Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал энэ оны нэгдүгээр сарын байдлаар ямар байгаа талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 2015 оны 1 дүгээр сард 6668 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6721 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 221 буюу 3.4 хувиар, хүүхдийн тоо 234 буюу 3.6 хувиар өссөн байна. Харин нялхсын эндэгдэл 118 болж, өмнөх оны мөн үеийнхээс 32 хүүхэд буюу 37.2 хувиар, 5 хүртэлх насандаа 141 хүүхэд энджээ. 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 49.6 мянга болсны 27.1 мянга нь эмэгтэйчүүд юм. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 35.8 мянга нь ажилгүй иргэд болж өсчээ.

 

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 19.6 мянга буюу 54.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.7 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 1 сард ажилгүй 8.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 585 иргэн ажилд зуучлагдан орж, 9.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан аж.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.0 хувийг магистр, доктор, 32.5 хувийг дипломын болон бакалаврын, 6.9 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.1 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.9 хувийг суурь, 42.9 хувийг бүрэн дунд, 2.0 хувийг бага боловсролтой, 0.7 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна гэв. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 22.8 мянга буюу насны залуучууд байна.

Харин эдийн засгийн хувьд үйлдвэрлэлийн аргаар тооцсон ДНБ-ий хэмжээ өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 21,8 их наяд төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 15,5 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос оны үнээр 14,3 хувь, зэрэгцүүлэх үнээр 7,8 хувиар өссөн байна.  

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2015 оны нэгдүгээр сард 366,4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 46,8 тэрбум буюу 11,3 хувиар буурахад хөрөнгийн зардал 4 тэрбум төг буюу 6,1 хувь, хүүгийн зардал 5,4 тэрбум төгрөг буюу 21,5 хувиар өссөн хэдий ч татаасын зардал 13,1 тэрбум буюу 8,3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.