“Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуутай МҮОНРТ-тэй холбоотой асуудлаар ярилцлаа. 

-МҮОНРТ-тэй холбоотой олон асуудал байсгээд л сөхөгдөх юм. Энэ ер нь юунаас болоод ингээд байдаг юм. Монгол телевиз үнэхээр болдоггүй газар уу. Эх үндэс нь юу юм бэ?

- Миний санаж байгаагаар арваад жилийн өмнө ОНРТВ-ийн тухай хуулийг УИХ өөрчлөн сайжруулах гэж хоёр хоног оромдоод тэр чигээр нь орхисон юм. Хамт олны төлөөллөөс өлсгөлөн зарлан байж, хэлэлцэхэд хүргэсэн юмдаг. Энэ хэлэлцүүлэг нь  зогссоноос хойш  одоог хүртэл тэр л нэмж өөрчлөе гэсэн хуультайгаа яваад байгаа. Энэ хуулиар бол МҮОНРТ-д цаашид хөгжил төлөвлөх бололцоогүй гэж би хардаг. Хууль нь телевиз, радио тогтвортой, хараат бусаар хөгжих бололцоог бүрэн хангаж чадаагүй юм. Арваад жил өнгөрлөө. МҮОНРТ-ийг жишиг байдлаар, хараат бус байдлыг хангаж хөгжүүлье гэвэл одоогийн хуулийг сайжруулах шаардлагатай. Суурь асуудал нь энэ. Хэл ам гараад байдаг нь энэ мэтээс авахуулаад олон ужиг бэрхшээл тасардаггүйд л байгаа биз

 

- Тэгээд хуулийн юу нь болохгүй байна гэсэн үг вэ?

-Нэгдүгээрт санхүүжилтийн баталгааг хуулиар хангаж, тодорхой болгож өгөх. Одоогийн хуулинд төсвийн дэмжлэг авч болно, хураамж дээр гол санхүүжилт түшиглэнэ, бас арилжаа хийж болно гэх мэт салаа утгатай, баталгаатай биш санхүүжилтийн саармаг нөхцөл заасан байдаг.  МҮОНРТ-ийг сул үлдвэр дээр нь аргацаах механизмтай хууль юм. Эхнээсээ бусдын зиндаатай олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй байх монголчуудын хувь зохиолыг гаргуунд нь орхисон мэт. Сайхан нэртэй, тааруухан байхад зохицох хууль гэмээр.

Нэг анхаарах зүйл нь МҮОНРТ-д тавих хөндлөнгийн хяналтыг хуулинд тодорхой, хэрэгжихүйц болгох хэрэгтэй. Бас нэг гох дэгээ, дарамт шинжтэй зүйл бол МҮОНТВ-ийн удирдах зөвлөлийг сонгох механизм нь төрийн гол институцүүдээс захиалгат байдлаар бүрдэж ирлээ. Энэ дүр зураг нь улс төрөөс тодорхой хэмжээгээр хараат байх нөхцөлийг хадгалсаар байгаа. Дөрөв дэх тээг бол анхнаасаа МҮОНТВ-ийг иж бүрдэл олон нийтийн хүчтэй телевиз буюу паблик тв гэж нэрлэдэг сонгодог бүтцийн хэмжээнд байхаар бодож төсөөлөөгүй. Байгаа нэвтрүүлэгээ амжуулахаас хэтрэхгүй байхаар үлдээсэн. Улаанбаатарт байршилтай, үндэсний хэмжээнд хүрэх гар хөлгүй, өөрийн дамжуулалтын дэд бүтэцгүй, техникийн төвгүй, зүгээр л нэг том продакшн маягийн бүтэцтэй байхаар болгожээ. Дээрх гол саадуудыг өөрчилж, цаашид нийгмийн нөхцөлөө дагаж өсөн хөгжиж байхаар эрх зүйн орчныг хуулиар баталгаажуулж өгөхгүй бол МҮОНРТ дэвшихгүй, энэ л байран дээрээ эргэцсээр “Олон нийтийн” гэх утга чанарыг эргэлзээнд оруулж мэднэ. Уул нь ОНРТВ-г бий болгож ирсэн улс орнуудын туршлагаас харвал тухайн Засгийн газар нь үе шаттай хамтын хөтөлбөр гаргаад хөгжилд нь хүргэж өгөөд Олон нийтэд шилжүүлдэг байж. Манайд бол төрөөс салгахын түүс л болсон, бусад хариуцлагыг тооцоогүй...

 

- Санхүүжилтийн хувьд бусад орнуудын олон нийтийн телевиз шиг хөгжүүлэхийн тулд яах ёстой юм бэ?

-Манайд холимог санхүүжилтээр явахаас өөр нөхцөлгүй. Үүнийг хуулинд тодорхой болгох ёстой. Улс орны ДНБ-ий өсөлт, инфляцитай уялдаатайгаар санхүүжилтийн хувь хэмжээг МҮОНРТВ хуулинд зааж өгөх. Олон нийтийн статус нь Үндэсний гэх утгыг илэрхийлж байх боломжтой. Иймээс Засгийн газар Үндэсний байгууллагыг санхүүжүүлэх, үүгээрээ хуулийн өмнө үүрэг хүлээсэн байхад л хангалттай. Одоо бодит байдал дээр бол Засгийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг байдлаа энэ байгууллагатай харилцах арга хэрэгсэл болгочихоод байгаа.

Холимог санхүүжилтийн өөр нэг бүрдэл хэсэг нь арилжаа. Сэтгүүлзүй, арилжаа хоёрыг заагласан механизмтай тийм санхүүжилтийн загвар, түүнд тохирсон бүтэц, арга. Үүний хэм хэмжээг хуулиар тогтооно. Одоо бол Үндэсний телевиз нь зах зээлийн нийгэм дотор арал шиг байдалтай, тэгсэн хирнээ бас үгүй ч юм шиг хоёрын хооронд байна. Уул нь Олон нийтийн телевизийн санхүүжих гол эх үүсвэр бол үзэгчдийн хураамж байдаг. Энэ нь Монголд хязгаарлагдмал. Цөөн хүнтэй, ядуу зах зээлтэй орны Төв телевиз, радиог Иргэдээс хураамжаа аваад амьдар гэж тулгах санаархалтай хууль байна гэдэг боломгүй зүйл. Британи, Японыг л ихэд дууриасан юм байх. Өөр ярих ч юм бий.

 

-Тэгвэл одоо хөгжих нь бүү хэл удирдлагууд нь хэл амаа ололцож ажиллаж чадахгүй байгаа биздээ?

- Харин тийм, тэглээ гэж хэвлэлээс л харлаа. Улс төрчдөөс баримжаатай шинэ дарга нар ээлжилж ирээд М.Наранбаатартай “тангаралцаад” байдаг юм болов уу. Удирдлагын баг бүрдэх биш дээрээс шахаад нөлөөлөөд байвал хөгжил ярих ч түвэгтэй, хийх ч амаргүй биз. Тийм юм болж байх шиг, ойрд нэг уулзаж асууя гээд чадахгүй л явна.

Үнэхээр муу хүн юм уу, муу ажилладаг юм уу гэхээс илүүгээр ОНРТ хөгжүүлэх боломж хязгаарлагдмал болохыг, гэхдээ би энд санхүүжилт голлож жишээ хэлсэнийг анзаармаар. Нөхцөл ийм байна. Ер нь бол ОНРТ-ийн хууль батлагдаж, төгс биш ч ОНРТ-тэй болсон нь ардчиллаар олдсон гол чухал зүйлийн нэг. Төрөөс олон нийтэд шилжих шилжилтийн үед энэ залуу хариуцлага үүрч янз бүрээр л хэлүүлж ирсэн ч Монгол улс ОНРТВ-тэй орон болж харагдаж чадах боллоо. Монголд ОНРТ-ийн сайжруулж болох загвар тогтоолоо, эхний үеэ давлаа. Гэхдээ цаашлан хөгжүүлэх тал дээр удаан байна, зовлон байдаг л биз. Уран бүтээл, бодлогын чанарын хувьд гинжин хэлхээ шиг зовлонгууд энд байгаа. Гэхдээ муугүй ажиллаж ирэв. М.Наранбаатар захирлын хувьд ОНРТ-ийг харин ч зарим нэг сонирхлуудаас хол байлгах гэж хирээрээ мачийсан гэмээр санагддаг. Одоо энэ байгууллагын нэр барьж, хамт олныг хагаралдуулах маягтай юм яваад байна. Ширээ сандлынхаа асуудалд жирийн хамт олныг хутгах хэрэггүй. Хоорондоо л тэр дарга хэрүүлээ хийж, учраа олох хэрэгтэй. 

 

-Захирал нь бусад удирдлагуудаа халлаа, солилоо гэх юм. Үндэсний ТВ дээр яг юу болоод байна? Хамт олон юу хүсээд байна?

- Саяхан томилогдож ирсэн шинэ дарга нараа бас халлаа гэсэн, хэвлэлээр харилцан мэтгэлцээд байгаа юм уу даа. Үндэсний телевизийг зарим хүн хэтэрхий “цус ойртсон”, гаднаасаа их босго өндөртэй, олигтой юм хийж чадахгүй байж гэх шүүмжлэл гардаг. Ийм дутагдал байхыг үгүйсгэхгүй. Тийм ч байгаа байх. Ер нь шинэ удирдлагууд очоод уддаггүй, сэтгүүлчид очоод идээшдэггүй гээд байдаг чинь Монгол телевизийн бас нэг дутагдал байж мэдэх юм.  МҮОНРТ-ийн хамт олон зарим удирдлагуудаа хүлээж авахгүй байгаа нь үнэн. Гэвч ялзарсан гэхээсээ илүү зүрх сэтгэлээ өгсөн хүмүүс энд голлодог. Бүтээлч сэтгэлгээтэй, ур чадвартай залуус ч цөөнгүй бий. Тэдний урам найдлага ингээд хэрүүлтэй байвал юу болох вэ.

Гэхдээ нэг л зүйл надад ажиглагддаг юм. Наранбаатарыг анх гарч ирэхэд л би саналаа хэлж л байсан. Энэ дотоод удирдлагаа либералчил. Эрх мэдлийг зөвхөн ерөнхий захирал гартаа төвлөрүүлээд байх нь зохисгүй байна. Энэ радиог хариуцсан, ТВ-ийг,  ММ агентлагийг хариуцсан салбарын дарга нар байна. Эд нартаа эрх мэдлийг нь өг. Захиран зарцуулалтыг нь өг, хяналтаа сайн тавь, ингэвэл үйлчилгээ хүмүүс рүүгээ илүү ойртоно шүү гэж хэлж байсан.

Нэг зүйл нэмж хэлэхэд болохгүй байна гэж үзвэл ер нь ажилтнаа халж солих нь Ерөнхий захирлын мэдэх л асуудал шүү дээ.  

 

-Үндэсний зөвлөл гэж 10 давсан тооны хүмүүс өндөр хангамж эдлээд ширээ суудал бөглөөд суудаг. Тэд тэгвэл юу хийдэг юм?

-Одоо манай радио, телевизийн “парламент” гээд 15 хүн бий. Тэд бодлого төлөвлөж, телевизийн хөгжлийн асуудлыг тохируулж байх үүрэгтэй. Өнгөрсөн долоо, найман жилд хөгжлийн олигтой шийдэл бий болсонгүй. Стратеги тодорхойгүй. Тэгэхээр энэ бүхэн чинь гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг ер нь дээд толгойноосоо, зогсонги нөхцөл байдлаасаа ч болж байна. Харин хангалттай юм уу, зохих ёстой жишиг нөхцөлийг нь төлөвлөж гаргаад Захиралуудаасаа үүнийгээ шахаж шаардаад, хамтраад урагшилж байх үүрэг хүлээсэн юм, уг нь. Гэтэл завсрын шинжтэй, боломжоо өргөсгөх нөхцөлгүй орчныг өөрчлөхгүй хараад суугаад байх шиг. МҮОНРТ-ийг илүү сайн ирээдүйтэй байлгах түлхүүр Наранбаатараас илүүгээр Үндэсний зөвлөлд бий. Үүрэг хүлээсэн захиралаа санал нийлсэн багтай ажиллуулаад боломжыг нь эхлээд хангаж байх ёстой.

 

-Сандал ширээний асуудал байхаас гадна уран бүтээлийн чанар сайн байж чадаж байна уу? 

- Өнгөрсөн жилүүдэд хэдэн цуврал кино, баримтат бүтээлүүд гарлаа. Байгаа дулимаг нөхцөлтэй нь харьцуулбал бас ч чамгүй зүтгэл юм. Чанаржуулах шаардлага мэдээж байгаа. Цаашид уран бүтээлийг чадавхжуулахын тулд юуны өмнө нөхцөл байдлыг сайжруулах ёстой. Одоо чинь өөр цаг үе, бид нар шиг сэтгэлээрээ субоотник хийгээд зүтгэдэг хүн ховордсон. Гэтэл энэ жил нөгөө Хүрэлбаатар төсвийг нь хас гэж хайраад, хүслээ гүйцээсэн байдаг. Материаллаг нөхцөл байдал сайжирч байж уран бүтээлийн чанар яригдана. Сайн нөхцөлтэй, боломжын цалинтай газарт боловсон хүчин олдоно, байгаа нөөц ч ашиглагдана. Ер нь МҮОНТ хэт томдоод, эсвэл жижигдээд байна уу гэдэг бол яаж бодсоноос, яаж харж байгаагаас л шалтгаална. Үүнээс ч жижиг байж болно. Хамгийн хямдханаар цөөн шуугиулсан ярилцлага хийчихдэг, хэдэн мэдээ гаргаж, тэднийгээ давтаж улиглах, бусдыг хуулбарлах төдий хөнгөн үйлдвэрлэлээр ядмаг яваад байж болно. Ингэвэл Үндэсний гэх нэр, тусгай статус ямар хэрэг байна, ТҮЦ-нээс ялгаагүй болж хоцорно. Гэтэл одоогийнхоос томсгож ч болно. Үнэхээр ОНТВ үндэсний хэмжээний хариуцлагаа хүлээж, үнэт зүйл тээж, агуулга үйлдвэрлэлийн бүхий л төрлийг хамардаг байя гэвэл илүү том байх хэрэгтэй. Тийм ч байдаг. Өдөртөө хийдэг нэвтрүүлэг гэж байхад, жилдээ гардаг ч бүтээл ч гэж бий. Бусад телевизэд төлөвлөлт нь ашиг сонирхолоос хамаардаг бол Үндэсний ТВ-д үүргээс хамаардаг. Ер нь Монголд ОНТВ ямаршуу цараатай байх ёстой юм бэ гэдгийг бид дахин үнэлгээ хийж үзэх хэрэгтэй байх аа. Үндэсний хэмжээний шаардлагыг илүү шуурхай хангаж ажиллая гэвэл хүмүүсийн бүтээмжийг өндөрсгөх хирнээ орон тоог зохимжтойгоор төлөвлөх явдал. ОНТВ-д сайн нэвтрүүлэг хийх бололцоо нь нөхцөл байдлаасаа болоод хязгаарлагдмал оршшиж байна. Олон хүн харагдаад байгаа хирнээ хийдэг нь цөөхөн байна. Хийдэг хэд нь цаг наргүй зүтгэнэ, хэсэг зүтгээд муужраад өгч байна. Тэгээд дахин босож ирээд зүтгэнэ, илжиг модон хударгандаа гэдэг шиг л..

 

-Тэгвэл хөгжүүлэх, өөрчлөх тухай ярих нь битгий хэл урьд байгаа зүйлээсээ ч татгалзаад эхэлж байгаа юм бишүү, жишээ нь санхүүжилтийг УИХ хаслаа.

-Монгол Улс ОНТВ-гүй байж болох уу. Балай яриаг хэн гаргаж, хэн өдөөж байна. Тэгвэл энэ оронд үндэсний, нийгмийн хариуцлагын өмнө хуулиар үүрэг хүлээх мэдээллийн хэрэгсэл нь хэн, хэнийх юм бэ. Ерөөс ийм бүтэц хэрэггүй болтолоо үхэжсэн улс уу Монгол маань. Монголчуудыг ингэж басамжлах шаардлага хэнд байна. Улс минь байхад түгээмэл эрх ашигаа сахих мэдээллийн бүтэц байж л таарна. Арилжааны эрх ашгаар тогтдог телевизүүдэд бүгдийг даатгах боломжгүй нь туршлагаар ноттой зүйл. Тэд бол боловсрол, соёл, үндэсний эрх ашиг, аюулгүй байдал... зэрэг олон зүйлд хууль ёсны үүрэг хүлээх албагүй, тийм дэглэм ч тогтоодоггүй. Харин тухайн улс үндэсний өмнө одоогоор бол “Олон нийтийн”  мэдээллийн хэрэгсэл үүрэг хүлээх субьект болдог. Тиймээс улс төрчдийн бус, намын бус харин Үндэсний өмнө ажиллаж, олон нийтдээ хүчинд тулгуурлах хэрэгсэл чухал гэдэг үзэл санаа сэтгүүлзүйд тогтсон нь улс үндэстнүүдэд бий болсон онцгой хэв маяг юм. Ийм бүтэцтэй байгаа нь ололт, тоталитор орнуудаас ялгарах бас нэгэн зэмсэгийн утга үүнд оршино. Зарим хүмүүс ОНТВ муу байна, хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэж байна. ОНТВ-ийг байлгах эсэх тухай гэнэн яриа байх ёсгүй, харин яаж арчилж тордож, зохих хэмжээнд хөгжүүлэхээ бодох учиртай. Гэтэл одоо байгаагаар бус байх ёстойгоор нь үнэ цэнийг ойлговол зүгээр. Түүнээс биш манай намыг, намайг ТВ-ээр гаргасангүй гээд урьд зайдагнаж байснаа мартаж, хуншгүй загнаж байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын үйлдэл ийм л ойворгон юм болов. Түүний санаархал явсаар манай төсвийг УИХ-ын гишүүдээр хасуулж дөнгөлөө. Улс орны талаар дулимаг ойлголттой гишүүдийн товчлуураас хамаардаг хувь заяатай ОНТВ байх боломжгүйг сануулсан дохио. Одоо “Өргөн нэвтрүүлгийн хууль”, “Долгионы хууль” гэх мэт суурь эрхзүйг бүрдэж байгаа тул манай хууль сайжрах цаг ирлээ, гишүүдийн ойлголт ядуу, хол хөндий байгаа. Бусад оронд үндэсний мэдээллийн тогтолцоо байж болдог харин Монголд байж болохгүй гэх цэвдэг харь үзэл нь үнэндээ, хөөрхий жижиг шалтгаантай юм. Цаад утгаараа иргэдэд эрх олгохоос урвах, үнэт зүйлийн талаар хэврэг үзэлтэй, яаж ч мэдэх хүмүүс ОНРТВ-г баалж байна. Одоо сүүлийн жилүүдэд  манай телевизд үүсээд байгаа нөхцөл нь бага цалинтай хангамж муутай яваад ирсэн ажилтнуудыг залхаах маягтай болоод байна. Хэмнэл нь удааширлаа. Тэдний урмыг асаах хүч дэмжлэг нэгэнт хэрэгтэй болжээ.

-Танд баярлалаа

О.Нар