Монголын үндэсний бөхийн холбооноос өнөө жилийн Говь-Алтай, Хөвсгөл аймгийн баяр наадмыг хүчингүйд тооцож, тус наадмаас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь тус хоёр аймгийн наадмаар шинээр цол хүртсэн болон цолоо ахиулсан 20 орчим бөхийн амжилтыг тооцохгүй гэсэн үг юм.

МҮБХ-ноос гаргасан энэхүү шийдвэрийг “Хилчин” биеийн тамирын спорт хороо, хилийн цэргийн 0257 дугаар анги, “Эрдэнэт суврага” компанийн бөх аймгийн хурц арслан Б.Ганхуяг эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Шүүх хурал хоёр хоногийн өмнө болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. Аймгийн хурц арслан Б.Ганхуягаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрээр өнөө жил Хөвсгөл аймгийнхаа наадмаар үзүүрлэж хурц арслан чимэг хүртсэн билээ.

-Та Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандсан гэсэн. Яагаад эсэргүүцэх болов?

-МҮБХ-ноос Говь-Алтай, Хөвсгөл аймаг баяр наадмын тухай хуулийг зөрчиж 512 бөх барилдуулсан учраас цол хүртсэн бөхчүүдийн цолыг эрэмбэд оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл 512 бөх барилдаад цол олгоод явсан тохиолдол 2011 оноос эхэлсэн байдаг. 2011 онд Ховд, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн баяр наадмаар 512 бөх барилдаад цол чимгээ аваад монгол бөхийн эрэмбэд ороод явж байна. Бид бүгд л мэдэж байгаа. Гэтэл намайг одоо болтол эрэмбэд оруулахгүй гээд байгаа. Цол авсан бүх бөхчүүд шүүхдэхийг хүсч байгаа. Над руу утасдаад “Таны асуудал юу болж байна” гэж асуудаг. Намайг шүүхэд хандсан учраас миний хариу ямар гарахыг хүлээгээд байх шиг байна.

-Таны хэлснээр бол хууль зөрчсөн гэвэл өнгөрсөн наадмуудыг ч сөхөх болох нь ээ?

-Тийм. Намайг амжилтаа бүртгүүлээд монгол бөхийн эрэмбэд оръё гэсэн чинь холбооны зүгээс “Танайх хуулинд байхгүй наадам хийсэн” гэж хэлсэн. Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр үүнийг үндэслэлгүй гэж хэлсэн. Би нэг юм ойлгохгүй байна. Монголын үндэсний бөхийн холбоо бол сайн дурын үндсэн дээр байгуулагдсан төрийн бус байгууллага. Өнөөдөр бөхчүүдийнхээ гаргасан амжилт, сайн сайхныг түгээн дэлгэрүүлж, тэднийхээ төлөө явах байтал энэ мэтээр үгүйсгээд байгааг би ойлгодоггүй. Мөн хуулинд байхгүй наадам гээд байгаа. Баяр наадмын тухай хуулинаас үзвэл суманд 64 бөх, аймагт 128 бөх, улсад 512 бөх барилдана гэж заасан. Тэгш ой буюу ой давхацсан жил суманд 128, аймагт 256, улсад 1024 бөх барилдуулж болно гээд заачихсан байгаа. Гэтэл 2008 оноос хойш бүх аймгийн наадамд 256 бөх, суманд 128 бөх барилдаж байгаа. Тэгш ой биш байсан ч ингэж барилдаж байгаа байхгүй юу, тогтмол. Эндээс цол хүртсэн бөхчүүд амжилтаа үнэлүүлээд эрэмбэлэгдээд явж байна. Тэгэхэд Монголын үндэсний бөхийн холбоо үүнийгээ мэдэхгүй үгүйсгээд байна. Энэ бол маш харамсалтай зүйл. Өнөөдөр дэлхий дахин даяарчлагдаж байна. Энэ үед бид монголоороо байх, монголоо авч үлдэх зүйл бол монгол наадам буюу үндэсний спорт. Олон морь уралдаж, олон хүн сураа харваж, олон бөх барилдаж цэнгэг л дээ. Муу нь юу байна. Би тэр эрэмбэд орлоо гээд болохгүй нь юу байгаа юм. Бусад бөхчүүд ороод болоод байна ш дээ. Маш их гомдолтой байна. Би эрэмбэд орлоо гээд улсаас нэг ч төгрөгийн цалин хөлс авахгүй. Зөвхөн би хоёр удаа аймгийн наадамд найм давсан, хоёр удаа зургаа давж шөвгөрсөн. Тиймээс 2007 оны Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар баталсан бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэх эрэмбэд оруулж өгөхийг хүсч байгаа юм. Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлнэ гээд заачихсан юм бол тав, зургаа, долоо, найм давах нь бөхчүүдийн хувьд амжилт мөн үү, мөн. Гэтэл бид яагаад орохгүй байгаа юм бэ. 2011 онд Ховдын наадамд О.Гантулга аймгийн харцага цолтой очиж түрүүлээд ес даваад аймгийн хурц арслан болсон. Одоо амжилтаараа нэлээд дээгүүр эрэмбэд явж байх жишээтэй. Өвөрхангай аймагт аймгийн начин Чимэддорж найм давж үзүүрлээд арслан болсон. Одоо бөхийн өргөөнд барилдаж л байна. 2012 онд Сүхбаатар аймгийн баяр наадамд Батжаргал гээд надтай адилхан аймгийн арслан цолтой бөх барилдаад Санжаадамбад унаж үзүүрлээд хурц арслан чимэг хүртсэн. Амжилтын эрэмбээрээ тэргүүнд бичигдэж байна. Гэтэл дээрх наадмуудад манай аймагтай адил 512 бөх барилдсан. Би үнэхээр гайхаж байна.

-Хоёр хоногийн өмнө шүүх хурал болох байсан ч хойшлогдсон. Ямар шалтгааны улмаас хойшлогдсон юм бэ?

-Миний зүгээс хэрвээ манай аймгийн наадмыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол 2008 оноос хойш наадам хийж, цолоо өгөөд явсан бүх аймаг хуулиа зөрчсөн болж таарч байна. Тэгш ойтой наадмаар барилдуулах ёстой 256 бөхийг тэгш ой бус үед ч барилдуулаад цолоо өгөөд явсан байна. Тиймээс эдгээр наадмаас цол хүртсэн бөхчүүдийн тоог гаргах хэрэгтэй, хэрвээ хууль зөрчсөн гэж үзвэл надтай адилхан л цолыг нь тооцохгүй байх гэсэн асуудлыг ярьсан. Шүүх хурал ингэх нь зөв гэж үзээд дээрх аймгуудын Засаг дарга нарт 2008 оноос хойш наадмаар цол авсан бөхчүүдийн нэрийг албан бичгээр хариу явуулах хүсэлт хүргүүлэхээр шийдсэн. Шүүхээс холбоо үүнд буруутай болохыг хэлж байгаа.

-Тэгэхээр маш олон бөхчүүдийн цолны асуудал хөндөгдөнө. Дараагийн шүүх хурал хэзээ товлогдсон бэ?

-Шүүх хурал тодорхой хугацаагүйгээр хойшилсон. Тэр албан бичиг хэдий хугацаанд ирэхийг би мэдэхгүй байна. Тоймгүй олон бөх байгаа нь тодорхой. Бөхийн холбоо өөрсдөө хуулиа мэдэхгүй ийм л замбараагүй юм болгочихоод байна. Мэдээж тэр олон бөхчүүдийн цолыг тооцохгүй болно гэдэг худлаа. Монголын үндэсний бөхийн холбоо өөрсдийнхөө бурууг мэдрээд асуудлыг шийдэж болохоор л асуудал шүү дээ. Ерөөсөө наадамд барилдах бөхчүүдийн тоог нэмэх нийгмийн шаардлага үүсчихээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Улсын наадмаар эд өсөж яваа аймгийн арслан мөн эд үе дээрээ гарч ирж байгаа улсын начинтай таардаг. Хоёрын даваанд. Хоёрын даваа дуусахад аймгийн арслан цолтой цөөнгүй бөх унаж байх жишээтэй. Шинэчлэл хийх цаг нь ирчихжээ гэдгийг бөхчүүд хэлж байгаа.

-Таны хувьд шүүх хурлын хариу нааштай гарна гэдэгт хэр итгэлтэй байна?

-Итгэлтэй байгаа. Ганцхан би ч биш олон бөхчүүд эерэг хариулт хүлээж байгаа. Учир нь Хөвсгөлийн 130 мянган ард түмний нүдэн дээр болсон наадам. Дээр нь TV5 телевизээр шууд дамжуулсан. Монголын ард түмэн энэ наадмыг үзэж тэнд цол хүртсэн бөхчүүдийн амжилтыг хүлээн зөвшөөрчихсөн наадам. Олон ч найз нөхөд, ах дүү нар утасдаж баяр хүргэсэн. Бусад бөхчүүд ч гэсэн адилхан байх. Гэтэл үүнийг өөрсдийгөө Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн гэсэн нас нэлээн дээр гарчихсан найман хүнээс гурав нь дэмжсэн, тав нь дэмжээгүй байдаг. Энэ таван хүн үгүйсгэж байгаа нь харамсалтай байхгүй юу.

-Тэр таван хүний нэрийг хэлж болох уу?

-Холбооны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан, улсын заан Д.Мягмар, зохиолч яруу найрагч Ү.Хүрэл­баатар, улсын харцага Д.Сэрээтэр байсан.

-Цолыг нь тооцохгүй байгааг эсэргүүцэн Хөвсгөл болон Говь-Алтай аймгийн бөхчүүд намраас хойш ямар ч барилдаанд зодоглохгүй байгаа гэсэн. Үнэн үү?

-Үнэн. 20-иод бөхөөс ганц, хоёрхон бөх л барилдаж байгаа. Ихэнх нь барилдахгүй байна. Нуулгүй хэлэхэд энэ бөхчүүд Монголын үндэсний бөхийн холбоонд гомдож байгаа. Аргагүй ш дээ. Эдгээр хүмүүс ганц барилдаад амжилт гаргачихдаг юм биш. Бүгд л мэднэ. Би гэхэд л 2003 онд сумын наадамд тав давж анхныхаа цолыг авч байсан. 2008 онд хамгийн анхны аймгийн харцага цол батлагдахад анх хүртэж байсан. 2011онд Орхон аймгийн 35 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Өнөөдөр аймгийн хурц арслан гэсэн цолонд хүрэхэд би 10 жилийн хүч, хөдөлмөр, амьдралаа зориулсан байна. Яг үүнтэй адилхан бусад бөхчүүд ч гэсэн дор хаяж таван жил хөдөлмөрлөж, бэртэж гэмтэж сая нэг юм цолонд хүрч аав, ээж, нутаг усаа баярлуулахад нь Монголын үндэсний бөхийн холбоо ингэж муйхарлаж хуулиа мэдэхгүй бөхчүүдийн эсрэг зогсоно гэдэг маш харамсалтай зүйл. Монголын үндэсний бөхийн холбоо байхгүй байхад монгол бөхчүүд барилдаад болоод л байсан. Өнөөдөр монгол бөх байгаа учраас энэ холбоо оршин тогтноод байгаа юм биш үү. Тэрнээс Монголын үндэсний бөхийн холбоо байгаа учраас бөхчүүд бид байгаа юм биш. Үүнийг холбоо даанч ойлгохгүй байх шиг. Монгол бөх бол мөнх настай.

-Бөхчүүдийн хувьд заал, дэвжээний явцын барилдаануудад оролцохгүй байна гэдэг том хохирол биз?

-Тэгэлгүй яахав. Хоёрын хооронд ийм шийдвэрээс болж барилдахгүй байгаа нь бөхчүүд бидний хувьд маш их хохиролтой зүйл. Энэ олон заал, дэвжээний барилдаанд ид барилдаж байх ёстой. Спортын нас богинохон. Анхандаа хүн цол хэргэмээ авчих юмсан гэж боддог юм билээ. Барилдчихмаар байдаг болдоггүй, холбоонд гомдоод их бачимддаг юм байна. Сүүлдээ цайчихна гэдэг шиг барилдах юмсан гэсэн сэтгэл ч төрөхөө байчихсан. Шийд гарвал барилдъя даа гэж бодох болсон. Залуу хүний хийж бүтээе, чадах зүйлээ бусдад харуулъя гэсэн тэр үе дээр нь сэтгэл рүү нэг ёсондоо ус цацчихлаа.

-Монголын үндэсний бөхийн холбоог бөхчүүддээ элэггүй ханддаг, мөнгө хүүлэгч гэж шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Би ганцхан жишээ дурдъя. Улсын харцага Даваабаатар маш сайн барилддаг бөх. Ёстой л үзэгч олныг уран барилдаанаараа шуугиулж гарч ирсэн. Гэтэл хөлөндөө бэртэл аваад барилдаж чадахгүй болж байсан. Бөхчүүдийн зүгээс тусалж дэмжээд эмчилгээнд нь шаардлагатай мөнгө, төгрөгийг нь олоод өгчих юмсан гэсэн сэтгэл байсан. Зөвхөн Даваабаатарын барилдааныг үзэхийн тулд мөнгө төлж Бөхийн өргөөнд ирдэг хүмүүс байсан. Тэгэхэд бөхийн холбоо яагаад дуугүй суугаад байна вэ. Холбоо иймэрхүү нийгмийн асуудлыг зохион байгуулаад бөхчүүдийнхээ төлөө жинхэнэ ёсоор ажиллах хэрэгтэй ш дээ. Олны хүч оломгүй далай гэдэг. Өнөөдрийг хүртэл Монголын үндэсний бөхийн холбоо нийгмийн асуудалд холбоотой ийм аян өрнүүллээ, тэгж сайн үйлсийн аян зохион байгууллаа гэж сонсоогүй. Та нар ч сонсоогүй. Гэтэл 20 жил болж байна. Сонгууль дөрвөн жилд нэг удаа явагддаг. Тэгвэл энэ холбооны тэргүүн таван сонгууль дараалан суудлаасаа ховхроогүй. Хааны алба хүртэл ээлжтэй байдаг бус уу. Одоо болно ш дээ.

-Өөр ямар тулгамдсан асуудал байна. Бөхийн тогоонд байдаг хүний хувьд олон зүйл л харагддаг байх?

-Бөхийн өргөө бөхчүүдэд зориулсан өмч. Гэтэл бид бэлтгэл хийх газаргүй Бөхийн өргөөнд очиж бэлтгэлээ хийе гэвэл шууд хөөнө.

-Яагаад?

-Тэнд зай завсаргүй урлагийн тоглолт болж байна. Бидэнд бэлтгэл хийх боломж олдохгүй. Бөхийн өргөө урлагийн тайз биш. Бөхчүүд бэлтгэлээ хийгээд усанд ороод гэртээ байгаа юм шиг л байх ёстой. Хэн ч бодсон тийм биз дээ. Ингэж Нямдорж тэргүүнд хэлэхээр “Чи залуу хүн байж ийм боловсролгүй байж болохгүй. Би чамайг бодвол хэдэн дээд сургууль төгссөн” гэж ирээд загнадаг. Ер нь боловсролтой, мэдлэгтэй гэж бөхчүүдийг дарамталж, үл ойшоож, ингэлээ гээд эд нар яахын гэсэн байдалтай дээрэнхүү харьцдаг. Би гайхдаг. Ер нь тэгээд барилдахад боловсрол хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу. Бас нэг зүйл хэлье. Өнөөдөр сумын заан цолтой 640 залуу барилдаж байна. Эдгээр бөхчүүд барилдаан болгонд 3000 төгрөгийн хураамж төлдөг. Гурав давж байж 3000 төгрөгөө буцааж авдаг гэж байгаа. Энэ нь чинь юу гэсэн үг вэ. Би холбооны нарийн бичгийн дарга Цогтбаатар ахад хэлсэн. Тэр залуучууд чинь бөх болох гээд хөдөө байсан таван малаа зараад хот хүрээ зорьж ирж байгаа. Гурав давна гэдэг чинь хэцүү. 3000 төгрөгөө авч чадалгүй автобусны мөнгөгүй гэрийн зүг нулимстай алхаж байгаа өчнөөн залуу бий. Би бөхийн тогоонд байгаа учраас ийм байдаг гэж мэдэж байна. Ингэж хэлэхээр урдаас “Олимп, дэлхийн аваргаас гуравхан хүн л шагнал авдаг. Бусад нь хоосон хоцордог ш дээ” гэж тавлангуй хариулсан. Аль ч спорт тэмцэл нь үнэн. Тэр хүн дэвжээн дээр гараад давж чадахгүй бол хохь. Гэхдээ монгол бөх үндэсний спорт. Үндэснийхээ спортыг хөгжүүлэхийн тулд, авч үлдэхийн тулд бид мөнгө төлөх учиргүй.

-Монгол бөхтэй холбоо­той олон асуудал яригддаг хэрнээ бөхчүүд яагаад хэлж, ярьж дуугардаггүй юм бэ. Холбооны зүгээс дарамт, шахалт үзүүлээд байдаг нь үнэн юм уу?

-Манай монголчууд хүлцэнгүй, сонин болчихож. Өөрсдөө болохгүй байна, бүтэхгүй байна гээд дотроо л яриад байдаг тэрнээс эвлэлдэн нэгдээд асуудлыг шийдэх гарц бөхчүүдэд, ард түмэнд ч алга. Гэр гэртээ л тэр ингэж идэж уусан гээд байхаас биш арав, хориулаа суугаад өөрчилье гэсэн юм алга. Яахав надад эрэмбэд ороод, цаашдаа улсын цол хүртэх үгүй нь сонин биш. Гол нь бөхчүүдийн ирээдүйд хаалт тавьж, өөрсдийгөө дээгүүрт тавьж байгаа барилдаж ч үзээгүй хүмүүсийг бодохоор үнэхээр надад харамсалтай байна. Ингээд хэлчихвэл намайг яах бол гээд амаа хумхиад сууж би үнэндээ чадахгүй нь. Өнөөдөр бодит байдал ийм байгаа нь үнэн. Наад зах нь Бөхийн өргөөнд ганц том дэлгэц суурилуулаад камер зоочихгүй л байна. Барилдаан болохоор л чи давсан, би давсан гэсэн бөөн маргалдаан үүсдэг. Ядаж бөхчүүдийн барилдах орчин нөхцлийг нь бүрдүүлчих хэрэгтэй ш дээ.

-Таны хувьд энэ жил нэлээн адармаатай байх шиг. Наймын даваанд харцага болсон Ховдын Ууганбаяртай таарсан. Улсын харцага Содномдорж та хоёрын барилдааныг нэлээд бусниулсан гэх?

-Содномдорж харцагын хувьд Ууганбаярыг авчирч барилдуулсан нь ард түмнийг бухимдуулсан байх. Ямартай ч тухайн үед намайг давахад уухайлж, дэмжиж байсан түмэн олны баясал одоо ч миний сэтгэлд тод санагддаг. Би ганцаардах үедээ ч боддог. Би ганцаараа биш шүү. Намайг дэмждэг олон мянган хүн уухайлж байсан шүү гэж. Бөхөө дээдэлдэг Монголынхоо ард түмэнд баярлалаа. Харамсалтай нь би энэ амжилтаа өнөөдөр ч үнэлүүлж чадахгүй байна.

-Ганхуяг харцагыг Содномдорж харцагатай нударга зөрүүлсэн гээд байгаа. Яг юу болсон юм бэ?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Хэрүүл, зодоон болж байгааг би лав хараагүй.

-Одоо та бэлтгэл хийж байна уу?

-Яг эрчимтэй бэлтгэл хийж чадахгүй байна. Хүн чинь дараа долоо хоногт барилдаантай шүү гэхээр илүү махарч бэлтгэлдээ анхаарал тавьдаг. Нэгэнт барилдахгүй гэж бодохоор нэг их хичээдэггүй юм байна.

-Хаана бэлтгэлээ хангаж байна. Таны гарын багш гэж ямар хүн байна?

-Би хүчнийхээ бэлтгэлийг спортын төв ордонд Хосбаяр багшийн удирдлага дор, үндэсний бөхийн бэлтгэлээ “Их шавь” дээд сургууль дээр Элбэг багшийнхаа удирдлага дор хийж байгаа. Миний хувьд олон сайхан багш нарын гар дамжсан. Хамгийн анх Сумын заан Ганзориг багшид шавь орж байлаа. Дараа нь аймгийн арслан Батпүрэв, чөлөөт бөхийн ази тивийн аварга аймгийн арслан Баярмагнай, улсын харцага Сэрээтэр гээд багш нараар бөхийн эрдэм заалгаж байлаа. Элбэг харцага бол Эрхэмбаяр аваргыг төрүүлсэн мундаг хүн. Эрхэмбаяр аварга ямар сайхан жудагтай, тайван бөх билээ.

-Таныг улсын арслан Мөнхбаатарын садан төрөл гэдэг. Аав, ээжийгээ танилцуулахгүй юу?

-Манай аав Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд насаараа ажилласан Бадамсамбуу гэж хүн бий. Ээж Чинбат. Одоо тэтгэвэртээ суусан. Би эхээс тавуулаа. Улсын арслан Мөнхбаатар ээжийн талаас хамаатан. Өмнөхийг би сайн үе гүйцэж мэдэхгүй байна.

-Та чинь эрх зүйч мэргэжилтэй байх аа?

-Тийм ээ. Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн коллежийг төгссөн. Мөн хууль сахиулах их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Д.ДАВААСҮРЭН