Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн Газар Тавантолгой, Оюу Толгой төслийг хөдөлгөхийг гол зорилтуудынхаа нэг болгоно гэдгээ албан ёсоор олонтаа зарлаад буй билээ.
Үүний дагуу ч байгуулагдмагцаа ТаванТолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох тендерийг эхлүүлсэн . Сонирхолтой нь  ТаванТолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын 2012 оны сонгуульд   "Хөх Монголын баялгийг ардад нь буцааж өг, Хаан Чингисийн төрийг Монголд нь буцааж өг" уриатай оролцсон МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн удирдлагуудын нэг болох, МҮАН-ын дарга, Монгол Улсын Сайд М.Энхсайхан ажиллах болсон юм.


Уг төсөлтэй холбоотой олон шүүмжлэл өрнөж буй ч анх удаа М.Энхсайханы хамтрагчдын нэг болох Н.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр өөрийн хувийн "Зууны мэдээ" сонинд өнөөдөр нийтлүүлсэн сар шинийн мэндчилгээндээ :
Улс төрийн байдал тогтворгүйжиж, нийгэм, эдийн засгийн байдал чамгүй хүндэрч, төрт ёсны өндөр босго намсч, түмэн олны нуруунд ташуур болон буусанд санаа зовнин сууна. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг далимдуулан ард түмний баялаг болсон Оюу Толгой, ТаванТолгой зэрэг стратегийн баялгуудыг үрэгдүүлэн шамшигдуулахыг бид хэзээ ч зөвшөөрөх ёсгүй. Миний бие энэхүү ард түмний өмчийг хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд УИХ, Засгийн газар дахь өөрийн намын төлөөллөөрөө дамжуулан шат дараатай арга хэмжээ авч ажиллах болно" хэмээн мэдэгджээ.


Ийнхүү МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн хоёр намын удирдлагын байр суурь зөрөлдөж эхэлсэн бололтой.

Ц.Онон