Ардчилсан чөлөөт системд шилжсэн зургаан сонгуулиар юу эсийг үзэв дээ, бид. Улсаа диваажин болгож, иргэдээ жаргалд умбуулах янзан бүрийн амлалтууд, хэзээ дуусах нь үл мэдэгдэх шилжилтийн он жилүүд, түүнээс гарах олон, олон төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрүүд...

Гоё сайхан ярьсан болгонд нь горьдлого тээн итгэнэ, хүлээнэ, цөхөрнө, бухимдана, хараана, зүхнэ, эцэст нь дахиад л сонгоно. Олон цайчихсан худалч бидний дундаас төрсөн дөө хөөрхий. Гэхдээ зайлуул сонгогдохдоо л дэгэсдүүлцгээхээс, сонгогдсон хойноо улаан цагаан худал бурах нь хаа очиж гайгүй байсан санагдана. Нэгэнт итгэмжлэгдсэн тул төрийн хар хүний дүр авч, ярьж хэлэхдээ хариуцлагатай хандах ёстой гэдгээ эрх биш ойлгоцгоодог байж. 

Гэтэл өнгөрсөн 23 жилийн туршид тодорсон бүх худалчийг давсан ширэн нүүрт нэг төрлөө. Тэр анх хууль дээдэлдэг засаглал, шударга сонгууль, шударга ёс тогтоох тухай ярьж, надаас өөр үүнийг хийж чадах хүн байхгүй гэсээр нэр дэвшсэн. Улсын маань Ерөнхийлөгчийн “Худал ярьж, хор хутгадаг эмэгтэй хүн, эх хүн байдаггүй юм аа” гэх алдарт “цаасан малгай”-н дор ийн намынхаа итгэлийг хүлээн сонгогдсон энэ хүнийг, ярьсан хэлснээсээ 180 градус зөрж үйлдэл хийдэг цайчихсан худалч болчихоод ширэн нүүрлээд сууж байх юм гэж хэн санах билээ. Жагсаалтаар сонгогдсон “ШУДАРГА ёсчин” эрхэм гишүүний давхар дээлийг эсэргүүцсэн тэр их “үзэн ядалт” өөрийнх нь бөгсийг сайдын суудалд залах сургаар тэгж их идэвхижиж, хор хутган намынхаа эсрэг кнопдсон ширлэлт болно гэж бүр ч зүүдлээгүй байх.

Улс төрч хүний хамгийн уйваагүй урвалт бол зарчмаасаа ухрах. Сонгуулиар АН-ыг дэмжсэн бүх хүн ийм цайчихсан худалчийг төрүүлсэн дээ ичих, бухимдах зэрэгцэн суугаа.
Хэн нэг нь О.Баасанхүү гишүүн шиг зарчим, ёс зүйгээ сахь гээд давхар дээлнийх нь асуудлыг өргөн барьчихад иргэд, салбарынх нь бизнесменүүд хоёр гараа өргөөд дэмжихэд бэлэн байна. Эрхэм Ерөнхийлөгчөө таны цээжээрээ хамгаалан байж оруулж ирсэн эмэгтэйчүүд чинь хамгийн зарчимгүй улстөрчид болж хувирлаа, нэгийг тунгаана биз!!!

ЖИЧ: Сайдынхаа ажлыг ядаж хэл амгүй хийчихэж байвал бас яахав гэхсэн. Хүнс, Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, бизнес эрхлэгчдээс нөхцөл байдал ямар байгааг нэг асууж үзээрэй, шийдвэр гаргагчдаа