Дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалан үүсэх гамшиг, онцгой байдлын тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж буйн улмаас олон сая хүн хохирч, амь насаа алдаж, улс үндэстнүүд эдийн засгийн хувьд олон тэрбум долларын алдагдал хүлээж байна. Дайн, иргэний бослого үймээн, гамшиг, онцгой байдлын аль ч үед хот, хөдөөгийн аль ч нөхцөлд хүүхэд дотооддоо шилжин суурьшсан, дүрвэсэн аль нь ч бай хүчирхийлэл дарамтанд өртөх магадлал маш өндөр болдог. 

Гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хэрхэн хамгаалах вэ? Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог хэрхэн хангах вэ? 
Японы Хүүхдийг Ивээх Сан, Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь 2014 оны 11-р сараас 2015 оны 12 сар дуустал хугацаанд Солонгосын Хүүхдийг Ивээх Сангийн санхүүжилтээр хэрэгжих юм. 
Хүүхдийг Ивээх Сан нь Монгол улсад 20 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг явуулж Улаанбаатар хот, Дорнод, Архангай, Өвөрхангай аймаг дах салбарууд, Боловсрол, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдээрээ дамжуулан хүүхдийн амьдралд тогтвортой эерэг өөрчлөлт оруулахын төлөө эрмэлзэн ажиллаж байна.
Тус төслийг Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхдээ гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, гамшиг, онцгой байдлын өмнөх болон дараах үед хүүхэд хамгааллын чадавхийг үндэсний болон орон нутгийн түвшинд сайжруулах тал дээр анхааран ажиллана. 
Энэхүү төсөлд хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдаж, хүүхдүүд гамшгаас урьдчилан сэргийлэх, өөрсдийн сургуулийн орчинд эрсдэлийн үнэлгээг хийж сурах, үе тэнгийн сургагч багшаар бэлтгэгдэх юм. 
Төсөлд хамрагдах байгууллагуудад Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулан тодотгох, ажилтан, албан хаагчдад аврах ажиллагааны дадлага олгох сургуулилтыг зохион байгуулах, гамшгаас хамгаалах хууль тогтоомжинд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлыг тусгах тал дээр анхааран ажиллах юм. Мөн гамшиг, аюул ослын тухай олон нийтийн ойлголтыг сайжруулахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар мэдээлэл, сурталчилгаа бэлдэн олон нийтэд хүргэх зорилготой.

Төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо” танхимд 2014 оны 12-р сарын 4-ний өдөр 14:00-15:00 цагт болно.