2014 оны 12-р сарын 6-7-нд шилжих шөнө Монголын томоохон вэб сайтууд болох ugluu.mn, undesten.mn, baabar.mn  тэргүүтэй хэд хэдэн сайдууд кибер халдлагад өртлөө.

Үүний улмаас ugluu.mn, undesten.mn сайтууд 6 сарын мэдээлийн архиваа устгуулаад  дахин сэргээж байх үед өчигдөр орой  буюу 12 сарын 7-ны орой  зөвхөн  ugluu.mn сайтын серверт кибер халдагчид  дахин халдаж, бүх мэдээллийг устган, вэб сайтыг дахин сэргээх боломжгүй болгохоор дайрчээ.

www.ugluu.mn сайтын хувьд байгуулагдаад 2 жил болж байгаа  үндэсний хэмжээний томоохон сайтууддын нэг бөгөөд  өнгөрсөн  24 сарын хугацаанд нийт 50 гаруй мянган цахим мэдээллийн санг өөртөө агуулсан, өдөрт дунджаар 20-30 мянган  хэрэглэгчийн хандалттай,  www.alexa.com ранкаараа  Монголдоо 53-т байранд жагсдаг  Монголын томоохон сайтуудын нэг юм.

Тус сайт нь өнгөрсөн хугацаанд ямар нэгэн  эзэн, улс төрч,  хувь хүн,  албан байгууллагын хараат бусаар редакцийн бодлого, үйл ажиллагаагаа явуулж, иргэдийн чөлөөт индэр болж, тэдний дуу хоолойг  ямар нэгэн цензургүй олон нийтэд хүргэж,  улс  төрийн хүчнүүдийн болон засаг төрийн эрх баригчдын алдаатай бодлогод  баримттайгаар шүүмжлэлттэй хандаж ирсэн, энэ утгаараа Монголын цахим сайтуудын дунд өөрийн гэсэн оройн зайтай болсон  мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй  шилдэг  сайтуудын нэг билээ. Сүүлийн үед бид олон факт баримтуудыг дэлгэн нийтэлсэн нь   цөөнгүй хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, ийм үйлдэл захиалан  хийлгэхэд хүргэсэн бололтой.

Харамсалтай нь үнэний дуу хоолой болж, цахим уншигч, интернэт хэрэглэгчидэд бодит мэдээллийг хүргэн,  хурц, дайчин нийтлэлээр олны анхаарлыг татаж  байгаа Өглөө.мн сайтын “амыг нэгмөсөн  барих”-ыг хэсэг бүлэг хүмүүс  улайран,  үүндээ  кибер гэмт хэрэг үйлдэгчдийг ашиглажээ. Тэдний зүгээс Өглөө.мн сайтын сервер  рүү удаа дараа тодорхой зорилготойгоор халдан довтолсон бөгөөд кибер гэмт хэрэг үйлдэгчийн цаана  тэднийг  ийм үйлдэлд захиалан оруулж байгаа  хэвлэл мэдээллийн дуу хоолойг боомилох гэсэн  улс төрийн нам хүчин, хувь хүмүүсийн увайгүй, арчаагүй үйлдэл нуугдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Өглөө.мн сайтын зүгээс энэ бүхнийг илрүүлэн тогтоолгохоор ТЕГ-ийн Кибер аюулгүй байдлын газар, ЭЦГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд албан ёсоор хандлаа.

Монгол улсын Эрүүгийн хуулийн  226.1-д: “Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, мэдээллийн сүлжээг сүйтгэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”  гэж заасан хуулийн заалт  байдгийг үл анзааран захиалагчдын  хуурамч үгэнт итгэн цахим  гэмт хэрэгт хөтлөгдөж яваа чадварлаг залууст хандан хэлэх нь зүйтэй байх. Интернэт сүлжээний шилдэг мэргэжилтнүүд бүхнийг цаашид  энэ мэтийн увайгүй хүмүүсийн үгэнд итгэн  хууль бус, бусармаг  үйлдэлд  оролцохгүй гэдэгт бид итгэж байна.

Хууль хяналтын байгууллагын зүгээс  олж тогтооосн баримтад  үндэслэн үнэний дуу хоолой болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдах  захиалгыг өгсөн субьектуудыг бид олон нийтэд мэдээлэх болно.

Үнэний  дуу хоолой болсон сэтгүүлчийн үгийг энэ мэт үйлдэлээрээ мохооно гэж бодож байгаа бол “та бүхэн амжихгүй  шүү”  гэж кибер халдлага захиалагчидад хандан хэлье

 

www.ugluu.mn –ийн хамт олон