Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар болон харьяа анги байгууллагын үйл ажиллагаатай танилцаж нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Шадар сайд У.Хүрэлсүх, Онцгой байдлын албаны удирдлага, бие бүрэлдэхүүнд хандан цаашид тус албаны хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, албаны бэлэн байдал, чадавхийг бэхжүүлэх, багаж, техник хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх, аврагч, гал сөнөөгчдийг орон байр, сууцаар хангах, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээ  авч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн Онцгой байдлын алба бол улс эх орон, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй тусгай алба учраас албаны хэмжээнд сахилга хариуцлагыг өндөржүүлж, иргэдэд хөнгөн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх ёстой, Онцгой байдлын албаны нүд, чих үргэлж соргог байж, 24 цаг сэрүүн байх ёстой алба гэдгийг давхар анхаарууллаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд дунджаар 20-30 удаа цаг агаарын аюулт vзэгдэл тохиолддогийн гуравны нэг орчим нь гамшгийн хэмжээнд хvрч, жил тутам 5-7 тэрбум тєгрєгийн шууд хохирол учирч байна.

Зөвхөн өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай офицер, ахлагч нар нийтдээ 9000 гаруй хүний амь нас, эрүүл мэнд, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 80 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын салбарын хувьд бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах, техник багаж хэрэгслийн чадамжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллан, тодорхой дэвшил гарч байгаа хэдий ч хүн амын суурьшил, хотшилт, ард иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж буурахгүй байгаа юм.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал танилцуулгадаа, Онцгой байдлын салбарын үйл ажиллагаанд нэн тэргүүнд анхаарах асуудал бол эрхзүйн орчноо боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхиа сайжруулах шаардлагатай  байна, өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалт 30 орчим хувьтай байна. Аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг 100 хувьд хүргэхэд нийт 240 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хүн амын хэт төвлөрөл, үйлдвэржилт, хотжилт, хот төлөвлөлт, хөгжлийн бодлоготой уялдуулан зарим аврах, гал унтраах анги, салбарыг өргөтгөх, шинээр барих шаардлагатай байгаа”  гэж хэллээ.

Онцгой байдлын салбарт энэ жил аврах, гал унтраах техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж энэ онд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх болсныг  Шадар сайд У.Хүрэлсүх дуулгасан юм.

Мөн энэ онд Австри Улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх,  тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл хэрэгжиж 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий автомашин, техник хэрэгсэл  нийлүүлэгдэх юм.

9X1A8309

9X1A8329

IMG_1275

IMG_1302

IMG_1308

IMG_1406

IMG_1279