Хэн ч үг хэлэхээ байсан, хэнийг ч үг хэлүүлэхээ байчихсан юм шиг дүр зураг УИХ-д ноёлоод удлаа. УИХ-ын чуулганы танхимд Солонгосууд нэгэн ид шидтэй төхөөрөмж тавьсан нь УИХ-ын гишүүн хэнбугайн ч үг хэлж байхад нь тасалж болдог тийм ид шидтэй ажээ.

"Хэлэлцэж буй асуудалтай холбоотой юм ярь! Хурлын дэг сахиулах эрх нь надад байна!" хэмээн халдашгүй дархан эрхтэй, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүний үгийг шууд л тасалж байгаа нь олон хүний эгдүүцлийг төрүүлж эхэллээ. Муу ч сайн ч тэд бол Монгол Улсын төрийн түшээ, Монголын ард түмний элч төлөөлөгч, үндсэн хуулиар олгогдсон дархан эрхтэй, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалагч нэгэн юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, С.Ганбаатар, Г.Уянга, О.Баасанхүү, Н.Баянсэлэнгэ, Н.Батбаяр гээд олон хүн чуулганы дэгийн дагуу үг хэлэх дугаараа хүлээж байгаад л хэлж байгаа боловч УИХ-ын дарга З.Энхболдод тас загнуулан үгээ тасдуулсан хэд хэдэн тохиолдол боллоо.

УИХ-ын дарга З.Энхболд өөрөө үнэхээр тийм үлгэр жишээч зарчимч нэгэн мөн үү?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Монгол банкны Ерөнхийлөгчийг огцруулах хэд хэдэн ноцтой зүйл заалтуудыг дурдан саналаа УИХ-ын даргад өргөн барьсан байдаг ч одоог хүртэл таг чиг хэлэлцүүлэлгүй хав дарсаар байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар "УИХ-ын дарга гэдэг бол энэ 76 гишүүнээс давуу эрх эдлээд байх шалтаг биш. Зүгээр л хурлын дэг сахиулах үүрэгтэй юм..." хэмээн хатуу үнэнийг шуудхан л хэлж байсан.

Тэгвэл З.Энхболд даргатай УИХ-ын үйл ажиллагаа үнэхээр тийм төгс төгөлдөр яваад байгаа гэж үү?

УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газартай холбоотой хэл ам хэрүүл шуугиан хэзээ ч тасарч байгаагүй! Хамгийн наад захын жишээ бол УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын болон дэд хороодын хуралдаан хэзээ ч зарласан цагтаа эхэлж байгаагүй Монголын ард түмэн бүгдээрээ мэднэ. Өнөөдөр жирийн нэг Монгол ажилчин залуу ажлаасаа 5 минут хоцроход шуудхан л орон тооны цомхтголд өртөх бөгөөд УИХ-ын гишүүд үүнийг хэзээ ч юман чинээд тооцож байгаагүй бөгөөд шуудхан л "Би угаасаа хоцордог юм" хэмээн хээв нэг хариулж ард түмнээ басамжлах нь УИХ-ын нэр хүндийг улам унагааж буй хэрэг юм.

Мөн Төрийн ордны гадна зогсоолд "гишүүдийн" "ажилтнуудын" гэсэн зогсоолуудыг баруун зүүн жигүүрт хуваасан нь эгээтэй л бослого гаргачхаагүй билээ.

Хамгийн сүүлийн нэгэн жишээ бол Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайханд хариуцлага тооцох тухай сануулсан нэгэн эгдүүтэй ч гэмээр юм шиг элдэвтэй ч гэмээр юм шиг хариуцлагатай хүний амнаас гарамгүй зүйл ярьж яваа харагдах! Тэрээр одоо гүйцэтгэх засаглалын ажилд оролцох л дутаж гэнэ. Чухамдаа түүний ажил үнэхээр мөн үү?

Хурлын дэгээ сахиулаад цагтаа хуралдуулж чадахгүй байгаа УИХ-аа яах вэ гэж байж дээрээс нь Засгийн газрыг зааж зааварлаад суух гээд байгаа нь ёстой нөгөө "өмдгүй байж өвдөг цоорхойгоо шоолох" шиг л зүйл болох буйзаа. Магадгүй УИХ-ын аль нэгэн чуулган өөрийнх нь зарласан 9:00 цагт эхэлж чадвал Монгол Улс тэр өдрөөс хөгжиж дэвшин ядаж л тэр өдөртөө өнгөтэй өөдтэй ч байх юм билүү хэн мэдлээ. Түүний удирдсан УИХ үнэхээр ажил хийсэн үү? дарга сайд нарын сандал суудалтай тулалдсан уу? гэдгийг түмэн олон мэднэ. Ядаж л яг одоо АН-ын төв байранд хэдэн өдөр хүлээгээд сууж байгаа Дарханы АН-ын гишүүдтэйгээ очоод нэг хүн шиг уулзмаар.

Төрийн тэргүүдийн нэг гэхэд ичмээр ч юм олон болсон. МҮОНТ-ийн уран бүтээлчдийг архичин ч юм шиг биш ч юм шиг хачин байдалтайгаар хэлчихсэн түүнийгээ залруулах гэж бас бөөн асуудал үүссэн. Ажилтнууд нь тэр оройдоо эсэргүүцлийн цуглаан хийсэн байдаг. Хамгийн аймшигтай чих халууцуулж Монгол битгий хэл урд хөрш даяар юм болсон нь "АЛХ ХААНА БАЙНА? АЛХАА МАРТСАН БАЙНШД" гэсэн туйлын болчимгүй үг нь БНХАУ-ын даргын айлчлалтай эн зэрэгцэхүйц сэдэв болж олон хүний ичих булчирхайг хагалчих дөхсөн нь мэдээж юм.

Монгол улс ийм л нэгэн даргатай болоод удлаа. Хэн ч үг хэлэхээ байсан, хэнээр ч үг хэлүүлэхээ байх нь дарангуйллын нэгэн жишээ бөгөөд "Авилгалын загалмайлсан эцэг" хэмээн цоллодог байсан хүн хүртэл УИХ-ын дарга байхдаа бараг Монголын хаан байхдаа ч хэзээ ч УИХ-ын гишүүний үгийг тасалж байгаагүйг санагтун!

 

 

 

Н.Энхбаяр хүртэл З.Энхболд шиг УИХ-ын гишүүний үгийг таслаж байгаагүй

 

 

 

Н.Энхбаяр хүртэл З.Энхболд шиг УИХ-ын гишүүний үгийг таслаж байгаагүй