Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга шинэчлэгдэж Булган сумын харьяат Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар томилогдсон. Олон жил байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байсан нутгийн зөвлөл ийнхүү шинэ даргатай болж залуучуудаа дэмжиж ажиллана гэсэн уриатайгаар ажлаа эхлээд байгаа юм. Ийнхүү нутгийн зөвлөлийн 5 дахь ээлжит хурал энэ сарын 8-нд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн байрандаа боллоо. Тус хуралд 60 хувийн ирцтэйгээр сумдууд оролцов. Хурлаар өнгөрсөн шинэ жилийн баярыг Булган сумын нутгийн зөвлөл хэрхэн тэмдэглэн өнгөрүүлсэн талаар тайлан, санал шүүмжээ хэлэлцлээ. Мөн цаашдаа гурван сумд нийлэн уламжлал болгон жил бүр зохион байгуулж байхаар тогтож 2015 оны шинэ жилийн баярыг Халхгол, Баян-Уул, Баянтүмэн сумдын нутгийн зөвлөл зохион байгуулна гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Мөн энэ үеэр өнгөрсөн жилийн шинэ жилийг зохион байгуулсан талаарх тайлангаа Булган сумын нутгийн зөвлөлийн дарга Л.Жамбалсүрэн тус сумдын нутгийн зөвлөлийнхөндөө хүлээлгэж өгөхөө дурдсан юм. 
Түүнчлэн энэ сарын 17-ны өдөр болох “Цагаан-Овоо сайхан даа” өдөрлөгийн талаар тус сумын нутгийн зөвлөлийн дарга С.Билэгсайхан танилцууллаа. Бид энэ талаар дараагийн дугаартаа сурвалжлага, мэдээлэл оруулна. 
Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар хурлын үеэр “Бид энэ долоо хоногт Баянгол дүүрэгт “Залуучуудын зөвлөл”, “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн ажлын байраа нээж байнгын ажиллагаатай болгоно. Тус зөвлөлүүд Улаанбаатарт Баянгол дүүрэг, Их хэнгэрэг компанийн байр 202 тоотод маргааш нээгдэнэ. Ингэснээр Дорнодын залуучуудыг дэмжих тэдний санал бодлыг хуваалцах мэтгэлцэх, спорт, урлагийнхантайгаа ойр байх, тэдний сэтгэгдлийг сонсох, дэмжих, орон нутаг сумдуудаас хотод байгаа залуустаа хүрч ажиллахыг зорилго болгож байна. Бид хүчирхэг Дорнодын төлөө хамтдаа зүтгэх ёстой. Тагтаа байснаас бүргэд байсан дээр. Тиймээс “Дорнодынхон” гэсэн хувь хүний үнэлэмжийг өнөөдөр бий болгох учиртай” гэсэн юм. 
Мөн түүнчлэн Улаанбаатар хотод Дорнод аймгийн нутгийн зөвлөл байнгын ажиллагаатай үйл ажиллагаагаа эхлүүлэн орон нутаг, сумдаас ирж буй иргэдийг хүлээн авч, санал сэтгэгдлийг нь сонсч байгаа ажээ.