Сүүлийн үед энэ засаг төрийн явдлыг мэдэх хүнгүй болов. Манайхан төсөв хэлэлцэж тоон дунд толгой эргэж гүйцэж байна. Угаасаа монгол хүн гурваас дээш тоо хэлэхээр толгой нь эргэдэг гэмтэй.

Үүнийгээ маргааш нь баараггүй мартах бөгөөд тэгээд “сайхан тоо” хэлсэн хүнийг дагаж хошуурдаг өвчтэй. Ингээд бүгдээрээ “тоо” ярихаар бүгдээрээ дүүрдэг заншилтай. Энэ тохиолдолд тоо ярьж байгаа засаг нь ч, шүүмжилж байгаа УИХ нь ч гэсэн толгой нь эргэх бөлгөө. Иймээс гаднаас нь анализ хийж өгөх нь монгол судлаач миний үүрэг болой.



Золиос


Засгийн газар яг хадны завсар хавчуулагдчихлаа. Хамгийн анхны том шийдэл нь энэ төсвийн тодотгол бөгөөд ямар чөтгөр нь хатгаад ийм тодотгол руу түлхчихдэг байна аа гэж гайхаад ч баршгүй.
Зарим “зоримог шинжээчдийн” хэлж байгаагаар золиосны Засгийн газар учраас ийм алхам руу хүчээр түлхсэн байж магадгүй. Өөрөөр хэлбэл улсын эдийн засгийн байдал огцом сэргэх төлөвгүй байгаа учраас төсвийн ачааллыг эрс бууруулахын тулд нэг удаад “Засгийн газар” золих замаар илүү ачаагаа гээе гэсэн “элит хүрээний тохироо” явсан байх магадлалтай.
Тиймээс Засгийн газрыг зориуд “дээсэн дөрөөтэй” мордуулсан ба одоо нөгөөдүүл нь дээс хэзээ тасрахыг хүлээж байгаа биз. Гэхдээ ийм огцом өөрчлөлт илүү ачаагаа хөнгөлөхөөсөө наана Засгийн газрыг газардуулж магадгүй болчихлоо. Үүнд хэд хэдэн нөхцлийг сайтар тооцох хэрэгтэй байсан юм.
Юуны өмнө парламентын засаглалын онцлогийг. Засгийн газар ямар ч төсөв оруулж ирсэн парламент л батална. Үнэхээр зайлшгүй арга хэмжээ, сүйрэл уналтаас гарахын тулд өөр арга байхгүй бол Засгийн газар төлөвлөгөөгөө яаж хамгаалах юм ?! Ёстой шүдгүй нохой чулуу хазахтай адил шүү дээ. Ядаж Шинзо Абэ шиг парламентаа тараах эрхтэй бол бас яая гэхэв ?! Манайхан өнгөц бодож Ерөнхий сайд нь парламентаа тараах Англи, Японы жишгийг илт шохоорхдог авч энэ бол “хаантай газрын ёс”. Хаан байгаа цагт төрийг самардаггүй, хямраадаггүй. Харин манайх хаангүй.
Гол найдвар нь хамгийн олон суудалтай хоёр нам хамтарч Засгийн эрх барьж байгаа учраас гишүүдээ сахилгажуулаад түрээд явахад оршиж байгаа боловч Засгийн газар өөрчлөгдснөөр парламент хамт бужигнасан тул энэ үнэн найдваргүй. Дээр нь давхар дээлтэй сайдууддаа найдаж болох ч тоо нь эрс цөөрсөн.


Тодотголын анхны хуулийг гуравны хоёроор унагаж байна шүү дээ. Цаашид ч ингэнэ. Эцэстээ тодотгол Засаг хөнтрөх субботник л болно. Ингэж үзвэл МАН-ыг Засгийн газарт оруулсан ч яг тэр тооны санал алдсан байх магадлалтай байна. Бас нэг муу хүчин зүйл нь АН бүлгийн даргаа сольсонд байна.

Бүлгээ яаж ийгээд бариад байсан Д.Эрдэнэбат сайд болоод явсны дараа ихээхэн маргаантай томилогдсон бүлгийн дарга ийм богино хугацаанд бүлгээ гартаа авах нь юу л бол.
Торгуулийн сумангийн дарга шиг байгаа бүлгийн шинэ ахлагчийг тулалдааны үед араас нь буудах хүсэлтэй “цэрэг” цөөнгүй. Тэгээд ч өмнөх Засгийн газрын хувь заяаг шийдсэн, бас дээр нь хуулиар хамаатсан намын даргын төлөөх байлдаанд ороод бууных нь гол төмөр хөрөөгүй байгаа энэ үед шүү дээ.


Яг ийм нөхцөлд хүчний харьцаа, хөдөлгөөнийг гайхалтай тооцож маневрладаг хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байсан юм.

Түүний ЗГ-ыг унагах гэж ердийн үед бол гурван засаг хөмөрчихөөр гурван ч дайрлага дайрсан, үнэндээ гуравдахийг нь даваагүй. Н.Энхбаяр л тусалсан, ёстой л сүүдрээс өөр нөхөргүй сүүлнээс өөр ташуургүй гэгч болоод унасан. Өнөөдөр хэрэв болдог бол хамгийн гол тулгуур болох учиртай Ерөнхий сайд Н.Алтанхуяг танхимд үзэгдэхгүй байна. Олон хүн ярих нь овоо ууж байна л гэлцэнэ, яг үнэндээ ийм үед эр хүн ханатлаа ууж, хангалттай бодож шархаа бүрэн эдгээж, дараагийн алхмаа төлөвлөх хэрэгтэй л дээ. Ордны шарх өдөртөө анидаг гэдэг ч ийм шарх авсан хүн удаж байж эдгэнэ л дээ…
Ерөнхийлөгч асуудалд оролцох бололцоо хязгаарлагдмал, их сайндаа л Засгийн газрыг дэмжиж үг хэлнэ, харин түүнийг нь парламент дагана гэдэг юу л бол. Ерөнхийлөгчийг “чадах уу?” гэж асуухад дагаад “дадьна аа” гэж байгаа хэлгийчүүд ерөөсөө хүч биш, харин ч Ерөнхийлөгчийгөө эрсдэлд оруулж, парламенттай дайтаад эхэлбэл улстөрийн хямрал туйлдаа хүрнэ.
Сая УИХ-ын чуулган дээр хэлсэн үгээс нь харвал Ц.Элбэгдоржид ямар ч шинэ санаа оноо алга, зүгээр л хөгшин жүжигчин хуучин жүжгийн залуу дүрд л тоглож байна. Үнэндээ түүнд жүжгийн шинэ “залуу дүр” зохихоо байсан байна…


Аливаа парламентын засаглалтай орны жишгээр одоохондоо Ерөнхийлөгч л төрийн тогтвортой байдлын баталгаа болж байгаа ч манай Ерөнхийлөгч Чингис ч биш, ядаж Жавзандамба ч биш, одоогийн жишгээр Елизавет ч биш, Акихито ч биш учраас парламенттай нухалцвал эвгүй талдаа…
Яаж ч тооцсон Засгийн газар нэн ашиггүй нөхцөлд нэн аюултай төсвийн тодотголыг нэн яаруу оруулж ирсэнээс нэн хүнд байдалд орж байна. Одоо энэ нүхнээс гарах цорын ганц гарц нь төсвийн тодотголоо эргүүлэн татах, тайлбар шаардвал “Эрхэм гишүүдийн санаа оноог тандаж тагнуулын байлдаан хийлээ, одоо бүх юм тодорхой болсон учраас тусгаж оруулж ирье, хэрэв түүнийг батлахгүй бол бид яах ч арга алга, парламентаа тараая” гээд суух л байна. Үнэндээ бол Засгийн газрыг нэг л зүйлээр ойлгож байна, энэ нь өнөөг хүртэлх бүх хямралын шалтгаан болсон “Рио Тинто”-той хэлэлцээрт орохын тулд ар талаа батлах, давуу тал олох гэж мачийж байгаа биз.

Энэ бол таамаг л даа. Энэ тухайд жич саналаа хуваалцъя.
МАН-ын зүгээс тодотголыг идэвхтэй дэмжихгүй байх ноцтой шалтгаан бий. Учир нь АН-ынхан ийм эрсдэлтэй шинэчлэл рүү МАН-ыг чирээд орж байгаа нь дараагийн сонгуульд хамтдаа живэхийн дохио учраас хархнууд хамгийн түрүүнд зугтана шүү дээ. Тэд яаж ч бодсон олонхи, үгүйдээ тэн хагас нь.
“Шударга ёс” эвслийн танаг тасарч, мантуу царайчилж байгаа энэ үед сөрөг хүчингүй учраас тэсч болох ч тэр нь хэзээ мөдгүй бүрдэж ч магадгүй. Sonin.mn сайт “Х.Баттулга, Г.Уянга, О.Магнай, С.Ганбаатар нар нам байгуулбал ямар вэ?” гэсэн санал асуулга явуулахад 65 хувь дэмжиж, 11-хэн хувь эсэргүүцнэ гэдэг үнэмлэхүй сөрөг хүчний орон зай. Энэ том орон зайг гадаа биш юм гэхэд ордон дотор дүүргэх хүсэлтэнг бас тэнэг гэж болохгүй л дээ. Ер нь бол монголын улс төрд их том орон зай үүсээд байна…


Дээрээс нь МАН-ынханд Засгийн газарт орсон “азтай” нөхөд нь огт таалагдахгүй байгаа, фракцгүй гэдэг ч бодит байдалд хотынхон ба зүүний хүчний холбооныхон Засгийн газарт “шургалсан” учраас одоохондоо тэд бол АН-аас ч дор шаарууд. Ёстой нөгөө загалмайтны аян дайны үед загалмайтны нэг урсгал нь лалынхантай байлдаж, бас баяжиж байсан нөгөө урсгалаа (тамплиерүүдийг) “бурхны бөөлжис цутгам буруу номтон” гээд намначихдаг шиг л юм болж байна.


Хүлээс


Тодотголын нэн аюултай тал нь нийгмийн маш өргөн давхаргыг өөрийн эсрэг босгох аюултай. Харин тодотголыг УИХ батлах учраас ямар ч гишүүн сайд биш л бол тэр бослогод хамагдахыг хүсэхгүй.
Хүүхдийн мөнгийг хасах нь АН-ын “үнэт зүйлийг” дэвсэлж байгаатай адил. 1206 он, таван сумыг билэгдсэн, 12 сарын 06-ны таван намын нэгдлийг баталгаажуулсан АН-ын дахин сэргэлтийн уриа нь энэ “хүүхдийн мөнгө” байсан юм. Байснаас дарга Н.Алтанхуяг, генсек Д.Дорлигжав, хотын дарга болсон Э.Бат-Үүл, одоо л сайд, тэр үед намын эрхийг барьж байсан М.Энхсайхан, бас тамга тэмдэг булаацалдаж байсан ч бас л дарга байсны хувьд Р.Гончигдорж нар яг 1990 оных шиг хахир хүйтэн өвлийн тракторчдын баривчилгаанаас эхлээд хаврын Л.Гүндалайн баривчилгааг дамжин сонгуульд орохдоо энэ л уриаг барьж ганц суудалтай АН-ыг өнөөгийн түвшинд хүргэх суурийг тавьсан.


Чухамхүү түүнийг сурталчлах ажлыг гардан хийж байсны хувьд Г.Уянгын ч үнэт зүйл мөн. Үнэндээ энэ мөнгө траншейны хүүхдүүдийг цөөлж, хүн амын өсөлтийг нэмж, нөгөө талаас эмзэг хэсгийн нийгмийн хамгааллыг сайжруулсан. АН-ын мянга мянган гишүүд энэ уриаг хашгирч явсан, тэгээд энэ мөнгийг хасахдаа тулбал сайд болсон Д.Дорлигжав, М.Энхсайхан нар дуугүй байдаг юм гэхэд Н.Алтанхуяг, Г.Уянга нар “Одоогийн өндөрлөгүүдийг Америкийн их сургуульд жаргаж байхад бид энд баривчлагдан ачигдан байж энэ мөнгийг өгүүлсэн” гэж хэлэх эрхтэй.
Үнэндээ хүүхдийн мөнгө төсөвт дарамт болох эд биш, олон нийттэй харилцах тал дээр жаахан эв дүй гаргахад үүнийг шийдэх боломж бий. Жишээ нь энэ мөнгийг төсвийн дарамт гэж үздэг нь үзэл бодлоороо, авдаггүй баян чинээлэг нь нийгмийн хариуцлагаараа татгалзахыг уриалсан бол эмэгтэйчүүдийнхээ “ээмэг бөгжийг” авах гэж шахамдуулснаас илүү үр дүнтэй болох байсан юм. Ингэхэд ээмэг бөгжөө өг гэж цэцэрхдэг эрчүүд юугаа тавих бол ?! Зангиа, өмднийхөө тэлээг тавих уу ?!


Эцсийн дүндээ цаана нь байгаа “шийдвэр гаргадаггүй” сая шахам хүүхдийн асуудал учраас энэ алхам ихээхэн дургүйцэл дагуулах сэтгэл зүйн үндэстэй, үүн дээр дөрөөлөгсөд ч хангалттай.
Дээр нь хүүхэд асарсны тэтгэмж, бас одонтой эхчүүдийн тэтгэмжийг хассанаараа өрх бүрийн эсэргүүцэлтэй тулж байна. Адгийн шаар ч бай, ариун бурхан ч бай бид 3 саяулаа нэг л хаалгаар гарч ирж, эх үр болдог учраас хүүхдийн төлөөх гомдол дээр “шинэ ба хуучин” эхчүүдийг нэмдэг нь бүдүүн тоймоор хүн амын 51 хувийг нэмээд өөрийн эсрэг болгочихож байна.
Зүгээр, хаалгаар түлхэж оруулсан нь жаргасныхаа шанг тэгэхэд хүртсэн учраас тамхиныхаа хэрүүлийг л хийгээд суух байх гэж бодож болох ч “орон дээр аав болох амархан, орноосоо буугаад эцэг болох хэцүү” учраас бас нэг юм бодож л таарна даа, эрчүүл. Дөнгөж саяхан л нэгдүгээр одон гардах хүүхдийн тоог 6 болгож байснаа одоо ингэж хасахаар тухайн үеийн дэмжлэгтэй тэнцэх сөрөг савалтыг олон нийтийн дунд бий болгож байна. Тэгээд муу нэрийг нь Засгийн Газар толгойлсноороо АН л үүрнэ.


Оюутны мөнгийг онц сурсанд нь өгөх бол ёстой зүй ёсны шаардлага. Гэхдээ нийгмийн тогтвортой байдал талаасаа маш эвгүй. Муу сурдаг ч нийгмийн идэвхтэй “эвлэл царайлсан манлайлагчид” мундахгүй учраас “эрх баригчид доторх сөрөг хүч”-ний хатгаасаар 200 мянгаас овоо хэдийг гудамжинд гаргачихаж дөнгөх л байх.Бас ийм шийдвэр багш нарыг хахуульд автуулна гэж байгаа ч 70 мянгаас хэдэн багшдаа хэдийг ч өгөх билээ, наадуул нь голох биз. Гэхдээ голсон юм голд нь ордог их сургуулийн багш нар ч мунддаггүй бололтой юм билээ, Аанхаагийн бичдэгээр. Ингэлээ гээд нийгмийн зүгээс тэднийг яаж ч шүүмжлээд номхотгож чадахгүйд гай нь байгаа юм.


Дээрээс нь эмч, дунд сургуулийн багш нар гэсэн нийгмийн өргөн давхаргын цалин цавуу, нийгмийн хамгааллаар оролдохоор чинь энэ нийгэмд Засгийн газарт талтай нэг ч хүн үлдэхгүй нь. Тэр тусмаа бага ангийн багш нар нэн хүчирхэг нөлөөтэй давхарга атлаа хамгийн их хохирно. Нарийн мэргэжлийн эмч, багш нараас ажилсаг нь өрөө түрээслээд эхогоор хараад, элсэлтийн шалгалтанд сурагч бэлдээд хэдэн цаас олох л байх. Харин учраа мэдэхгүй дөч тавин шушмаатай цаг наргүй ноцолдож байгаа багын багш нар үнэндээ “бизнесгүй” шүү дээ. Бизнес байлаа ч бие нь дийлэхгүй. Эцсийн дүндээ хамгийн хүндтэй багш нар тэд л байдаг. “Бага ангийн багшдаа баярлалаа…” гэж дуулдагаас “математикийн багшдаа баярлалаа…” гэж дуулдаг бил үү ?! Тэд засагтаа гомдвол нийгмийн уур амьсгал яйран болно.


Харин үүний оронд хувийн дунд их дээд сургуульд олгодог “хувьсах зардал” гэгчийг танавал дээр баймаар. Нэгэн үе сургуультай хүн баян байхад олон хүн гишүүн болсон, одоо ч даржин даруухан нь сургуультай юм шиг билээ. Тэд лоббидож байгаад хувь хувьсгал хамаагүй хувьсах зардал төрөөс татдаг болсон. Овоохон өргөжсөн томоохон сургууль жилдээ 20 тэрбумыг эргэлдүүлж, гагцхүү багш, сэтгүүлч, хуульч, менежер (дарга) бэлтгэж байна. Нийгмийн ач холбогдол нь юу юм ? Нэгэнт бизнес л юм бол бүх орлогоо үйлчлүүлэгчдээсээ авч болохгүй юм байх даа. Дөч тавиас эхлээд дөрөв таван саяын төлбөртэй, улсын сургуулийн аль л өнгөтэй өөдтэй тэмдэгнээс өөр урамшуулалгүй багш нарыг мөнгөөр цохиж авдаг тэд хувьсах зардлаар яах юм ? Саяас дээш орлоготой өрхөд хүүхдийн мөнгө өгөхгүй гэснээс тэрбумаас давсан орлоготой тэдэнд хувьсах зардал өгөх нь тэмээн дээр ямааны гарз биш үү ?
Хэрэв Монголд академийн ба их сургуулиудын социологийн хүрээлэн нь ажилладаг л бол нийгмийн давхраажилтийн судалгааг хамгийн сайн хийсэн байх ёстой. Гэвч би л лав монголын нийгмийн давхраажлийг мэргэжлийн байгууллагууд судалсан гэж сүүлийн 20 гаруй жил сонсоогүй. Нууц судалгаа биш л бол би мэдсэн байх ёстой.

Засгийн газар шийдвэр гаргахдаа нийгмийн давхраажилтийн судалгаанд үндэслэж халамжийн хийгээд хөгжлийн бодлогоо тодорхойлох ёстой. Гэвч тийм зүйл даан ч байхгүй. Ингэхлээр хар таамгаар тууж яваа нь тодорхой байна.
Түүнээс их мөнгө хэмнэхийн тулд хамгийн өргөн давхаргыг тононо гэвэл нийгмийн тогтворгүй байдлыг л өдөөнө. Үүнийг улстөрийн дөртэй хэн ч мэднэ, эсэргүүцэгчид нийгмийн хамгийн өргөн давхаргад дөрөөлнө.


Эцсийн дүндээ энэ тодотгол хямралд өртсөн нийгмийн хамгийн өргөн давхаргад дөнгөж амсах төдий тарж хүртдэг халамжийг ямар их үнэ цэнэтэйг улам ойлгуулах ба тэртэй тэргүй авч байгаадаа ч сэтгэл дундуур байгаа өргөн давхаргад халамжийн нь үнэ цэнийг улам мэдрүүлж, бүр их хорсох, гомдох сэтгэл төрүүлэхээс хэтрэхгүй. Тэр тусмаа тэгэхээс тэгэх гэсэн шиг хамгийн өргөн давхаргуудыг сонгож мөнгөө татаж байгаа нь бүр аюултай. Эсвэл санаатайгаар хямраах төлөвлөгөө байна уу ? Тэгвэл ч…
Чухамхүү хямралын үед тогтвортой байдлын төлөө нийтийг хамарсан нийгмийн зарим халамжийг хасах биш тогтоон барих, эсвэл бага зэрэг нэмэх замыг сонгодог. 7,6 тэрбумын хоолны талон бол асуудлыг шийдэх гарц ерөөсөө биш. Хэдээр нь талон хэвлээд хэдийг нь гуанзуудад өгөөд хэд нь өлсгөлөн хүнд очих юм. 1929 оны хямралын үед АНУ-д ийм арга хэмжээ авч байсан юм.


Ард түмэн ардчиллын төлөө, үзэл санааны төлөө сонголт хийдэггүй, үнэхээр ажилчин тариачин нь эрх чөлөөний үзэл, онолыг дагадаг юм бол Октябрийн хувьсгалын дараа тариачдыг өлсгөлөнгөөр багалдуурдаж, сэхээтнийг ГУЛАГ-аар хашиж, торгуулийн хороог хаалтын тусгай сумангаар хяддаггүй л байхгүй юу.


Тэр үзэл санаа, либерал, либертар, гадаадын хөрөнгө оруулалт, инфляц энэ тэр бол цатгалан сэхээтний цамаан хэхрэлтээс өөр юу ч биш гэж олонх үзнэ, ялангуяа ядарч туйлдсан цагтаа “талх, давс” хоёр л өгнө гэхээр хаанаа пулемётоор шүршчихдэг нь гагцхан орос зан биш байх. Бурхнаа ч зарчихдаг л хүн төрөлтөн шүү дээ.


Үрэлгэн байдлын хамгийн тод жишээ бол оруулсан хөрөнгөө буцааж олж авахгүйг л хэлнэ. Өмнөх Засгийн газрын үед асар урт замууд тавьсан. Улс нь Сингапур биш юм болохоор, уур амьсгал нь ч өөр юм болохоор их ч хөрөнгө хаясан. Харин энэ их хөрөнгө оруулалт, өндөр хүүтэй өр, бүтээн байгуулалтын реклам төдий ашиг өгөх үү ?! Эсвэл замаар холбосон аймгийн төвүүдийн орох гарах цэгт мөнгө хураах цэг байгуулж хураамж авах уу ?! Сайхан зам тавьжээ, улс хөгжиж л байна, засаг юм хийгээд л байна гэж жолооч бүр ярьж яваа гэж итгэхээс илүүтэй энэ хураамж ашиг өгөх нь эргэлзээгүй. Хөгжиж хөлжөөд мөнгөө хаашаа хийхээ мэдэхгүй байгаа гэж боддог Европт зам ашигласны төлбөртэй. Машин бүрт байдаг навигац нь жолооч бүрийг төлбөртэй зам руу шахаж мөнгө хийдэг.
Төсөв нэмэх иймэрхүү боломжууд манайд олон бий. Улаанбаатараас Баянхонгор хүрэх замд Улаанбаатар, Хархорин, Баянхонгорт 5000-аар гурав авахад нэг машинаас 15000 төгрөг суутгачих боломж бий. Аль ч улсад ийм байдаг биз дээ. Ер нь ингэхэд төлбөр авахгүй юм бол зам яах гэж барьсан юм ?!


Сангийн яам тодотголд туйлын хайнга хандсан ба бүхлээр хасаж тэгшитгээд төсвөө “нохой ам” нийлүүлчихээр энэ тодотгол нь амилаад Засгийнхаа багалзуурт асчих төлөвтэй байна. Сүүлдээ Сангийн яам гэж халтуурын газар болон хувирсан байна. Бүхэл бүтэн улсын Сангийн яам гэхэд ичиж үхмээр шаарууд. Яаж ингэж ажил хийж болдог байна гэж дуу алдмаар. Эд нарын оронд Эрээний наймаачин авгай авчирсан ч гэсэн ингэж балиартаж халтуурдахгүй…


Харин Засгийн газар яарч оны хоёр дахь өдөр гишүүдэд тараагаад хоёр долоо хоногт багтааж батлуулах гэхээр эцэстээ сөрөг үр дүнд хүрч байна. УИХ-ынхан галзуурчихаагүй л бол Засгийн газрыг байтугай өөрсдийнхөө хүзүүг дүүжлүүрт углах ийм тодотголыг батлахгүй л болов уу ?!
Хэрэв Засгийн газар Сангийн сайдаа томилоод сар болоогүй байхад тодотгол оруулж ирж байгаа бол (сайд нь Кейнсээс агуу биш байлтай), эдийн засгийн нэг арга хэмжээгээ нөгөө арга хэмжээгээр тэнцүүлэхгүй бол, улсын эдийн засгийг биш, төсөв харж шинэчлэл хийж байгаа бол яг өнөөдрөөс Монголд Кейнсийн биш Керенскийн эрин үе эхэлнэ.


Салбар дундын тэнцэл…


Эдийн засаг, төсөв бол бие даасан салбар шинжлэх ухаан биш л дээ. Хуучин цагт политэкономи гэж улстөрийн хавсарга ухаан болгож сургадаг байсан. Яаж ч бодсон Засгийн газрын гаргаж буй шийдвэр бүхэн улстөрийн бодлого, шийдвэр бөгөөд түүнийгээ эдийн засгаар илэрхийлнэ, тооцно. Тиймээс эдийн засаг бол өөрөө улстөр бөгөөд өөр юу ч биш.


Нийгмийн өргөн давхаргыг өөрийн эсрэг турхирна гэдэг лав Ерөнхий сайдад яав ч хүсэх зүйл биш, АН-ын бодлого биш байлтай. Наанадаж өөрөө, цаанадаж нам нь ирээдүйгүй болно. Эрхбиш бүхэл бүтэн улс байна даа, ёстой нөгөө хуучны хэллэгээр “салбар дундын балансаа” тооцоод бариад байж болмоор санагдана. Ашиг олж байгаа салбараараа алдагдалтай салбараа чирнэ гэсэн үг л дээ. Улсын нийгмийн салбар хүрээний хувьд ч тэр, ийм тэнцэл хамгаас чухал. Хэрэв ингэж чадахгүй бол улс орноо бүхлээр нь харж засаглаж чадахгүй байна гэсэн үнэлгээ авна шүү дээ. Үнэндээ энэ улс орныг бүхлээр нь харчих ухаантай хүнд Засгаа өгчихийг ард түмэн мөрөөддөг ч тийм “хаан” төрдөг цаг өнгөрсөн, тэр ч байтугай ганцаараа бизнес хийдэг цаг өнгөрөөд компаниуд хүртэл хамтын удирдлагатай болсон цаг шүү дээ.
Бидэнд коммунизмын үеэ байг гэхэд “капиталист” туршлага ч бас байгаа ш дээ. М.Энхсайханы үед шатахууны бойкотод ороход суурь үнийг чөлөөлснийхээ хариуд импортын татварыг тэглэх замаар иргэдийн орлогыг тэнцвэржүүлж байсан. Одоо ч иргэд тэр үеийг зөв гэж үздэг учраас дандаа ялагддаг М.Энхсайхан сайдын зэргийн нэр хүндтэй байгаад байдаг.
Өрийн бичиг гаргах замаар алдагдал нөхдөг арга бол хамгийн бүдүүн ширхэгтэй бөгөөд эдийн засгийг удирдахад “өр” нэмэхээс өөр үр дүн өгөхгүй гэдэг нь тодорхой. Ийм тооцоо судалгаагүй, бүдүүн хадуун аргаар, их мөнгө цутгах замаар асуудлуудаа шийдэж явсны хар гай бол өнөөгийн өр, өнөөгийн хямрал, өнөөгийн эх толгойгүй байдал. Тэр өрөө асгаж, цутган иддэг нь үүний шалтгаан.
Төсвийг орон нутагт тэгшитгэн хуваадаг, жалга довын эрх ашигт баригдсан гишүүдийн лоббигоор төсөв хуваах зарчим тогтсоны харгайгаар үрэлгэн төсөв боловсордог. Улаанбаатарт хүн амын төвлөрөл хэтэрч, утаа дийлдэхээ байж, сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй, нийгмийн асуудал хүндэрч байхад нутгаа орхиод явсан иргэдэд зориулсан улаан булан, спорт заалууд сүндэрлэсээр. 1300 хүн амтай суманд 650 суудалтай сургууль босож байна. Бүх сумаараа нэг л сургуулийн ажилтан албан хаагч болоход элбэг хүрэлцэнэ. Харин хотод асуудлаа шийдэхийн тулд “Нийслэлийн татвар” санаачилж байна. Ядуурч хот бараадсан иргэдэд дахин дарамт, гэтэл үнэндээ төсөв хүнээ дагадаг бол төсвийн тэн хагас энэ татвартай татваргүй шууд хотод ноогдох ёстой.
Төсөв хүн амаа дагахгүй, өөрийгөө тэтгэх чадваргүй засаг захиргааны хуучирсан хуваарийг дагаж тарамдсанаас нийгмийн асуудлууд хуримтлагдаж байна. Улаанбаатарт бүхэл бүтэн хороо цахилгаангүй байхад хэдэн зуун км цахилгааны шугам хөдөө тавьж байна. “Шилэн дансны хууль” ч ялгаагүй, ер нь бол урсгал төсвийн хяналтыг Сангийн яам сайн хийдэг юм билээ. Түүнийг зөрчих, асгаж цутгах боломж тун бага. Гагцхүү төсвийн хөрөнгө оруулалт гэж нэг айхтар зүйл л улсыг сүйтгэж байна.


Энэ хөрөнгө оруулалтыг хянах механизмыг боловсронгуй болгож байж л төсвийг үр дүнтэй зарцуулж хэмнэлт гаргана. Үнэндээ манай хямралын бүх шалтгаан гадаад, дотоод гэлтгүй энэ “хөрөнгө оруулалт”-д л байгааг ёстой амархан олчихож болно. Үнэндээ гадны хөрөнгө оруулалтын хамаг булай булхай луйврыг гарамгай сурчихаад түүнийгээ дотооддоо нэвтрүүлэх талаар амжилттай ажиллаж байгаа хэр нь түүний буруу булхайг засах сонирхолгүй байгаад л хэргийн гол нь байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг манайхан ойлгоод шалгачихаж байна, заргалдаад 30 саяыг авчихаж байна, Монгол хүн мал хоёр адилхан гэж боддог ч ухаантай улсыг шалгах гэлээ гэж баалж баалж, 100 саяыг бэлэглэсэн гэсэн шүү дээ.
Харин дотоодод төсвийн хөрөнгө оруулалт бүр яг ийм байдлаар даварч дэвэрч байгааг хэн шалгадаг вэ? Механизмыг нь мэдэж л байгаа байхгүй манай татварынхан. Зүгээр шалгадаггүй л болохоос.
Төсөв бол “баялгийг дахин хуваарилах арга”, бас л нийгмийн дундын балансыг барьдаг хэрэглүүр гэдгийг мартаад байна. Үүгээр дамжуулж баялгийг ихээс багад хүртээмжтэй хувааж, нийгмийн хөгжил, амгалан тайван байдлыг хангадаг. Гэвч тэр дахин хуваарилалт нь төсвийн хөрөнгө оруулалт гэгч аймшигт үрэлгэн системээр, олон жил бугшиж, мөнгө идэх сүлжээгээ байгуулсан гишүүдийн “тойрогтоо авсан” хөрөнгө оруулалтаар дамжин хийсч байгаагаас иргэдэд юу ч очдоггүй, үүнээс баялгийн тэгш бус хуваарилалт үүсдэг. Тиймээс үнэхээр хэмнэх гэж байгаа бол хямралын үед хөрөнгө оруулалтыг түр царцаах замаар үй олон асуудал шийдэж болно.


Үнэндээ одоо 165.000 болоод байгаа төрийн албан хаагчдыг тэртээх үеийнх шиг 85 мянга болгодоггүй юм гэхэд цомхотгож байгаа нь энэ гэж жижүүр, манаач, үйлчлэгч нараа уйлуулаад эхэлдэг цомхотгол ямар ч хэрэггүй. Сая бас л үйлчилгээний салбар, эмч багш нар хэлмэгдчихлээ.
Хэрэв үнэхээр цомхотгох гэж байгаа бол цомхотголд орсон иргэдийг амьдрах боломжийг давхар бий болгож байж цомхотгохгүй бол бас л тогтворгүй байдал үүсгэнэ. “Ланд ровер” уначихаад л ажилгүй болчихлоо гээд гүйлдэнэ, энэ хүний л араншин.
2012 оны ялагдлын дараа МАН-ын гишүүнчлэлтэй олон мянган хүн “чөлөөт зах зээл”-д гараад “олсон зөөснөөрөө” олонх нь нэг, нэг жижиг суурь машин гаднаас оруулж ирсэн байдаг. Дугуйн резин боловсруулах, чихэр шоколад хийх, ариун цэврийн цаас үйлдвэрлэх гэх мэт. Одоо тэр хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг л хүсдэг болсон байна. Яах хэрэгтэй вэ ? гэж асуувал миний үйлдвэрлэж байгаатай ижил төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг л өсгөөд өгөөч гэнэ. МАН-ынхан үй олон хүнээ гудамжинд хаясан бол хямралтай төсвөөс хөрөнгө оруулалт хусаж амийг нь зогоох гэж гүйхийн оронд үүнийг эхэлж санаачилж хийх байсан шүү дээ.
Басхүү баялаг бүтээгчид гэж хэдэн хөрөнгөтнүүдээ хошгируулж, өнөөдүүл нь Намсрай бурхан аятай энд тэнд хүн тэжээдгээ гайхаж, дарга сайдад гомдол мэдүүлж явах юм. Улсаа хөгжүүлээд хаях гэсэн чинь татварынхан алаад хаячихлаа, зээл өг, татварын өршөөл гарга…Яг үнэндээ бол Монголыг том хөрөнгөтнүүд биш, монголын баялаг, хөдөлмөрчин ард, ажилчин анги нь тэжээж байгаа гэдгийг онцлон дурдах ёстой.


Төр засагт их юм бий, гэхдээ өөрт гэм хор хийсэн хүнээсээ өршөөл эрж болдоггүй байхгүй юу даа. Үнэндээ бол баялгийг ард түмэн, ажилчид бүтээдэг. Харин тэр хөрөнгөтнүүдийг манлайлагч, зохион байгуулагч хавьд цоллож бол болж байна. Хэрэв баялгийг цөөнх бүтээдэг гэж дээр дооргүй ойлгож байгаа бол энэ улс бас явахгүй. Энэ ойлголт нь өнөөх олигопол, монопол зах зээлийг бий болгоно.


Чухамдаа энэ мэт “давхарга дундын тэнцлээ” харахгүй хийсэн нэг талдаа зузаан өрийн бичгүүд, бичилтүүд, нөгөө талдаа хавтгайрсан таналт хүмүүсийн тархи, оюунд шударга бус үйлдэл мэт санагдаж, мартагдаад байсан “Интернационал”-ийг дуулж байгаад өөрсдөө гардан засварлах хүслийг өдөөнө.


Эдүгээ мартагдсан тэрхүү “Интернационал” дуунд ингэж дуулдаг юм:
Босцгоо дарлагдсан ардууд
Боолчуудын ертөнц босцгоо !
Эсэргүүцэл төгс манай сэтгэл
Эрэлхэг тулалдаанд бэлхэн байна !
Үргэлж дарлагч ертөнцийг
Үндсээр нь бид нураагаад
Үгээгүйчүүд эрхээ эдэлсэн
Үнэн бат журмыг тогтооно.
Дахилт: Энэ бол манай эцсийн
Эрс тулалдаан юм.
Интернационалтайгаа
Хүн төрөлхтөн давшина.
Хамгаар эрхт ёсыг
Хаад бурхад заяахгүй.
Харин эрх чөлөөг бид нар
Хамтын хүчээр лавтай олно.
Аюулт дарлалыг нураахын төлөө
Аливаа бүхнээ эзэмшихийн төлөө
Халуун галаа дүрэлзүүлж
Хатан болдоо давтацгаая.


Энэ дуу дэндүү хүчтэй гэдгийг энэ засаг төр мэдэхгүй байж болох ч дэлхий дахины болон бидний түүх сануулах буй за…


Судлаач Х.Д.Ганхуяг.