30р сургууль   

Манай редакцид Нийслэлийн Шавь цогцолбор сургууль буюу 69 дүгээр сургуулийн салбар 30 дугаар сургуулийн талаарх гомдол, мэдээлэл эцэг, эхчүүдээс ирлээ.

Тодруулбал, тус сургууль нь 1000 гаруй сурагчиддаа бишгүүр хөгжим худалдаж ав гэсэн шаардлагыг тавиад байгаа аж. Ингэхдээ заавал “Total music” хөгжмийн зэмсэг худалдаалдаг дэлгүүрээс япон номын хамт авахыг үүрэгдсэн байна. Гэтэл сурагчид бүгд япон хэл мэдэхгүй, бас бүх сурагчид тухайн дэлгүүрээс бишгүүр хөгжим худалдаж авч чадахгүй зэрэг асуудлууд гарч ирж байгааг эцэг эхчүүд гомдоллоо.

 Харин сургуулийн удирдлагууд хийгээд хөгжмийн багш нар нь  заавал тэр хөгжмийг авчирж дуу хөгжмийнхөө хичээлийн дүнг амжилттай гаргах ёстой, энэ бол Боловсролын яамны сайд Л.Гантөмөрийн тушаал гэх зүйлийг эцэг, эхчүүдэд хэлээд байгаа аж.

Тиймээс манай сайтын зүгээс Боловсролын яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас дээрх асуудлыг тодруулсан юм. Тэгвэл Боловсролын яамны зүгээс доорх хариултыг өглөө.

“Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Авьяас” хөтөлбөрийг сургууль болгонд хэрэгжүүлж байгаа. Улмаар сургууль, сургуулиараа ямар нэг зүйл барьж аван хэрэгжүүлж эхэлсэн.  Тухайлбал, 1 дүгээр сургууль төгөлдөр хуураар сурагчдаа хичээллүүлж уг хөтөлбөрт оролцоё гэсэн саналыг гаргасан байлаа гэхэд бусад сургууль, өөр өөр зорилт дэвшүүлсэн байх жишээний. Харин Нийслэлийн 30 дугаар сургуулийн хувьд өөрсдөө бишгүүр хөгжим сурагчиддаа сургая гэсэн саналыг гаргасан.  Бишгүүр хөгжмийн хувьд 6500 төгрөгний үнэтэй хөгжим юм билээ. Гагцхүү тухайн сургуулийн сурагчид өөрсдөө сурах эсэхээ сонгож, хөгмжөө хаанаас авахаа ч өөрсдөө шийдэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, уг хөгжмийг хүүхэд бүрт энд тэндээс авч өг гэж заах ёсгүй. Мөн хүүхдээ уг хөгжмөөр хичээллүүлэх эсэхийг ч эцэг, эхчүүд өөрсдөө шийдэх юм. Түүнээс биш заавал “Total music” –аас хөгжим хүүхэд бүр авах ёстой гэж Л.Гантөмөр сайд үүрэгдээгүй. Тиймээс манай яамны зүгээс 30 дугаар сургуульд яаралтай шалгалт оруулна” гэсэн юм.

Тус сургуулийн 5 дугаар ангийн сурагчийн ээжтэй холбогдож энэ талаар тодруулахад “Манай хүүхэд бүх хичээлдээ маш сайн сурдаг. Онц сурлагатай хүүхэд. Гэтэл ганцхан дуу хөгжмийнхөө хичээл дээр 60D буюу дунд авчихсан байхаар нь гайхаад багштай нь очиж уулзахад, заавал авах ёстой байсан бишгүүр хөгжмөө аваагүй. Мөн бишгүүр хөгжимгүй болохоор нь шугам дээр тоглуулж шалгалт авахад унасан гэх зүйлийг хэлж байна. Тэгэхээр нь би бишгүүр хөгжим сураагүй хүүхэд шугам дээр яаж тоглох вэ дээ. Заавал тэр хөгжмийг чин авах ёстой юм уу гэтэл “Боловсролын яамны сайдын тушаал гарч бүх хүүхдүүдийг бишгүүр хөгжим авах ёстой гэсэн” гэх зүйл өөдөөс ярьж байна. “Total music”-т нь бишгүүр хөгжим 9000 төгрөг гэж байна. Өөр хямд газраас авахаар түүнийг нь багш нь хүлээж авахгүй голж байна” гэсэн юм.

Ийн зарим сургуулийн удирдлагууд хийгээд багш нар Боловсролын яамны нэрийг барьж бизнес хийж байгаа гэх мессеж бидэнд ирсэн юм. Юутай ч “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хүндрэл учруулсан зүйл хийж, сургуулиуд бизнес хийж байгаа эсэх дээр Боловсролын яам шалгалтаа оруулах биз ээ.

Дээхин үед яг ийм асуудал гарч байсан юм. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Бигэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийг сумынх нь Засаг дарга нь албан тушаалаас нь халсан байдаг. Ингэхдээ “Н.Энхбаяр ерөнхийлөгч өөрийг чинь халж, өөр хүн томил гээд дарамтлаад байна. Би яаж ч чадсангүй гэсэн” тайлбарыг цэцэрлэгийн эрхлэгчид өгсөн байгаа юм.  Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч ажлаасаа халагдсандаа гомдоод тухайн үед ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр руу “Та яасан муухай урт гартай юм бэ. Зүгээр ажлаа хийж байсан хүнийг халлаа” гэх утгатай захидал явуулж байжээ. Ингээд Н.Энхбаяр уг асуудлыг нягтлахад тус сумын засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгчийг  ч танихгүй байхад өөрийнх нь нэрийг барьсан нь тогтоогдож байсан. Яг л ийм үйл явдал дахин давтагдлаа. 

Энэ мэтээр өндөр албан тушаалтан, яамны сайд нарын нэрийг барьж хувийн бизнесээ цэцэглүүлдэг алба хаагчдыг Боловсролын яамнаас даруй шалгаж, арга хэмжээ авна гэдгээ ч мэдэгдсэн юм.