“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг цөөн хэдэн кинонд тоглолсон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн танина. 

Түүнийг МҮОНРТ-ийн Хүүхэд, залуучуудын редакцаас эрхлэн гаргадаг "Цоглог" хөтөлбөрийг олон жил хөтөлж байсныг өдгөө мартаагүй биз ээ. 

 

Тэрбээр МУИС-ийн Утга зохиол судлаачийн ангийг төгссөн. О.Цэнгэл өөрийнхөө мэргэжлийг  кино урлаг, уран сайхантай салшгүй холбоотой хэмээн үздэг. Таван жил кинонд тоглоогүй ч өөрийнхөө боловсролдоо ихээхэн анхаарсан гэж нэгэн ярилцлагадаа дурьдав.

"Жүжигчин гэдэг миний үндсэн мэргэжил биш л дээ. Би МУИС-ийн Утга зохиол судлаачийн ангийг төгссөн. Мэргэжил маань кино урлаг, уран сайхантай салшгүй холбоотой. Энэ талын бүх л зүйлийг судалдаг учраас жүжигчин болоход дөхөм байсан болов уу. Өнгөрсөн хугацаанд Сингапурт магистерт суралцсан. Түүний хажуугаар англи хэлний мэдлэгээ сайжруулахаар шамдан суралцлаа даа" гэжээ.




 

"Хамтран амьдрагч" уран сайхны киногоор үзэгчидтэйгээ уулзсан алаг нүдэн бүсгүй тус кинонд сайн дүүгийн дүрийг чадварлаг бүтээжээ. Өөрийн бүтээсэн дүрийнхээ талаар "Айл бүрт бусдыгаа хооронд нь холбож өгдөг, нэг ёсондоо сайхан уур амьсгал бүрдүүлж, хөгжөөдөг нэг хүүхэд байдаг даа. Гэр бүлдээ коллектив үүсгэж чаддаг, эгчийн сайн дүүгийн дүрд тоглосон. Киноны хувьд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нийгэмд мэдрүүлэх зорилготой. Нийгмээ залуу хүний нүдээр ажиглахад гэр бүл салалт, уур бухимдал, нэгнээ ойлгохгүй асуудал маш их байна. Хүн бүрийн амьдралд зөндөө олон бэрхшээл тохиолддог. Тиймээс “Хамтран амьдрагч” киноны хувьд гэр бүл бүр жаргалынхаа төлөө эв нэгдэлтэй байж, зовлон зүдгүүрийг давж гараасай гэдгийг урлагаар дамжуулж нийгэмд ойлгуулах зорилготой юм" гэсэн юм. 

 

Д.Ана