Хэдхэн хоногийн дараа Монголчуудын уламжлалт баяр болох цагаан сар болох гэж байгаа билээ. Гэтэл гадны валютаас хамааралтай улсын нэг дутагдал нь баярын үеэр мөнөөх ногооных нь ханш өсч эхэлдэг. Тэр жишгээрээ оны гарсаар ам.долларын ханш өссөөр зарим өдөр өдрөөр биш цагаар өсөх боллоо.

Монголбанкнаас зарласан гадаад валютын ханш 1944 төгрөг, юань 313 байна. Арилжааны банкуудад авах ханш 1930-1938, зарах үнэ нь 1944-1950 төгрөгөөр худалдаалагдаж буй. Хятадын юань 315-ийн ханштай байна.

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний гол хэрэглээ бол мах, гурил. Тэгвэл махны үнэ энэ сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5780 төгрөг, үхрийн /ястай/ мах 7380 төгрөг, үхрийн цул мах 9185 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4805 төгрөгийн үнэтэй байв. Өмнөх долоо хоногтой харьцуулахад ямааны махны үнэ 0.5 хувиар нэмэгджээ. Мөн төмс, лууван, манжин, байцааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад өсчээ. 

Сүүлийн саруудад наймаачид иргэдийн худалдан авах чадвар буурсан гэдгийг онцлох болсон. Үүнээс үүдэлтэй ч байж болох банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өссөн гэдгийг албаны хүмүүс мэдэгдэв. Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 12 дугаар сарын эцэст 12.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 145.8 тэрбум төгрөг буюу 1.2 хувь буурч, өмнөх оныхоос 1.7 их наяд төгрөг буюу 16.1 хувиар өссөн байна.

Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрөгч оны 12 дугаар сарын эцэст 269.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 175.2 тэрбум төгрөг буюу 39.4 хувиар буурч, өмнөх оныхоос 151.1 тэрбум төгрөг буюу 2.3 дахин өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл оны эцэст 625.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.7 тэрбум төгрөг буюу 0.9 хувь, өмнөх оныхоос 59.9 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар өсчээ. 

Буцаан төлөлтөө хийхийн тулд наймаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байж мөнгөтэй болж түүгээрээ банкны зээлээ төлөх хэрэгтэй. Гэтэл амжиргаагаа арай хийн залгуулах болсон иргэд түрүүвчнийхээ хэмжээгээр худалдан авалт хийж байгаа. Эдийн засгийн хямрал биш хүндрэл нүүрлэсэн хэмээн эрх баригчид, эдийн засагчид нь хэлсэн. Гэхдээ тэд энэ хүндрэлээсээ хэрхэн гарах уу гэдгээ хэлэлцэж суугаа. Гэвч нэг л шийдэлд хүрэхгүй байх шиг. Улс орныхоо өр дээр өр нэмэх гарц үлдсэн бололтой.