийн “Шоубиз” нэвтрүүлгээр олонд танигдсан жүжигчин Б.Анхбаяр олон талын авьяастай, дэндүү гэмээр адтай нөхөр гэлцдэг. Хоёр ч уран сайхны кино хийгээд амжсан тэрбээр шоу нэвтрүүлэг хөтлөн, рекламд сурталчилгаанд тоглохын сацуу хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшинд харьяалагддаг.

Эрээ цээргүй гэмээр этгээд хошин яриа, аманцар байдал нь түүний имиж болдог бөгөөд олны танил охид бүсгүйчүүдтэй хамт энд тэнд зургаа даруулахдаа тун ч сурамгай юм билээ. Харин хувийн амьдралынхаа талаар тэр бүр олонд дэлгээд байдаггүй хөтлөгч залуу маань өнгөрсөн жилээс эхлэн жүжигчин Э.Мишээлтэй үерхэж буй нь тодорхой болсон.

Өөрөөсөө арван насаар дүүмэд найз бүсгүйгээ ихэд халамжлах дуртай түүний романтик болзооны талаархи мэдээлэл олонд хүрээд удалгүй замхарчээ. Яагаад гэвэл, мань эр өнгөрсөн намар “NB & Sally” шоу нэвтрүүлэгт оролцох үедээ “Надад найз бүсгүй байхгүй. Би ганцаараа хүн” гэж хээвнэг хэлж суухыг нь хараад цөөнгүй хүмүүс гайхсан.

Сүүлийн үед гарч буй нэлээд хэдэн киноны гол дүрд тоглосон царайлаг жүжигчин бүсгүй Э.Мишээл чухам юуны учир ийнхүү “жийгдсэн” нь одоогоор тодорхойгүй байгаа. Гэхдээ түүнийг энэ байтугай эрчүүд болзоонд урьж, үерхэх санал тавьдаг болохоор Б.Анхбаяраас илүү нэгэнтэй нь ойртож дотносох байлгүй гэж найз нөхөд нь ярьдаг юм билээ. Юутай ч, олны танил жүжигчин хосын романтик болзоо хэдхэн сарын настай байжээ.

Б.Содон