Хууль зүйн сайд Д.Дорлигжав тушаал гаргаж, өмнөх сайд Х.Тэмүүжингийн үед УИХ-д өргөн барьсан хуулиудыг буцаан татахаар болжээ.

Тухайлбал, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай зэрэг хуулиудыг буцаан татаж, шинэчлэн боловсруулахаар болсон байна.

Д.Дорлигжав Хууль зүйн сайдаар томилогдохынхоо өмнөх өдөр мэдээлэл хийж албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдсэн билээ. Энэ үеэр тэрбээр “АН-ын дарга надад санал тавьсан. Хуулийн салбарт ирж ажиллах хэрэгтэй байна. Бидний гаргасан олон хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байна. Тиймээс энэхүү хуулиудыг дахин зөвлөх хэрэгтэй. Мөн шинээр гарах гэж буй хууль нь юу болохыг мэдэхгүй. Энэ бүх зүйл дээр ирж ажиллах хэрэгтэй байна гэж санал тавьсныг би хүлээн авсан. Та бүхэн мэдэж байгаа сүүлийн жилүүдэд гарсан шинэчлэлийн нэртэй хуулиуд үнэн төвөгтэй байгаа. Бид амьдралаа зохицуулж ажиллах гэж үйлээ үзэж, заримыг нь журмаар, заримыг нь амаар, заримыг нь яаж ч чадахгүй мухардаад зогсчихсон ийм байдалтай байна” хэмээн байсан юм.

Тэгвэл тэрбээр мөн Х.Тэмүүжин сайдын үед боловсруулсан зарим хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан гэх мэдээлэл байна.