Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахын төлөө  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд  нар үгсэн хуйвалдаж, өмгөөлөгчтэй ярьж  байгаа бичлэг цахим ертөнцөд тарсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм.

Экс хурандаа нарыг  шалгагдаж байх хугацаанд буюу 8-р сарын 30-ны өдөр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар асан С.Баатаржав тушаал гарган Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд  нарыг дутагдал гаргасан гэх шалтгаанаар халж, тэдний цолыг хураан авсан.  Тэгвэл энгийн иргэн болсон экс хурандаа нарын нэг болох  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга асан, экс хурандаа Ц.Батсүх ажилдаа эргэж  орохоор Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхэд гомдол гаргаад байгаа.  Уг хэргийг  шинэ оны өмнө хэлэлцэж  түүнийг ажлаас халсан нь  хууль бус гэж үзсэн байна.  Өөрөөр хэлбэл ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газар процессийн алдаа гаргаж,  экс хурандааг халсан нь хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ.  Тодруулбал,  хурандаа нарын хэрэг  цахим ертөнцөд тарсан цагаас эхлээд экс хурандаа Ц.Батсүх  ажилдаа ирэх нь цөөрсөн байна. Улмаар үүнийгээ өвчтэй байсан хэмээн тайлбарласан бөгөөд чухам энэ үед  түүнийг ажлаас халсан нь хууль бус байсан гэж шүүх үзсэн байна. Гэхдээ энэ шийдвэр хууль бус байсан учраас  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр тус асуудлыг шийдвэрлэх ажээ.  

Уг нь энэ хэргийг анхнаас нь хэлэлцэх учиргүй байжээ. Тодруулбал  Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд маргаантай байгаа асуудал  шийдэгдсэний дараагаар  Захиргааны хэргийн шүүхэнд хандах эрх нь үүсэх талаар тусгасан байдаг. Тэгэхээр  ТЕГ-т  Эрүүгийн хуулийн 82-р зүйл буюу  Төрийн эрх мэдлийг  хууль бусаар авах гэж хуйвалдсан  гэх үндэслэлээр шалгагдаж байж ажилдаа эргэж орно гэж өргөдөл өгч байгаа нь  хууль бус үйлдэл болж  таарч байгаа юм.  

Дутагдал гаргасан Ц.Батсүхыг ажлаас чөлөөлсөн нь зөв байсан. Харин ажлаас чөлөөлөхдөө процессийн  алдаа гаргасан нь Ц.Батсүхэд ийнхүү  хуулийг овжингоор ашиглах боломж олгоод байгаа юм. Гэхдээ экс хурандааг ажилд нь эргүүлэн  авсны дараа халах боломжтой. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа