Багш, эмч, цэргийн албан хаагчид харилцан адилгүй тэтгэмж авдаг. Өөрөөр хэлбэл, багш 12-18 сартай тэнцэх хэмжээний мөнгө авдаг бол эмч хүн 24-36 сартай тэнцэх хэмжээний цалин авч гавьяаныхаа амралтад гардаг байна.

Тиймээс төрийн албан хаагчдадаа шударгаар хандаж нэг удаа олгох тэтгэмжийг өөрчлөх нь зөв гэж үзэж байгаа аж.


Эдийн засаг хүндхэн байгаа. Байгууллага бүр зардлаа танаж, хэмнэж байгаатай энэ бүхэн ямар нэгэн байдлаар холбоогүй хэмээн Хөдөлмөрийн сайд хэлээ. Мөн тэрбээр “Иргэддээ тэгш хандмаар байна. Яахаараа төрийн захиргааны жинхэнэ албан хаагч хүний ажилласан жилийг ганцхан сүүлийн сарын цалингаар тооцоод байгаа юм. Үүнийгээ болъё. Нэг жилийнхэн цалингийн дунджаар тооцъё. Энэ бол шударга асуудал. Мөн төрийн жинхэнэ албан хаагч хүний тэтгэмжийг цалингийн 40 хувиар өсгөж тооцоод байгаа юм. Хэрвээ 40 хувиар өсгөх юм бол адилхан эрүүл мэнд, боловсрол, цэргийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг адилхан 40 хувиар тооцолдоо. Тэгэхээр чадахгүй байгаа байхгүй юу. Тиймээс тэр 40 хувиа болих хэрэгтэй. Энэ нь тэгш хандаж байгаа хэрэг. Энэ төсөв хэмнэхтэй ямар ч холбоогүй иргэддээ тэгш хандаж байгаа зүйл юм” хэмээн хэллээ.


Шударга гэдэг үгээр асуудлыг шийдэж тэтгэмжийг 12 сартай тэнцэхүйц хэмжээнд байлгах нь зөв гэж тэр бээр ярилаа. Тэгвэл төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа үйлчлэгч, селесэр, цахилгаанчин энэ тэтгэмжийг авах эсэх талаар тодрууллаа.


Энэ талаар “Бага албан тушаалтай ажилчдыг бид дахин авч үзэх ёстой. Энэ бол төрийн захиргааны жинхэнэ албан хаагч биш. Төрийн үйлчилгээний албан хаагч юм. Энэ албан тушаалтай хүмүүст урамшуулал бий болгох асуудлыг бид авч үзэх ёстой” гэлээ.


Гэхдээ засгийн газарт оруулах журманд төрийн үйлчилгээний албан хаагчдад тэтгэмж олгох асуудал багтаагүй. Ирэх оны эхээр асуудлыг хуулинд тусгах талаар судална гэнэ. Эмч, цагдаа, багш гэсэн албан хаагчдын тэтгэмжийн хувь хэмжээтэй холбоотой журмыг энэ сарын 30-нд болох засгийн газрын хуралдаанд оруулах юм байна. Хэрэв дэмжигдвэл 01 сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлэх ажээ. Өнгөрсөн онд энэ тэтгэмжид улсаас 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бол ирэх онд 43,9 тэрбум төгрөг гаргах тооцоо хийгээд байгаа юм байна.

 


Г.Мягмарсүх