Нийслэлийн удирдлагууд төлбөрийн чадавхид нийцсэн орон сууцны стратеги төлөвлөгөө боловсруулж,  бага, дунд орлоготой айлуудыг орон сууцжуулах зорилготой, шинэ журам гаргахаар ажиллаж байна. 

Одоогийн арилжааны банкуудаар хэрэгжиж буй ипотекийн зээл буюу орон сууцны зээлийн шаардлагыг хангаж чадахгүй иргэдэд уян хатан нөхцөлтэй, зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 хүртэл хувь болгож бууруулах талаар эхний тохиролцоогоо Монголбанкны холбоотой хийсэн байна.  

Энэхүү ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэж, эхлүүлэх бөгөөд бага дунд орлоготой иргэд орон сууцны зээлийн урьдчилгаа 10 хувиа төлөөд үлдсэн 20 хувийг нь Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлсэн хөрөнгөөс гаргах аж. 

Түүнчлэн хотын дахин төлөвлөлтөд ороогүй амины хашаа байшинтай  нийслэлийн зарим гэр хорооллын  иргэдийн дунд судалгаа явуулахад тэдний дийлэнх нь олон давхар, өндөр орон сууцанд амьдрах хүсэлгүй, амины сууцаа шинэ шийдлээр тохижуулж, түүндээ төрөөс дэмжлэг авахыг хүссэн байна. 

Энэ асуудлаар удирдлагууд хэлэлцэх бөгөөд байгальд ээлтэй технологиор амины сууцаа шинэчилж, сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдвэл нийслэлээс татаас өгөх маягаар дэмжих тухай яригдаж байна. 

Амины сууцаа шинэчилсэн айлуудад хөрөнгө оруулалтынх нь 10-20 хувийг татаас хэлбэрээр буцаан олговол энэ ажил эрчимтэй хэрэгжих магадлалтай хэмээн стратеги боловсруулагчид үзэж байна.

Ц.Эрдэнэ