УИХ-ын таван гишүүн С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргалаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга,Л.Цог, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нарын зүгээс өчигдөр албан ёсоор Засгийн газрын хэрэг эрхлэх дарга С.Баярцогтыг огцруулах хүсэлт гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай тогтоолыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан гэдгээ Г.Уянга гишүүн өөрийн цахим хуудаснаа мэдээлэв. Огцруулах гол үндэслэл нь “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэгтэй “Эрдэнэс Оюу толгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter law pirm" нэртэй, гэр бүлийн хоёр гишүүнтэй компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт суулгасан” гэж бичсэн байна. Үүний урьдчилгаа 455 сая төгрөгийг шилжүүлснийг ч дурджээ.