МАХН-ын дэргэдэх Шударга ёс, үндэсний нэгдсэн оюутны холбоо шинэ гишүүдээ хүлээн авах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Тус холбоо 17 аймаг, 6 дүүрэгт арван мянга гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өчигдөр шинээр 100 гаруй оюутан залуусаар эгнээгээ тэлж батлахыг нь гардуулан өгөв. СЭЗДС, ШУТИС, Удирдлагын академи зэрэг сургуулиудаас ирсэн оюутан залууст батлах гардуулсан аж. Ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүн, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга Г.Дугаржав, О.Лхагвацэдэн, З.Батбаяр, Г.Бямбасүрэн, П.Ангараг болон ШЁҮНОХ-ны тэргүүн Д.Мөнхтөр нар оролцлоо.

  Батлах гардуулах ёслолын ажиллагааг нээж Г.Шийлэгдамба үг хэллээ. Тэрбээр  “Юуны өмнө МАХН-ыг сонгож гишүүнээр элсэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Дэлхийд алдартай улстөрчид, эрдэмтэд, суут ухаантнууд ихэнхдээ оюутан ахуй цагтаа сонголтоо хийсэн байдаг. Та бүхэн сонголтоо хийж, улс эх орныхоо төлөө ихийг хийж бүтээхээр өнөөдөр энд цугласан гэдэгт итгэлтэй байна. Магадгүй та бүхний дунд дэлхийд гайхагдсан лидер улстөрч байгааг үгүйсгэхгүй. Бид хамтдаа зорьсон зорилгодоо хүрч, хүссэн ирээдүйгээ цогцлоон бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэв.  

Уг ёслолын ажиллагааны үеэр Монгол-Солонгосын Политехник коллеж, Удирдлагын академи, Тээврийн дээд сургуулийн шилдэг гурван оюутанд ШЁХҮНОХ-ны нэрэмжит Бахархал алтан медалийг гардуулан өгөв. Медалийг ШЁҮНОХ-ны тэргүүн Д.Мөнхтөр гардуулж, шилдэг оюутнуудаар эгнээгээ тэлсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ.