10928752_399941080175325_1762966684_n“Монголын Оюутан Залуусын Нэгдэл” ТББ-ын Ерөнхийлөгч  Д.Батзоригтой ярилцлаа

- Та 70.200 оюутнуудад олгох асуудлыг төсөл байхаас нь хэрэгжүүлэхийн төлөө, оюутнуудад олгуулахын төлөө тэмцэж байсан хүмүүсийн нэг байх аа,  эндээс яриагаа эхлэх үү?

- Тийм ээ, миний хувьд  анх 2010 онд Дээд боловсролын санхүүжилт суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл боловсруулагдаж байх үеэс УИХ-д батлагдах хүртэл бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцож Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагыг дэмжиж хуулийн төслийг УИХ-д батлуулахын төлөө “Тэтгэлэгтэй Хариуцлагатай Оюутан” уриалгыг гаргаж оюутан залуучуудын сайн дурын хөдөлгөөнийг удирдан, хуулийн төслийн ажлын хэсэгтэй хамтарч ажиллаж байсан. Төслийн гол санаа болох газрын хэвлийн баялагаас орж ирж байгаа хөрөнгийн тодорхой хувийг дээд боловсрол руу зориулья, эрдэм боловсролтой Монгол хүн монголын баялаг юм гэсэн санааг дэмжихэд чиглэгдэж байсан.

Тухайн үедээ  бид  өнөөдрийн төр засгыг удирдаж байгаа ах эгч нарын дийлэнх нь,  мөн бидний ээж аавууд  тэтгэлэг буюу  стипенттэй  /цалинтай/ суралцаж байсныг эргэн тогтоохыг зорьж, тэгвэл “одоо суралцаж байгаа оюутнууддаа яагаад тэтгэлэг стипент олгож болохгүй гэж..” гэдэг асуултыг  асууж үнэхээр энэ хуулийн төсөл оюутнуудад ямар үр дүнтэй,   амьдралд хэрэгтэй эсэх талаар 30,000 оюутнаас судалгаа авч оюутнуудын бодит амьдралтай танилцаж шат дараалласан хэлэлцүүлэгүүдийг  өрнүүлсний  эцэст олон журмын нөхдийн хамт оюутан залуучуудын холбоо зөвлөл байгууллагуудын хамт энэхүү хуулийн төсөл оюутнуудын амьдралд чухал хэрэгтэйг судалгаа хэлэлцүүлэгүүдийнхээ үр дүнд олж  харж эргэлт буцалтгүй УИХ-д хуулийн төслийг батлуулахын төлөөх ажлуудыг хийсэн.

Бид судалгаа хэлэлцүүлэгүүдийнхээ үр дүнгээс хуулийн төсөлд шигтгэж өгөхийн төлөө удаа дараа оюутнуудын санаа бодлыг тэр үеийн төр засгийн  удирдлагууд гишүүдэд хүргүүлж байсан удаатай.

2010 оноос  2011 оны турш жил гаруйн хугацаанд  олон шат дараалласан ажлуудыг манай “Монголын Оюутан Залуусын Нэгдэл”-д  нэгдсэн 55-н холбоо зөвлөл, олон мянган идэвхтэн гишүүдийнхээ хамт хийсэн юм. Бид хоёр ч удаа  нийтийг хамруулсан   жагсаал цуглаан хүртэл хийж байсан. Орон нутаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Оюутан залуучуудын холбоо зөвлөлүүд өөрсдийнхөө харьяалагддаг тойргоос сонгогдсон УИХ-н гишүүдэд  “Тэтгэлэгтэй Хариуцлагатай Оюутан” уриалгад нэгдэж УИХ-д хуулийн төслийг дэмжүүлэхийн тулд уриалга хүргүүлж,  лобби шахалт хүртэл  үзүүлж,  УИХ-ын  49 гишүүний гарын үсгийг амжилттай зуруулж чадсан. Ингэснээр уг  хуулийн  төсөл 2011 оны 7 сарын 10-ны өдрийн оройн 20 цагт батлагдаж бидний жил гаруй зүтгэсэн зүтгэл минь үр дүнд хүрч Монголын олон мянган оюутан залуучууд наадмын өмнө  сар бүр 70.200 төгрөг гар дээрээ авах болсон   тухай сайхан мэдээг сонсож байсан.

- Оюутнууд 70.200 тэтгэлэг авдаг болсноор тэдэнд ямар давуу тал бий болсон гэж үздэг вэ?

- Манай байгууллага оюутан тэтгэлэг авдаг болсноос хойш өнгөрсөн  2 жилийн дараа оюутнуудаас мөн судалгаа авсан байдаг. Үүнээс харвал маш олон эерэг үр дагаварууд гарсан байна.  Олон оюутнууд гадаадын их дээд сургуулиудад суралцах боломж нээгдсэн, оюутны дотуур байран дах давхрын атмаан  бие биенийхээ хоол хүнснээс “буудах”, оюутны оролцоотой хулгай дээрэм гарах нь бараг байхгүй болсон, шөнийн цагаар баар цэнгээний газар эрсдэл дунд ажилладаг оюутнуудын тоо эрс багассан, оюутнуудын биеэ үнэлэлт буурсан, элдэв аргаар худлаа хэлж эцэг эхээсээ  мөнгө авахаа больсон, шөнийн цагаар  булаалт дээрмийн хэрэгт оюутнууд их оролцдог байсан  үзүүлэлт буурсан, их дээд сургуулиудын сурах орчин тодорхой түвшинд сайжирсан,оюутнууд дүнгээ сайн гаргаж нэмэлт урамшуулал авахын тулд хичээлдээ шамдах болсон гэх мэт олон үр дүнгүүдийг энд дпурьдан хэлж болно.

- МОХ оюутны тэтгэлгээс оюутнууд талзалзаж байгааг мэдэгдлээ. Та үүнийг оюутнуудын олонхийн шийдвэр гэж үзэхгүй байна уу?

- Монголын оюутны холбоо маш том алдаа хийсэн гэж би ойлгож  байгаа. Оюутнуудаас ямарч судалгаа аваагүй, үндэслэл баримтгүй, тэднээс саналыг нь  асуулгүйгээр хэсэг бүлэг нөхдүүд  “оюутнууд тэтгэлгээсээ татгалзаж байна” гэж Монголын 180.000 оюутны нэрийн өмнөөс ярьсан нь маш том алдаа юм. Тэд оюутны эрхийг  хамгаалж их зүйл хийж бүтээдэггүй юм аа гэхэд ядаж тэдний хувьд чухал энэ  тэтгэлэгийн асуудлыг нь үл хүндэтгэлтэй хандах ёстой байсан болов уу.

МОХ-ны зүгээс  цаасан дээр судалгааны асуулт бичиж хэвлээд оюутнуудаас асуун  судалгаа авч болоогүй юм гэхэд ядаж цахим ертөнц хөгжсөн энэ үед facebook, twitter –ээр  Оюутнууд тэтгэлэгээсээ татгалзаж байгаа эсэхээр хэдэн оруулж  оюутнуудаас санал асуулга аваагүй үнэхээр харамсалтай.  Оюутны эрх ашгийг хамгаалах үүрэгтэй төв  төв байгууллага асуудалд ингэж хандаж үнэхээр болохгүй.

“Шатны хогыг дээрээс нь цэвэрлэдэг” гэдэгчлэн  монголын оюутнууд Монголын оюутны холбоогоо өөрсдөө “авараасай”, ингэхдээ алдаатай бодлого явуулж байгаа удирдлагуудаа солиосой гэж би бодож байна.

Монголын оюутны холбооны албан ёсны пэйсбүүк, пэйж хуудсанд маш олон оюутнууд дургүйцлээ илэрхийлж өнөөгийн Монголын оюутны холбооны бодит байдлыг хэлсэн байна лээ. Ер нь бол Монголын оюутны холбоо анх  Оюутны тэтгэлэгийн хуулийн төсөл 2010 онд хэлэлцэж байхад ч оюутны төв байгууллага байж ямарч санаачлага идэвх оролцоо байгаагүй, тэрч байтугай бүр нам улс төрийн зорилгоор тэтгэлэг өгөхийн эсрэг г байр суурь дээр байсан юм шүү дээ. Тиймээс   Монголын оюутны холбоо оюутны үндэсний тэтгэлэгтэй холбоотой асуудлыг  өөрсдөө  хэрэгжүүслэн мэт  ярихаасаа ичих хэрэгтэй. Харин тэд оюутны виза, автобусны билетээ оюутан бүрт хүртээмжтэй нээлттэй болгож улам сайжруулж ажиллах хэрэгтэй.

- Эдийн засгийн хүндрэлтэй үед оюутнуудад нийтлэг  байдлаар тэтгэлэг олгохоос татгалзаж,   голч дүн өндөр оюутнуудад  олгох тухай яригдаж байх шиг

- Оюутнууд 70.200 сар бүр өгснөөрөө, нялх хүүхдийн өлгий сүүний мөнгө олгосноороо, олон хүүхэд төрүүлсэн одонтой ээжүүдэд  мөнгө хүргэснээрээ   Монгол улс хямраагүй гэж би бодож байна. Ер нь бол 180 мянга гаруй оюутан байна гэдэг нь  тэдний цаана ээж аав ах эгч дүү үр хүүхэд хань ижил гээд дунджаар гурваас таван хүн байна. Монгол айл бүрт оюутан бараг байгаагээд бодохоор оюутны тэтгэлэгийн асуудал дан ганц оюутны асуудал биш 600-900 мянган хүнтэй хамааралтай асуудал юм. Тэгээд ч  одоо нийт оюутнууд тэтгэлэг авахгүй,  тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан оюутнууд авч байгаа шүү дээ. Мэдээж хуулийн төслийг улам сайжруулж боловсронгүй болгох нь зүйтэй байж болох хувилбар  боловч МОХ шиг  нэг өглөө сэрээд л Ерөнхий сайдтай уулзаад, улс төр хийн, асуудалд  сэтгэл хөдлөлөөрөө хандан  хэвлэлийн хурал зарлаад  бодит байдлаас хол юм ярьж болохгүй. Монголын оюутны холбооны ярьсан бакалаврын түвшний оюутны тэтгэлэгийг  3 голч дүнгээс дээш олгоё, магистр, докторт сурч байгаа оюутнуудад тэтгэлэг олгохоо больё гэсэн уриалгыг оюутнууд дэмжихгүй байна. Хүүхэд төрүүлсэн бакалавр, магистр докторт сурч байгаа олон оюутнууд байгаа тэд энэ мөнгөө гэр бүл үр хүүхдэдээ зориулдаг юм. Дургүйцсэн оюутнуудараг ядахдаа  МОХ-ны улдирдлагуудыг  аль нэг намтай холбон ойлгож,  мөн ямар нэг эрх мэдэлтэнтэй улс төрийн тохироо хийсэн, өөрсдийн амин хувиа бодсон эрх ашгийн төлөө энэхүү уриалгыг гаргаж байна гэж үзэж байна.

Улсын сургуульд 3 голч авахад амаргүй байдаг юм байна,  мөн сургуулиудын бие даалт, хичээлийн явц, шалгалт зэргээс хамаараад  оюутны голч  бодох аргачлал  өөр өөр байдаг. Жишээ нь 70:30, 50:50  гэх мэт. Улсын сургууль, хувийн сургуулиудын дүн тавих нөхцөл нь бас адилгүй. Гэнэтийн шийдэл олон эрсдэл дагуулах боломжтой учраас   бид асуудалд судалгаа шинжилгээтэй уян хатан хандах хэрэгтэй.

- Танай “Монголын Оюутан Залуусын Нэгдэл” ТББ оюутны тэтгэлэгийн талаар судалгаа хийсэн гэсэн үү?

- Тийм ээ, бид тэтгэлэг өгөхөөс өмнө ч судалгаа хийж дэмжсэн, тэтгэлэг өгсөний дараа ч үр дүнг нь шалгасан судалгааг тогтмол явуулсан. Манай байгууллага асуудалд хандахдаа  бодит байдалд үндэслэсэн судалгаа шинжилгээн дээр  тулгуурлан  ажилладаг. Бид нийт  гурван  удаа 35.000 гаруй оюутан залуучуудыг  хамруулсан судалгаа хийсэн. Судалгаанаас харвал 70.200 аваад өгнө гэж урьдчилан тохирч  нотебүүк, цахилгаан бараа гэх мэт өдөр тутмын хэрэглээнийхээ зүйлсээ лизингээр авсан оюутнууд цөөнгүй байна.

Мөн ээж ааваасаа мөнгө авахгүй өдөр тутмын хэрэглээндээ зарцуулж байгаа оюутан байна, сургалтын төлбөртөө суутгасан, байрны түрээсийн төлбөртөө өгөхөөр төлөвлөсөн олон оюутнууд 70.200-гаа хүлээж байна.  МОХ-ны яриад байгаа Оюутны Үндэсний тэтгэлэг 70.200  төгрөгийг өгөхийг татгалзаж, тухайн мөнгийг хүүхэд, ээжүүдийн мөнгөнд өгөх гэж байгаа санаа нь үнэндээ нэг овооноос чулуу  аваад  нөгөө овоонд өргөхтэй адил  юм. 70.200 төгрөгөө аваад амьдралдаа хэрэглэж байгаа оюутнууд, дүүгийнхээ сүүний мөнгө, ах эгчийнхээ хэрэглээний мөнгө, аав ээжийнхээ санхүүгийн ачаалалаас хуваалцаж байгаа зүйл биш гэж үү!!! Дэлхийн ихэнх орон оюутандаа тэтгэлэг урамшуулал олгож, дээр нь нэмээд хичээлийн бус цагаараа цагийн ажил хийх боломжийг нь хуульчилж өгсөн байдаг. Монголд оюутан ажиллах боломжтой газрууд ихэнх нь шөнийн цагаар эрсдэл дунд байдаг нь харамсалтай.  Хэрэв  оюутнуудад 70.200  төгрөгөө өгөхөө болихдо  хүрвэл  тэдэнд ажил хийх боломжийг  төр засгийн зүгээс бүрдүүлж өгөх ёстой. Мөн орон нутгаас суралцаж байгаа оюутнуудын дотуур байрны асуудал дээр анхаарах ёстой. Дотуур байр хөдөөнөөс хотод суурьших нийт оюутны 30%-д ч хүрэлцдэггүй бодит байдал байсаар л байна. Дээр нь л оюутны сурах орчин боломжийг улам чанаржуулах ёстой.

Энэ бүх асуудлыг шат дараатай шүийдэж гэмээнэ сая оюутанд олгодог  70.200 төгрөгөө төр засаг буцааж болох юм. Түүнээс биш энэ асуудлыг  хэсэг бүлэг хүмүүсийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн, нийтийн санал бодлыг харгалзаж үзэлгүйгээр  өөрчлөх тийм эрх  Ерөнхий сайд таньд байх ёсгүй!!!

- Ярилцсанд баярлалаа

- Өглөө.мн сайтын хамт олон та бүхэн Монголын  мянга мянган оюутны  эрх ашгийн төлөө  анхдан дуугарч байгаад оюутнуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Г.Эрдэм

Ugluu-logo