Монгол цэргийн бүжигчид БНХАУ-д аялан тоглолт хийж байна. Өнгөрсөн лхагва гаригт Бээжин хот дахь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн театрт Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын айлчлан тоглолтын нээлт боллоо. Тус чуулгын уран бүтээлчид БНХАУ-д 1954 онд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны таван жилийн ойн арга хэмжээний хүрээнд аялан тоглож байсан бол яг 60 жилийн дараа ийнхүү уран бүтээлээ толилуулж байна. Манай цэргийн уран бүтээлчдийн энэ удаагийн айлчлан тоглолт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд, БНХАУ-ын дарга, БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн дарга Си Зиньпингийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дараахан болж байгаагаараа онцлог юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, дээд түвшний харилцан айлчлал, яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, хамтарсан хээрийн сургууль, цэргийн боловсролын солилцоо тогтмолжсон ба цэргийн соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа ийнхүү эрчимтэй өрнөж эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, БНХАУ дахь ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын атташе, бригадын генерал Б.Даваадорж, ЦДБЭЧ-ын дарга, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх нар, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Улс төрийн ерөнхий газрын орлогч дарга дэд адмирал Чэнь Сью, ХАЧА-ийн Дуу бүжгийн чуулгын дарга Чан Цяньи нар оролцлоо. Тоглолтын хөтөлбөрт монгол ардын болон цэрэг-эх орны сэдэвтэй бүтээлүүдээс гадна орчин үеийн болон дэлхийн сонгодог урлагийн дээжисийг багтаасан нь үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэж, Монголын соёл, урлагийн хүрсэн түвшинг өндөр хэмжээнд сурталчлан таниуллаа. Манай уран бүтээлчид Хятадын цэргийнхний дунд хамгийн их алдаршсан дуунуудыг ч хятад хэлээр чадварлагаар дуулж сонирхуулсан нь олны талархлыг хүлээв. Өнөөдөр буюу 12 дугаар сарын 11-ний өдөр ЦДБЭЧ-ийн уран бүтээлчид БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюаний удирддаг Цэргийн урлагийн Академид зочлох ба Бээжин, Шанхай хотод хийх аялчлан тоглолт энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ. Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, ялангуяа цэргийн соёл, урлагийн байгууллагуудын солилцоог өргөжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж ХАЧА-ийн Дуу бүжгийн чуулгын дарга Чан Цяньиг Батлан хамгаалах яамнаас  “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнасан байсныг энэ үеэр гардуулжээ.