Их бүтээн байгуулалтын он жилүүд болох ирэх дөрвөн жилдээ МҮХАҮТ-ын үйл ажиллагааны цар хүрээ, үр өгөөжийг улам бүр нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах зорилгоор дөрвөн жил тутамд МҮХАҮТ ээлжит их хурлаа хийдэг.

МҮХАҮТ-ын тухай Монгол Улсын хуулийн 4-р зүйлийн 2.2, МҮХАҮТ-ын дүрмийн 6-р зүйлийн 6.1, 6.3-ийг тус тус үндэслэн МҮХАҮТ-ын Зөвлөлийн хурлын энэ оны аравдугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тогтоолын дагуу ээлжит XIX их хурал энэ оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 10.00 цагаас Соёлын Төв Өргөөнд хуралдана.

Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Тайлант хугацаанд МҮХАҮТ-аас хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
  • Хяналтын Зөвлөлийн тайлан
  • МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт
  • МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль /Удирдах зөвлөл, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл, Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч, гүйцэтгэх удирдлага/

МҮХАҮТ-ын дүрмийн 4.5.1-д заасны дагуу гишүүн нь Танхимын удирдах дээд байгууллагыг сонгох, сонгогдох эрхийнхээ хүрээнд дараах сонгуульд нэр дэвшүүлэх, дэвших эрхтэй.

Тухайлбал:

  • Танхимын Зөвлөл
  • Тэргүүлэгч гишүүн
  • Хяналтын зөвлөл
  • Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч /Chairman буюу бодлогын удирдлага/
  • Гүйцэтгэх удирдлага буюу CEO /Танхимын дарга, орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга/

Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч нь Танхимын үйл ажиллагааг бодлогын хувьд удирдан чиглүүлэх, Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх удирдлагад удирдамжаар зааварлах, зөвлөмж өгөх, Танхимаас төр, засаг, олон улсын болон төрийн бус байгууллагууд /ТББ/-тай бизнесийнхний эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар харилцах үндсэн чиг үүрэгтэй.

Танхимын дарга, орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар /хамтад нь гүйцэтгэх удирдлагын баг гэх/ нь Танхимын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Танхимын газар хэлтсүүд, гадаад, дотоод салбар нэгж, Арбитр, төсөл хөтөлбөрүүдийг нэгдсэн удирдлагаар хангах, Танхимын өмч хөрөнгө, санхүүгийн асуудлыг олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах эрх, үүрэг бүхий удирдлага юм.