Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн танхимд ажиллах сайд нарын нэрсийг өргөн барьсан. Уг асуудлын нэг болох УИХ-ын гишүүн Д. Зоригтыг  Эрчим хүчний сайдад томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар дөнгөж сая хэлэлцлээ. УИХ-ын гишүүдийн хувьд Д.Зоригт гишүүнээс асуулт асуух бус  захиас хэлсээр байсан юм.  Улмаар гишүүд саналаа хэлсэн.  Санал хураалтаар гишүүдийн  93.2 хувь нь дэмсэн.  Ингээд Д.Зоригт Монгол улсын Эрчим хүчний сайд болсон юм.

Ингээд Эрчим хүчний сайд Д.Зоригтын намтарыг хүргэе. 

Д.Зоригт 1977 онд нийслэлийн 10 жилийн 41 дүгээр дунд сургууль, 1982 ондЗХУ-ын Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.

  Тэрээр 1982-1986 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Комплексимпорт” нэгдэлд мэргэжилтэн, 1986-1989 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдэлд орлогч дарга, 1989-1991 онд “Материалимпекс” нэгдлийн нэгдүгээр орлогч захирал,1991-1996 онд “Одод” ББХКомпанийн дэд захирал, 1996-1999 онд Төрийн өмчийн агентлагийн дарга, 1999-2000 онд Төрийн өмчийн хорооны дарга, 2000 – 2008 онд “Монгол шуудан” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан.

  Д.Зоригт 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар 2009-2011 онд Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, 2011-2012 онд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байв.

   Тэрээр 2013 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.

  Түүний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж 1999 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан, 2009 онд “Алтан гадас” одон, 2010 онд Төрийн хяналт шалгалтын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

Англи, орос хэлтэй.