Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрын гишүүд, сайд нарт  нэр дэвшүүлж, томилохын өмнөхөн Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Х.Тэмүүжин өөрийн twitter хуудастаа нэгэн баримтыг оруулсан билээ.  Тодруулбал  энэ нь “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх авлигын хэмжээ" гэсэн гарчигтай “Алтан дорнод Монгол “компаниас хэн нэгэн рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн банкны гүйлгээний хуулга байсан юм.
Хэдийгээр нэр цохоогүй боловч энэ баримтаараа өөрийг нь хэлж байна гэж үзсэн Хууль Зүйн сайд Д.Дорлигжав АТГ-т Хууль Зүйн сайд асан Х.Тэмүжинг шалгуулахаар өргөдөл гаргасан. Мөн  тэрээр  УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр нэр цохоогүй боловч   “Таны прокурорын ажил эрх мэдэл ихтэй. Битгий сайд бол гэж их олон хүмүүсээр гуйлгасан хүн байгаа” хэмээсэн нь  ч Х.Тэмүүжинг хэлсэн бололтой гэж эх сурвалжууд дүгнэсэн билээ.

Тэгвэл өнөөдөр  дөрвөн сая ам.долларын асуудлаарх өргөдлийг Авлигатай тэмцэх газар шалгаж үзээд авилга, албан тушаалын гэмт хэргийн шинж чанартай үйлдэл байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс өргөдлийг хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн аж. Өөрөөр хэлбэл Хууль Зүйн сайд  асан Х.Тэмүүжин, Хууль Зүйн сайд Д.Дорлигжав нарын хэн нь үнэн ярьж буйг цагдаагийн байгууллага тогтоох бололтой.


Э.Явуу