"Өдрийн сонин"-ы сэтгүүлч С.Алтанцэцэг Японы Токио хотоос мэдээлж байна.

Мэргэжлийн сумогийн дэвжээнээ од болон гялалзаж буй Ичиножо Такаши буюуА.Ичинноровтой Японд уулзлаа. Тэрээр "Минато" дэвжээний бөх. Өөрийнх нь дэвжээ зургаан бөхтэй бөгөөд түүнээс өөр цолтой бөх байхгүй юм байна. Башёгүй сард бусад дэвжээн дээр очиж бэлтгэл хийдэг ажээ. Өнгөрсөн долоо хоногт "Токицүказэ" дэвжээнийхэнтэй хамтарсан бэлтгэл хийх үеэр нь түүнтэй уулзав.

-Сумогийн түүхэнд урьд өмнө байгаагүй амжилтын эзэн боллоо. Монголд төдийгүй Японд жинхэнэ од болж байх шиг байна даа?

-Баярлалаа. Урьд нь ийм хурдан цолонд хүрсэн бөх байхгүй болохоор олон хүн баяр хүргэж байгаа.

-Гэнэтхэн ийм өндөр амжилтад хүрэхээр олон зүйл өөрчлөгдөх үү?

-Яг үнэндээ мэдрэгдэж байгаа юм алга. Их л завгүй болчихсон. Японы хэвлэл мэдээллийнхэн өдөр шөнөгүй багш руу утасдаад нэлээн залхаасан. Бүр дэвжээний гадаа ирж хоноод хэцүү байлаа. Одоо бол бэлтгэлийнхээ хажуугаар өдөр болгон арга хэмжээнд оролцоод, сумогийн холбооноос зөвшөөрөл авсан хэвлэлийнхэнтэй уулзаад зав огт гарахгүй юм.

-Японд ирээд хэдэн жил болж байна вэ?

-Би 2010 онд ирсэн. Ирээд Тоттори аймгийн Жёохокү ахлах сургуулийн сумогийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцсан юм. Ахлах сургуулиа төгсөөд тэндээ туслах дасгалжуулагчаар нэг жилийн турш ажилласан. Монголд байхдаа үндэсний бөхөөр хичээллэдэг байлаа.

-Сургуульд сурч байхдаа олон тэмцээнд түрүүлж амжилт гаргаж байсан юм билээ. Ямар ямар тэмцээнд оролцож байв?

-Бүх Японы Жицүгёодан тэмцээн гэж болдог юм. Ажилтан, албан хаагч, нийгэмлэгийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн гэсэн үг.

Нэг ёсондоо сонирхогчийн улсын аварга гэж хэлж болно. Энэ тэмцээнд түрүүлж ёкозуна цол авсан. Тэрнийхээ дараа жилээс "Минато" дэвжээнд харьяалагдаж Макүшита, Жүрёо зиндаанд барилдаж эхэлсэн юм.

-Жюүрёод түрүүлээд дээд зиндаанд орсон байх аа?

-Макүшита, Жюүрёо зиндаанд хоёр башё барилдаад дээд зиндаа руу орсон. Ийм хугацаанд дээд зиндаанд гарч барилдаж байсан тохиолдол урьд нь гарч байгаагүй юм билээ. Тийм болоод л шуугиад байх шиг байгаа юм. Би чинь энэ жилийн нэгдүгээр сараас л эхэлж дээд зиндаанд барилдсан шүү дээ. Нэгхэн жилийн башёд барилдаад цолонд хүрнэ гэдэг өмнө нь сумогийн түүхэнд гарч байгаагүй амжилт гэсэн. Бас хөдөөнөөс хүрч ирээд шуудхан сумогоор барилдаж байгаа, 21 настай гэхээр япончууд уулга алдаад байдаг юм. Гэхдээ барилдаж дөнгөж эхэлж байхдаа бэртэл авсан нь цаашид улам сайн хичээх ёстой юм байна гэдгийг мэдрүүлсэн.

-Тамирчин хүний хамгийн том дайсан бэртэл гэмтэл гэдэг?

-Энд ирснээс хойш сургуульд байхдаа бэлтгэлийнхээ үеэр гэмтэл авч байсан юм. Тэгээд гурван сар барилдаагүй. Барилдах битгий хэл бэлтгэл хийгээгүй. Бэлтгэлгүй болохоор тэмцээнд оролцоно гэж санахын ч хэрэггүй. Уг нь бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор төлөвлөж байсан юм. Гэтэл бэртэл бүрэн эдгэрээгүй байсан болохоор тэмцээндээ ч орж чадаагүй. Тэр үед ч бэртэл гэмтэл гэдэг тамирчин хүнийг хэн ч биш болгодог юм байна гэж ойлгож авсан.

-Бэлтгэл хийгээгүй удсан мөртлөө дахин барилдахдаа хэнд ч дийлдэхгүй хүчтэй болчихсон байсан гэж бөхчүүд ярих юм билээ?

-Тэр үед бэлтгэлээ бүрэн зогсоогоогүй л дээ. Хөлөө бэртээсэн болохоор хүчний бэлтгэлээ бол хийж байсан. Гэхдээ гэмтлээ эдгээсний дараа бэлтгэл хийж байгаад барилдсан шүү. Бэртэлтэй байхдаа барилдаж чадахгүй байсан болохоор эдгэсэн хойноо өөрийгөө урьдынхаасаа илүү дайчилсан байж болох юм.

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?

-Бэлтгэл өглөө бүр зургаагаас эхэлдэг. Ес, арван цаг хүртэл үргэлжилнэ. Дуусгаад усанд орно. Дараа нь үсээ самнуулаад хоолоо иддэг. Хоолоо идчихээд унтана. Үдээс хойш энд тэндхийн арга хэмжээнд оролцох ёстой бол тийшээгээ явна. Бас сумогийн холбооноос зөвшөөрөл авсан хэвлэлийнхэнтэй уулзах ёстой.

-Хоолондоо дасчихсан уу. Өдөрт хэдэн удаа хоол иддэг вэ?

-Өглөө бэлтгэлтэй байдаг болохоор хоол иддэггүй. Бэлтгэлийн дараа хоолоо иднэ. Янз бүрийн л хоол иддэг юм. Тахианы махтай мөөг болон бусад төрлийн ногоотой нэгдүгээр хоол иднэ. Хажуугаар нь будаа, мах, тахианы бүрж шарсан мах гээд янз бүрийн л хоол иддэг. Хоолны дараа унтчихдаг болохоор жин нэмдэг байх. Орой бас иймэрхүү маягийн хоол иднэ. Заримдаа зав гарахаар "Улаанбаатар" хоолны газар очиж хоол иддэг. Тэнд сайхан банштай цайгаа уугаад, цуйвангаа захиалчихна. Яг л гэрийнхээ хоолыг идэж байгаа мэт амттай.

-Таныг "Монголын үлэмж биет" гэж нэрлээд байгаа бололтой?

-Янз бүрийн л нэр сонсогдоод байгаа юм. Үлэмж биет гэж нэрлэнэ. Бас аварга мангас ч гэчихсэн байдаг. Гэхдээ би ингэж дуудуулахдаа дуртай биш ээ.

-Одоо хэдэн кг жинтэй байгаа вэ?

-198 кг жинтэй байгаа. Өндөр 193 см.

-Анх ирэхдээ хэдэн кг байв?

-Японд ирэхдээ 130 кг байсан. Гэхдээ би багаасаа унаган махтай, жин ихтэй хүүхэд байлаа. Сумынхаа эмнэлэгт 4.8 кг жинтэй төрсөн. Тэгэхээр төрөхөөсөө л том биетэй байсан байгаа биз. Гэхдээ сүүлийн үед жин хасаж байгаа. Хүний биеийн жин 200 кг-аас дээш гарахаар мал амьтнаас ялгаагүй болно биз дээ. Адуу, үхэр л 200 кг жин татна даа. Хүн байна даа, 200 кг дотроо байя гэж бодож байгаа. 200 кг гэдэг арай л биш юм. Тэгээд сүүлийн үед хоолны дэглэм барьж эхэлсэн. Ямар ч байсан арванхоёрдугаар сарын 25 гэхэд 198 кг жинтэй болно гэж бодож байгаа. Би дэвжээнийхээ багшид сумогоор сайн барилдана гээд амлачихсан. Тэр амлалтад хүрэхийн өмнө биеийн жингээ зохих хэмжээнд барихгүй бол болохгүй юм байна.

-Архангай аймгийн Батцэнгэл сум таны төрсөн нутаг. Нутгаа санаж байна уу?

-Аав ээжтэйгээ хааяа утсаар ярьчихдаг болохоор гэрээ санаад сүйд болохгүй. Санах ч зав байхгүй дээ. Манай нутагт өнтэй сайхан өвөл болж байгаа гэсэн. Утсаар яриад мал хуйгаа асуун, аав ээжтэйгээ хөөрөлддөг юм. 2013 оны зун гэртээ очиж амарсан. Харин саяын наадмаар манай сумын 90 жилийн ой болсон. Нутагтаа байсан бол сумынхаа наадамд зодоглох л байсан байх.

-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Ноцолдох дуртай байв уу?

-Хөдөөний хүүхэд ямар байдаг яг л тийм амьдралтай өссөн. Монголчууд хөдөөний хүүхдийн амьдралыг мэднэ шүү дээ. Энд япончууд яг юу хийдэг байсан бэ гэж их асууна. Тэр бүрийг тайлбарлаж хэлэхээр гайхаад байдаг юм. Жишээлбэл би эмнэг хангал сургадаг байсан. Сургадаг ч гэж эмнэг адуутай ноцолдох дуртай. Тэрийг ярихаар бүр нүдээ том болгож ирээд ангайчихна. Манай аав уяач хүн шүү дээ. Тэгэхээр аавын гарын үзүүрт зарагдаж адуу малтай л ноцолдож өслөө. Ер нь манай тэр хавийнхан Ичко гарын шуундаа их бяртай гэж ярьдаг байсан. Саахалт айлынхаа хүүхдүүдтэй үндэснийхээ бөхөөр ноцолдоно. Би чинь арван гурван настай байхдаа л хотод орж ирж үзсэн. Тэрнээс өмнө нутагтаа л байдаг байлаа.

-Яаж яваад Японд ирээд сумогоор хичээллэж эхэлсэн юм бэ?

-Би энд ирээд таван жил болж байна. 2010 оны гуравдугаар сард Наритагийн онгоцны буудалд бууж байлаа. Буудлаасаа буугаад шууд л Тотторид яваад очсон. Анх япончуудыг хараад сүрдсэн юм байхгүй. Бэлтгэлийн үеэр барилдаж байгааг нь хараад эхлээд бараг л инээд хүрдэг байлаа. Тэгсэн яг барилдаад үзсэн чинь ёстой чанга байсан. Бүр эмэгтэйчүүдтэй нь хүртэл барилдаад унаж байлаа шүү дээ. Тэгэхээр барилдаанд биеийн хүч чухал ч гэлээ ур чадвар, техник, мэхгүй бол эмэгтэй хүнд хүртэл дийлдэхээр байгаа юм. Ирсэн цагаасаа хойш маш сайн бэлтгэл хийхгүй бол урагшлахгүй юм байна гэдгийг ойлгосон.

-Бэлтгэлийг хараад байхад их л хэцүү юм билээ. Ачааллаа дийлэхгүй уйлж байгаа бөх ч харсан?

-Ёстой чанга шүү. Хүнд бэлтгэл хийхийн зэрэгцээ чин сэтгэлээсээ хийхгүй бол загнуулна. Загнуулах ч энүүхэнд. Хулсан саваагаар саваадуулна даа. Бэлтгэл хийж байгаа залуу бөхчүүдийн ар нуруу, хонго, гуя нь улаан эрээн болсон байгаа биз дээ. Багшийн нүдийг хуурах маягтай байвал тийм л болно. Хажуугаар нь загнуулна. Багш их хорон үгтэй. Олигтойхон хичээхгүй бол "Монгол руугаа буц. Чам шиг юм хэрэггүй" л гэнэ дээ. Эхний нэг жил ч нутаг буц гэдэг үгийг байнга сонсдог байлаа. Сүүлдээ гайгүй болсон.

-Энэ дэвжээнд танаас өөр цолтой бөх байдаггүй юм байна. Бөх нь сайн барилдахын хэрээр дэвжээний нэр хүнд өсөх үү?

-Намайг ирэхэд манай дэвжээний хоёр ах Жүрёод барилддаг байсан юм. Одоо барилдахгүй байгаа. Манай дэвжээ ерөнхийдөө цөөн бөхтэйд тооцогдох байх. Нэг хэсэг цолтой бөх байхгүй байж байгаад би сэкиваки цолонд хүрсэн. Дэвжээний хувьд цолтой бөхтэй байна гэдэг сайн. Бөхчүүдийг бэлтгэж цолонд хүргэнэ гэдэг хэцүү. Хувь хүний хичээл зүтгэлээс их хамаарна. Бас багшийн ур чадвартай холбоотой.

-Ичиножо Такаши гэж ямар утгатай үг юм бэ?

-Ерөнхий утга нь авьяастай гэж байгаа юм. Яг ханзыг нь харахаар зууд нэг удаа гэсэн утгыг илэрхийлдэг.

-Ирэх сарын башё хэзээ мөдгүй эхлэх нь. Ямаршуухан барилдаан үзүүлье гэж бодож байгаа вэ?

-Мэдээж хэрэг хичээж барилдана. Цолтой болоод удаагүй байгаа болохоор цолоо хамгаалахыг юуны түрүүнд бодож байгаа. Зөвхөн хамгаалаад зогсохгүй цолоо нэмэхийг хичээнэ. Гэхдээ тийм ч амар зүйл биш л дээ. Тэгэхээр тэгж ингэж барилдана гэж хэлж болохооргүй байна. Ямар ч байсан тавин хувийн амжилтаа үзүүлэх ёстой гэсэн бодол бий.Цаашлаад арваас дээш давчихмаар байна.

-Тэгвэл ирээдүйд юунд зорьж байгаа вэ. Бас юу мөрөөдөж байна вэ?

-Сумогоор амжилттай барилдмаар байна. Цолоо ахиулмаар байна. Цол ахихаас илүүтэй нь зүтгэж авсан цолоо хадгалан аль болох удаан хугацаанд барилдмаар байдаг юм. Олон хүн, багш нар, дэвжээнийхэн, ах нар итгэл хүлээлгэсэн байдаг болохоор хичээхгүй бол болохгүй л дээ. Яг айхтар зорьж байгаа зүйл одоохондоо алга. Юу юунд ч хүрээгүй байж холын зүйлийг мөрөөдөөд яахав. Учраа бөхөө даваад явж байя л гэж бодож байна даа.