“Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар нурж, “Шийдлийн” гэх сүржин нэртэй Засгийн газар байгуулаад авлаа. “Шинэчлэгчид”-ийн хувьд нурж унахаас ч өөр аргагүй байсан л даа. Юутай ч Ч.Сайханбилэг парламентад суудалтай бүх улстөрийн хүчинд найр тавьснаар сайдуудаа тодруулчихав.

Засгийн газарт орж ажиллахгүй хэмээн гүрийж байсан улстөрийн хүчин ч гуйлгасан дүр эсгэн яваад орчихлоо. Одоогийн байдлаар манай улстөрийн хүчнүүд сэг зэмэн дээр цугларсан махчин шувууд шиг албан тушаалын төлөөх дайн эхлүүлсэн нь хэний ч таалалд нийцэхгүй байна. Тэр тусмаа сонгуульд саналаа өгч оролцсон ард түмэн ихээхэн дургүй байгаа юм. Сүүлдээ сонгуульд аль нам эвсэл нь ялсан ялагдсан эсэх, сонгууль явуулаад чухам ямар хэрэг байгааг ч ойлгохоо болилоо.

 

      Арга ч үгүй Монгол Улсад Төрийн ажил ерөөсөө явахгүй байна. Албан тушаалын төлөөх тулаанаа ажил гэж ойлгосон нөхөд л төрийн толгойд сууж байгаа юм. Энэ бүх гацааг гаргах гэж уригдсан улстөрийн хүчнүүд ч гэсэн албан тушаалын төлөөх тулаанаар өдөр хоногийг өнгөрүүлж байгаад хэн ч харамсаж таарна.

 

     Одоо дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын сунгаа ид явагдаж, ёстой л улай дээр цугларсан шувууд шиг байна даа. Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газар огцроод нэг сар нэлээд гаруйн хугацаа болчихсон. Магадгүй энэ албан тушаалын төлөөх тулаан нь шинэ оны ч нүүрийг үзэж мэдэхээр байна. Эдийн засгийн болон нийгмийн байдал уруудчихсан энэ үед нам эвсэл ярьж халаа сэлгээ хийж байдаг цаг даанч биш санж. Ийнхүү албан тушаалын төлөөх дайн дуусч арав гаруй хүн баярлаж, нэг хэсэг гомдлын нулимстай энэхүү дэдүүдийн томилгоо дууссанаар шинэ он эхлэх болов уу. Ингээд дэдүүдийн араас явагдах томилгоо бол агентлаг газрын дарга нарын томилгоо, халаа сэлгээний ажил дуулдаж байх шиг. Өнөөх мэргэшсэн төрийн албан хаагч, төрийн албаны тухай хууль энэ тэр бол мартагдсан мэт.

 

     Эх сурвалжийн хэлж байгаагаар Шадар сайд МАН-аас томилогдсон учраас Шадар сайдын багцад байх агентлагийн дарга нарыг сольж халж магадгүй гэх. Тэгвэл Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар гэх мэт байгууллага зүй ёсоор багтана. Ингээд цаашлаад байвал хэлтсийн дарга нарын гэх томилгоо ч явагдаж мэднэ. Энэ байдлаас харвал томилгоо, халаа сэлгээ хийсээр байтал Улсын баяр ч үзэхээс буцахгүй нь.

 

      Нэгэнт л улстөрийн бичигдээгүй дүрэм болохоор Шадар сайдын багцад харъяалагдах агентлаг газрын дарга нарын шинэ томилгоо ирэхийг үгүйсгэх хэрэггүй. Яагаад гэвэл Шадар сайдад МАН-аас У.Хүрэлсүх сууж байгаа. Харин түүний харъяаны агентлаг газрын дарга нар АН-аас томилогдсон байгаа юм.

 

      Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Худалдан авах ажиллагааны газар гээд бүгд эрх баригч намаас удирдаж байгаа учраас тэр. Харин Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийн хувьд бол Н.Алтанхуягийг хамтарсан Засгийн газрын үед Тэргүүн шадар байх үед хууль бусаар ажлаасаа халагдаж, түүний оронд Тэргүүн шадарын найз Г.Энхтайван томилогдож байсан түүхтэй. Ийм учраас тэрээр гурван шатны шүүхээр явж ялалт байгуулснаар суудалдаа эргэж очсон билээ.

 

      Гэтэл 2012 оны сонгуулиар АН ялалт байгуулж Тэргүүн шадар сайд байсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноор Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг ажлаас нь ахин халж түүний оронд өөрийн найз Г.Энхтайваныгаа мөн л томилсон юм. Өнөөх л нам, анд нөхдийн харъяаллаар ийн халсан хэрэг. Гэсэн хэдий ч Г.Гантөмөр ахин шүүхээр зарга үүсгээд өөрийн талд шийдвэр гаргуулснаар өдгөө албаа хашиж байгаа билээ.

 

     Хэдийгээр намын харъяаллаар ийнхүү дахин дахин халаад байсан ч мэргэшсэн мэргэжлийн алба хаагчийг хуулийн байгууллага ийнхүү эргүүлэн томилох шийдвэр гаргасан юм. Н.Алтанхуягийг огцорч хариуцлага хүлээсэн баримтад Стандартчилал хэмжил зүйн газрын даргыг хууль бусаар ажлаас нь халж өөрийн найз Г.Энхтайваныг томилсон гэх дүгнэлт ч бий. Агуулгаар нь авч үзвэл ажлаа хийж чадахгүй байгаа Н.Алтанхуягийг унахад ч түүний талд гарсан шат шатны шүүхийн шийдвэрүүд ихээхэн нөлөөлөл үзүүлсэн хэрэг.

 

       Иймээс хэрвээ Шадар сайдын мэдлийн агентлаг газрын дарга нарыг халвал Г.Гантөмөрөөс бусад нь намын харъяалал болон бусад шалтгааны улмаас буух магадлал өндөр байгаа юм. Ямартай ч энэ эцэс төгсгөлгүй албан тушаалын төлөөх дайнаа зогсоож ажлаа хийхгүй бол уруудсан нийгэм чинь бүр л уруудах нь.

 

 

С.Баяр