Би хардаж байна. Эдийн засгийн хямрал, хүндрэл боллоо хэмээн гоншигноод байгаа энэ засаг, төрийг би хардаж байна. Бид биш тэд төрийн бүх эрх, мэдлийг атгаж ирсэн. Монгол улсын бүх баялагийг тэд л мэдэж, өөрсдөө хуваарилсан, тараасан, идэж уусан. Харин бид юу ч хэлээгүй, гэхдээ харж байгаа, мэдэж байна.

 

Элдэв юм ярьж, мөрөөрөө явсан геологи хайгуулын ажлыг тэд л зогсоосон, өөрсөдөд нь ашиггүй болоод ирэхлээр тэд тас зогсоосон. Бид бас л юу ч хэлээгүй. Төрөө гэж хүндэтгээд дуугүй л байсан. Харин өнөөдөр гэнэт ухаан орсон мэт хайгуулын тусгай зөвшөөрлийг орчин үетэй нь нийцүүлэн цахим хэлбэрээр олгоно гэж тэд шийдсэн. Бид дуугүй л зөвшөөрсөн.

 

Урьд өмнө нь тэд хүч чадал ихтэй, мөнгөний бөхчүүдээ авчирч тусгай зөвшөөрөл авах оочер дарааллыг хүч түрэмгийлэн дайрч, хамгийн ашигтай, нөөц ихтэй байж болох бүх газрыг тэд л авч байсан. Энэ мэт шударга бус үйлдэлд бид дургүйцэхдээ цээжин доторхи гомдол, бухимдлаа хамраараа гаргаж, шүдээ зуун дуугүй л өнгрөөж ирсэн.

 

Харин өнөөдрийн энэ цахим олголт нь дэвшилттэй мэт харагдавч маш сонин зүйл болоод байгааг хүн бүр харж байна. Эхний өдрөөсөө, анхны олголтоосоо эхлээд өнөө компьютер нь гацаж эхлэв. Гэтэл гацаж байгаа юмны хаагуур нь ордог юм 30 компани бүртгүүлээд амжчихсан гэж хэллээ. Дараагийн өдрүүдэд мөн яг энэ үйл явдал давтагдана. Гэхдээ 30-гаа хэзээний бүртгээд авчихсан байна.

 

Бүртгэгдэж байгаа компаниудыг хараад, судлаад үзэхээр уул, уурхайн салбарт “А-ч” байхгүй цоо шинэхэн, будаг нь ханхалсан компаниуд ... Гэтэл өнөө Монголын уул уурхайн салбарт сайн, муугаараа хэлүүлж, дуудуулсаар 15-20 жилийг ардаа орхисон дадлага туршлагатай, өөрийн гэсэн хөрөнгө мөнгөтэй компаниудаас энэ бүртгэлд орсон компани, аж ахуйн нэгж ганц ч алга.

 

Гацаад байгаа хэрнээ ингэж ялгаад байгаад хардах сэтгэл төрж байна. Ийм байж болох уу, болдог юм уу хэмээн IT чиглэлийн программистуудтай уулзаж сонирхлоо. Болно гэж байна. Болохоор барахгүй,

“өнөөдрийн IT чиглэлээр мэргэшсэн чадалтай залуучууд, хакерууд ийм зүйлийг өлхөн хийнэ. Энэ битгий хэл дэлхийн томоохон улс орны сүлжээг хүртэл эвдэж чадаж байхад энэ мэт ердөө юу ч биш” хэмээн ярьж байна.

 

Нээрээ манай эрх мэдэлтнүүд чинь хуулийн зөвлөгөө авахын тулд гадаадын нэг хуулийн фирмд 17,5 тэрбум төгрөг төлөхөөр сэтгэл өвдөхгүй төсөвлөж чаддаг тухай саяхан л та бидэнд ил болсон шүү дээ.

 

Тэгвэл хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх авна гэдэг тийм чухал эд үү гэж нэгэн уул, уурхайн мэргэжилтнээс асуухад, хэн ямар зорилгоор авч байгаагаас ихээхэн шалтгаална. Нөөц муутай газар үр ашиггүй хайгуулын ажил хийвэл өч төчнөөн хөрөнгө мөнгөөрөө цэвэр шатаад дуусна. Бидэнд ийм туршлага тохиолдож байсан. Манай газар нутгийн 20-хон хувьд хайгуул хийсэн гэх боловч урьд өмнөх он жилүүдэд орос ах нар болон бусад соц системийн улс орнуудын мэргэжилтнүүдийн хийсэн геологи хайгуулын бүхэл бүтэн архив байна шүү дээ.

 

Харин бид бол уул уурхайн чиглэлээр 15-20 жил ажиллаж хангалттай дадлага туршлага хуримтлуулсан, өөрийн гэсэн хөрөнгө мөнгөө босгочихсон, монголоо гэх сэтгэлтэй, монгол хүмүүс. Өнгөрсөн хугацаанд бидэнд алдаж оносон зүйл зөндөө тохиолдож байлаа. Гэхдээ төрсөн нутгийнхаа газар шороог хайрлах, зүй зохистой ашиглахын ач холбогдлыг хамгийн сайн ойлгосон, аав ээж, ар гэр, үр хүүхдээ гэсэн, өөрийн гэсэн нэр төрөө эрхэмлэдэг Монгол хүмүүс.

 

Гэтэл гадны хөрөнгө мөнгөнд дулдуйдсан болон гаднаас орж ирсэн компаниуд манай эх орны газар нутгийг яаж хайрлах юм бэ, энд хүн ардын, малчдын болон онгон сайхан байгалийн тухай яриад ч хэрэггүй. Тэд тусгай зөвшөөрлөө авсан л бол эх орны минь газар шороог энд тэндгүй онгичиж, сэтгэл эмзэглэмээр сэндийчилж хаячихаад л яваад өгнө. Тэд залуу ой мод, хус нарс хушийг тайрч, булгалж гол нуурыг хатааж, ширгээж байгаадаа хэзээ ч санаа зовохгүй” хэмээн санаашрангуй ярьлаа.

 

Тэрээр цааш нь өнөөгийн энэ тусгай зөвшөөрөл олгож буй аргачлалд сурвалжлагч намайг анхаарлаа хандуулахыг хүсээд: -“Би 20 орчим жил энэ уул уурхайн салбарт ажиллаж байна. Хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Энэ тусгай зөвшөөрөл аваад байгаа цоо шинэ уул, уурхайн компаниуд үндсэн ажлаа хийнэ гэж бодож байна уу. Эд нар ажиллая гэсэн ч чадахгүй. Эх орныхоо газар шороо, онгон хэвлийд буй эрдэс баялгийг олж илрүүлж, нөөцийг нь тогтоох гэдэг хэн дуртай аавын хүүгийг хийгээд байдаг ажил биш. Тэд энэ эрхээ хэн нэгэн хөрөнгө, мөнгөтэй этгээдэд зүгээр л хэдэн халтар төгрөгөөр зарчихна.

 

Дээрээс нь хэнд зарсанаа ч мэдэхгүй, анзаарахгүй. Хэн худал, үнэн их мөнгө амлана, түүнд зарчихаад л яваад өгнө. Гэтэл өнөөдөр хэнд ийм их хөрөнгө мөнгөтэй байна. Хөрөнгө мөнгө урд хөршид л байна. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс манай улс төрчдөөр ёстой нэг тоглож байна” хэмээн хэллээ.

 

Монгол улсын ашиг малтмалын тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 7.1-д: -“Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэсэн байна.

 

Харин долдугаар бүлгийн 49-р зүйлд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах тухай заажээ. Тэнд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зохих хуулийн дагуу өөрчлөн байгуулагдсан, шинээр бий болсон эрх хүлээн авагч болон худалдан авагчид тусгай зөвшөөрлөө шилжүүлж болно гээд цагаан дээр хараар бичжээ.

 

Эндээс тун ноцтой байж мэдэхээр асуудлууд гарч ирж байна. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ хуулиар бол татвараа төлж байгаа гадаадын, дотоодын гэлтгүй хаанахын ч байсан хамаагүй хөрөнгө, мөнгөтэй компани л бол эх орны маань газар шороог ухаж төнхөх эрхтэй.

 

Тэд ажлаа амжилттай, богино хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд өөрийн техник технологи, хөрөнгө мөнгө, ажилчдаа хамгийн хямд төсөр аргаар манай улсад оруулж ирнэ.

 

Хятадын засгийн газар өнөөдөр гадаад улс оронд байгаа өөрийн баялагаа зэвсгийн хүчээр хамгаална гэдгээ зарлаад байгааг дээр дооргүй, дэлхий нийтээрээ мэдэж байгаа. Монгол улсад орж ирсэн инженер, техникийн ажилтан, албан хаагчид болон тэдний хар ажилчид, тус аж ахуйн нэгжийн техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж нь тухайн улсын баялаг мөн үү. Мөн.

 

Өдгөөгөөс 20 гаруй жилийн тэртээ Харвардын их сургуулийн профессор, стратеги судлаач, доктор Сэмуэль Филипс Хантингтон гэгч өөрийн шинжилгээ судалгааны үндсэн дээр тулгуурлан “Иргэншлүүдийн мөргөлдөөн” гэдэг нэгэн нийтлэл бичжээ. Тэрээр энэ нийтлэлдээ дэлхийн олон улс, орнуудын хооронд үүсч болзошгүй зөрчил тэмцэл, газар нутгийн маргааны талаар өөрийн сэтгэгдэл, таамаглалыг дэвшүүлсэн байдаг.

 

Тэрээр энэ зуунд иргэншлүүдийн хооронд соёлын шинжтэй ноцтой зөрчлүүд үүснэ гээд өнөөгийн Сири, Ирак бий болсон хэт даврагчдын тухай, бидний хайртай, дуртай гэх өнөө Оросууд маань хэл соёл, сэтгэл санаа нь бидэнтэй байх хэрэгтэй гэж байна гээд бүхэл бүтэн бие даасан тусгаар улс Украйнаас Крымийн хойгийг өөртөө нэгтгэж, одоо зүүн Украйныг нь авахаар тэндхийн салан тусгаарлагчдыг нь хөхүүлэн дэмжээд байгаа үйл явдплыг яг таг урьдчилан хэлсэн байдаг юм.

 

Тэрчлэн стратеги судлаач өнөөх Хантингтон чинь Орос, Хятадын хооронд 2015 онд сөргөлдөөн үүснэ. Зүүн Азид Хятад улс өөрийн хязгааргүй ноёрхолоо тогтоох ба энэ нь Москваг айлгана. Оросууд сибирь дэх цэрэг, зэвсгээ бэлэн байдалд оруулж тус бүс нутагт амьдрах хятадын цагаач иргэдэд хатуурхаж, хөөж тууна. Ингэснээр цагаач хятадууд үймээн самуун дэгдээж бүс нутгийг түйвээж эхэлнэ гэж таамаглажээ.

 

“Эх орон нэгтнээ хаана ч байсан хамгаална” гэсэн үзэл баримтлалынхаа дагуу Хятадууд өөрийн цэргээ алс дорнодын хязгаараар Орост оруулна. Эл мөргөлдөөнд Монголчууд татагдан орно. Ингэснээр Орос Хятадын хил хязгаар манай орныг дайран өнгөрөх 47 дугаар өргөрөгөөр ... гэх мэтээр бичсэн байдаг.

 

Харин Хатингтоны дараа үеийн стратеги судлаач Параг Ханна гэгч эрдэмтэн: -“Их гүрнүүд тэгэж зэвсэгт мөргөлдөөнд орохгүй. Зүгээр түрээслэх, худалдаж авах замаар өөрийн колони улсыг бий болгоно. Хятадын компаниуд Монголд зэс, нүүрч, цайр, алтны уурхайнуудыг эзэмшиж, нөөцийг нь урагшаа, их газрын Хятад руу зөөснөөр үгүйрүүлж, Монголыг зүгээр л худалдаад авчихна” хэмээн шууд хэлжээ.

 

Тиймээ, би өнөөгийн төр, засгийнхны хийгээд байгаа бүх зүйлсийг хардаж байна.

 

Г.Чугаа