Тун удахгүй хуучин оноо үдэж, шинэ оноо угтана. Улирч буй 2014 онд Монгол улсад өрнөсөн үйл явдлаас онцлон уншигч танд хүргэж байна.

-Хоёр хөршийн тэргүүнүүдийн айчлал дэлхийг донсолгов-

Манай улсад хоёр хөршийн Ерөнхийлөгчийн айчлалууд энэ оны улстөрд өрнөсөн онцлох үйл явдал болсон билээ. Наймдугаар сарын 21-22-нд манай өмнөд хөрш БНХАУ-ын дарга Си Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн.  Харин үүнээс хоёр долоо хоногийн дараа манай улсын хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэхээр Улаанбаатар хотноо айлчлан ирсэн юм. Хоёр хөршийн тэргүүнүүдийн айлчлал Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойтой давхцаж буйг зарим улс төрчид ихээхэн онцолж байсныг энд онцлох нь зүйн хэрэг. 

Си Жиньпини Монгол Улсын парламентын индэр дээрээс хэлсэн үг хоёр улсын харилцааны цаашдын ирээдүйг тодорхойлсон хэмээн үзэж болно. Монгол-Хятад хоёр улс харилцаагаа Стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн гэж үзэн хамтын тунхаглал гаргасан. Энэ хоёр айлчлалын үеэр Монгол-ОХУ-БНХАУ-ын хооронд эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдол бүхий гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан.

БНХАУ-тай байгуулсан 30 гаруй гэрээ, хэлэлцээрийн дүнд Монгол Улс олон жилийн турш ярьсан далайд гарцтай болох сайхан боломжийг өмнөд хөрш бидэнд нээж өгсөн. Мөн үүнтэй уялдан БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хөнгөллөлттэй үнийг монголчуудад олгож байгаагаа Хятадын тал мэдэгдсэн. ОХУ-н Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр мөн 13 хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. 

В.Путин "Энэ айлчлал болон ноён Ц.Элбэгдоржтой бидний хийсэн хэлэлцээ бүхэлдээ хоёр орны харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлын нэг болох Халхын голд хамтран ялалт байгуулсны 75 жилийн ойд зориулагдсан юм. Бидний хамтын түүхэн өв уламжлалыг ийнхүү нандигнан хүндэтгэж байгаа Монгол Улсын төр, засаг, ард түмэнд талархаж байгаагаа илэрхийлье" хэмээн айчлалын үеэр мэдээлэл хийхдээ хэлсэн юм. Уг айчлалын үеэр хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр, “Улаанбаатар” төмөр замын шинэчлэл, стратегийн хөгжлийн түншлэлээр Оросын төмөр замын “РЖД” хувьцаат нийгэмлэг болон Монгол Улсын Зам тээврийн яамны хооронд хэлэлцээр хийхээр болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Мөн Хэрлэн, Онон, Улз зэрэг монголын томоохон голууд цутгадаг Амур мөрний зэрлэг ан амьтны нөөц, Монгол Улсад цэрэг техникийн тусламж үзүүлэх тухай протокол, хоёр улсын Хууль зүйн яамдын хамтын ажиллагаа, худалдаа болон эдийн засгийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг, “Аэрофлот болон МИАТ”, монголын иргэний агаарын тээврийн компаниудын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг, газрын тосны “Роснефть” компанийн түнш байгууллагуудад зориулсан сургалттай холбоотой Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон “Роснефть” хоорондын хэлэлцээрт гарын үсэг үзэглэсэн билээ.

2014 оны тавдугаар сард БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дөрөвдүгээр уулзалт, есдүгээр сарын 11-12-нд Тажикийн нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын зөвлөлдөх уулзалт, аравдугаар сарын 16-нд Италийн Милан хотноо болсон АСЕТ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалт, арваннэгдүгээр сарын 9-11-нд Бээжин хотноо болсон АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтад Монгол Улс амжилттай оролцлоо. АСЕМ-ийн дараагийн дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улс зохион байгуулах эрхийг авсан нь дэлхийн хамтын нийгэмлэг дэх манай улсын нэр хүндийг өргөсөн хэрэг боллоо. Мөн АПЕК-ийн гэр бүлд нэгдэх Монгол Улсын хүсэлтийг тус байгууллагад нөлөө бүхий манай хоёр хөрш дэмжиж байгаа илэрхийлсэн. Харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс өнөөг хүртэл ажиглагчийн статустай явж байгаа бөгөөд статусаа ахиулан жинхэнэ гишүүн болох хүсэлтийг тус байгууллагын зүгээс Монгол Улсад тавиад байгаа билээ.

 

-Засгийн газар огцорлоо-

Шинэчлэлийн Засгийн газар огцорч, Шийдлийн Засгийн газартай болсон билээ. Засгийн газрын тэргүүнээр Ч.Сайханбилэгийг томилсон юм.  Ч.Сайханбилэг АН доторх фракцууд болон сөрөг хүчинтэйгээ хамтран ажиллаж чадна. Эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт оруулна, Хөвсгөлд аялал жуулчлалыг хөгжүүлнэ, эдийн засгийн хямралд анхаарал хандуулан ажиллана хэмээн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсан билээ. Ийнхүү ерөнхий сайд болон сайд, дэд сайд нараа томилон ажил үүргээ үргэлжлүүлж яваа. 

-Иргэдэд таалагдсан энэ оны хамгийн сайхан мэдээ биелэлээ олоосой-

Э.Бат-Үүл: Урьдчилгаа төлбөргүй орон сууц авдаг болно

Улаанбаатар хотын 180 мянган өрх гэр хороололд амьдардаг. Тэгвэл энэ их айлын бараг 80 хувийнх нь хувьд орон сууц гэдэг мөрөөдөл мэт сонсогддог. Урьдчилгаа төлбөр, сар бүр төлөх зээлийн хэмжээ гэх зэргээс шалтгаалсан тэдний бүтэшгүй мөрөөдлийг биелүүлэх нэгэн төлөвлөгөөг хотын дарга санаачилсанаа танилцууллаа. Орон сууцжуулах хөтөлбөртөө иргэдийн төлбөрийн чадварыг харгалзан үзэхээ орхигдуулсан байсан гэж хотын дарга хэллээ. Жишээ нь Буянт-Ухаа хороолол бол зорилтод бүлэгт зориулагдсан хямд үнэтэй, чанартай орон сууц. Гэхдээ зорилтод бүлгийн багагүй хувь нь орон сууцныхаа урьдчилгаа төлбөрийг төлөх нь байтугай, сар бүр төлөх зээлийн дүнд нь орлого нь хүрэлцэхгүй байх шалтгаан олон гарсан. Орлого хүрэлцлээ гэхэд бараг сарын орлогын тэн хагас нь зээлэндээ суутгагддаг. Харин хотын даргын санаачилгад орон сууцыг урьдчилгаа төлбөргүй, сар бүрийн зээлийг тухай орон сууц эзэмшигчийн цалингийн тавин хувиас хэтрүүлэхгүй байх зохицуулалтыг эрэлхийлж байгаа юм. “Ерөнхийдөө хоёр зүйлийг хийх юм. Зээлээр авч байгаа орон сууцны сарын төлбөр нь 30 хувиас хэтрэхгүй байх, хоёрт хуримтлал байхгүй иргэд урьдчилгаа төлбөргүй цувуулж төлөх гэсэн ажлыг төлөвлөөд хийх хэрэгтэй гэж Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэллээ.

 

-Эдийн засаг хүндрэв-

Манай улсын эдийн засагт хямрал нүүрлэж, өдгөө хүндрэлд орсон. Гадаад валютын өсөлт мөнгөн тэмдгийн үнэ цэнийг унагахад хүргэв. 

"Хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан Н.Алтанхуяг алдаатай бодлого явуулж эдийн засаг, ард иргэдийн амьдралыг доройтуулсан. Үүнд нь УИХ хариуцлага тооцож огцруулсан. Нэр дэвшигч Ч.Сайханбилэг нь хямралт байдлыг бий болгосны улмаас огцорсон Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан учраас бид дэмжээгүй. Ийм хүн улс орныг хямралаас гаргаж чадахгүй гэж бид үзсэн. Тиймээс УИХ-д олон суудалтай нам, тус намтай хамтран ажиллаж байгаа нам, эвсэл өөрсдөө асуудлаа шийдэж, ачаагаа үүрч, хариуцлагаа хүлээх ёстой гэдэг үүднээс чуулганы хуралдаанд оролцоогүй" хэмээн С.Бямбацогт онцлон хэллээ.

Гадаадын хөрөнгө оруулалт оны эхнээс 70 хувиар унав. Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого нь өнгөрсөн оноос 40 хувиар буурчээ. Долларын ханш оны эхэнтэй харьцуулахад 100 гаруй төгрөгөөр өсч, 1894 төгрөгт хүрэв. Инфляцийн төвшин Төв банкны зорилтот төвшингөөс хальж өнөөдрийн байдлаар Улаанбаатарын хэмжээнд 11.9-тэй гарав. Гадаад валютын нөөц 1.3 тэрбум болтлоо буурсан талаар Монголбанкны мэдээлэлд өгүүлжээ. 

Эдийн засагчид хавтгайрсан халамжаас үүдэн хямралд орж төсвийн данс уйлах дээрээ тулсан бол өдгөө аль хэдийнээ улайсан байгаа гэдгийг шүүмжилсэн. 

Үндэсний статистизийн хорооноос төсвийн орлого нэг их наядаар дутаж, айл өрхийн амьдрал хүндэрч, ажилгүйдэл нэмэгдэж, аж ахуйн нэгжүүд халаас нь хоосорч үүдээ барьж буй талаар сар болгон гаргадаг. 

-Оюуны спортоор дэлхийд улсынхаа нэрийг мөнхөллөө-

Оюуны спортоор хүүхдүүдийн сэтгэлгээг өргөжүүлэн тэлж буй энэ төрөлд манай улсын баг, тамирчид илүүрхэх болсон.  Хонконг улсад зохион байгуулагдсан "Ой тогтоолтын нээлттэй тэмцээн"-д манай улсын баг тамирчид оролцсон. Энэхүү тэмцээнд 72 тамирчин бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм. Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 10 тамирчин (насанд хүрэгчдийн ангилалд 2, дунд насны ангилалд 8 тамирчин) дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож дунд насны ангилалд дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба багийн дүнгээр 16987 оноо авснаар Монголын тамирчид тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн. Энэ онд маш олон тэмцээнд тэрүүлэн Улсынхаа нэрийг дэлхийн оюуны спортын тавцанд мөнхөллөө.

-Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг зориулалтаар нь ашиглахаар боллоо-

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг одоо л зориулалтаар нь ашиглая нийтлэлийг өмнө нь хүргэсэн. Тэгвэл уг эмнэлгийг зориулалтаар нь ашиглах шийдвэрийг гаргалаа. 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах шийдвэрийг гаргаж холбогдох ажлын хэсгийг байгуулсан байна. Тус эмнэлэг нь Төрийн ордны хажууд байрладаг бөгөөд Хууль зүйн яамны харъяанд байдаг юм.

2012 онд тус эмнэлгийн барилгыг нурааж оронд нь шинэ барилга барьсан. Гэтэл барилгын ажил дуусах үед уг обьектийг эмнэлэг бус оффисын зориулалтаар ашиглах шийдвэрийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин гаргасан билээ. Түүний гаргасан шийдвэрийг эмнэлгийн ажилчид эсэргүүцэж жагсаал хүртэл зохион байгуулж байсан ч Х.Тэмүүжингийн шийдвэрийг цуцлуулж дийлээгүй юм. Тэгвэл уг маргаан шийдвэрлэгдэж тус барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах шийдвэрийг холбогдох байнгын хороо гаргасан нь оны онцлох үйл явдалд тодруулах нь зөв биз ээ. Эмнэлэггүй байж хүн амаа өсгөх бодлого баримталдаг улс манайхаас өөр байхгүй гэхэд болно. Нэг ч атугай эмнэлэг нэмэгдэнэ гэдэг нь баяртай мэдээ мөнөөсөө мөн.

-Бодибилдингийн Дэлхийн аваргатай боллоо-

Энэтхэгийн Мумбай хотноо зохион байгуулагдсан Бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай улс анх удаагаа аваргатай боллоо. Тус тэмцээнд эх ороноо төлөөлөн Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Г.Мянганбилэг, А.Саруулбат, Г.Жамц, Г.Дорж, Ж.Нурлан, Б.Хүсэлтүвшин, Г.Гансаруул, С.Насанбуян нарын шилдэг найман тамирчин оролцсон юм.

Тэмцээнээс Монголын дөрвөн удаагийн аварга, Ази тивийн хошой хүрэл медальт Ж.Нурлан анхны алтан медалийг авсан бол, Фитнесс ангилалд Азийн аваргын мөнгөн медальт Б.Хүсэлтүвшин мөнгөн медалийн эзнээр тодров. 

-Н.Энхбаяр эх орондоо ирээд, буцав-

МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирээд, буцав.  Тэрбээр Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа эмнэлгээсээ түр чөлөө аван иржээ. Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслэээр түүнийг иргэншилээ сольсон тухай цацагдсан. Тэгвэл энэ тухайд "Яаж тийм зүйл байхав дээ. Солонгосын хэвлэлийнхнээс сураглахад Монголоос тийм мэдээлэл авсан гэж хариулж байна лээ. Манай Монголчууд л тийм буруу мэдээлэл өгсөн юм билээ" гэсэн юм. Мөн түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээллийн талаар тодруулахад, Эрүүгийн хэргийн хувьд буруу хийсэн юмгүй болохоор хэрэгсэхгүй болох байх гэж бодож байгаа. Үнэхээр шударга хууль байгаа гэдэгт би итгэж байгаа гэж хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө өгүүлсэн юм.

-Ажиа Гэгээний санаачилсан цусны хорт хавдартай хүүхдийн эмчилгээний төвтэй болсон-

АНУ дахь Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн Ажиа гэгээний санаачилгаар "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" үүдээ нээсэн билээ. Тэрбээр 2012 оноос ЭХЭМҮТ-ийн дэргэд цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлгээ барьж эхэлсэн. Энэхүү эмнэлэг нь бүхэлдээ сайн хүмүүсийн хандив, өглөгөөр боссон юм. Монголд анх удаа орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан дэлхийн стандартад нийцсэн эмнэлэг болж чаджээ. Хойч ирээдүйнхээ эрүүл энхийн төлөөх энэхүү үйлсэд сайхан сэтгэлт олон хүн нэгдэж нийтдээ 3 сая орчим ам.долларыг босгосон байна. Төр засаг ч гар хумхилгүй 400 сая төгрөгийн тусламж үзүүлснийг УИХ-ын дарга З.Энхболд онцолсон. "Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг" нь цусны өвчнийг эмчлэх, илрүүлэх орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба 50 ортойгоор үйл ажиллагаа явуулах юм. ЭНЭШТ-ийн хяналтанд одоогоор цусны хорт хавдартай гэх оноштой 700 гаруй хүүхэд байдаг аж. 2009 онд цусны хавдрын 18 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010 онд 24, 2011 онд 33 болж өссөн судалгаа бий. Тиймээс өвчиндөө шаналах хүүхдүүдийг тухтай орчинд эмчлэх, сэтгэл санааны дэм өгөхөөр Монголын эрүүл мэндийн салбарт асар том хөрөнгө оруулалт хийж байгаа Ажиа гэгээнд нийт монголчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа