Жүдо бөхийн дэлхийн аварга, “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин Г.Болдбаатар өнөөдөр Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаалаа.  Тэрээр ОХУ-ын Челябинск хотод болсон 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол түмнээ баярлуулсан. “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд их спортыг дэмжиж, тус үйлдвэрийн уурхайчдын хөдөлмөрийн үр шимээр “Хангарьд” спорт клубээс тив дэлхий, олимпийн тэнгэрт Монгол төрийн далбаа мандан, аваргууд төрж байдаг.  Лондонгийн олимпийн дэвжээнээс Монгол улсын тамирчид таван медаль хүртсэний гурав нь “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клубын тамирчдынх байсан юм. “Лондон -2012” олимпийн наадмын боксын төрөлд Н.Төгсцогт мөнгөн медаль, У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль, жүдо бөхийн төрөлд С.Ням-Очир хүрэл медаль хүртсэн. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон спортод сонирхолтой, сэтгэлтэй хандаж ирсний нэгээхэн илрэл юм. Ирэх 2016 оны олимпийн наадамд ч “Хангарьд”-ын тамирчид өндөр амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН цолоор энгэрээ мялаасан “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт клубын тамирчин Ганбатын  Болдбаатарт баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.