Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад дотоодын хэд хэдэн хүнд уучлал үзүүлсэн.  Уучлалд хамрагдсан хүмүүсийн дунд Монгол улсын нэрийг олон улсад унагаж, өөрийгөө уснаас хуурай авч гарахыг хичээсэн Жастин Капла багтсан юм.   

Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн  2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл түүнийг буруутай гэдгийг Монгол улсын шүүх тогтоосон байдаг.

Жастин Каплагийн хувьд өөрийгөө буруугүй хэмээн олон улсад  итгүүлэхийг хичээж Монгол улсын нэр хүндийг унагасан. Чухам Монгол улсын шүүх хар бараан хэмээн мэдээлж байсан. Энэ арга нь явуургүй болоод ирэхээр давж заалдахгүйгээр  Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Ерөнхийлөгч ч дуун дээр нь уучлал үзүүлж орхилоо.  Түүний энэ үйлдэл нь  Шүүх засаглал ажлаа хийсэн ч гэсэн Ерөнхийлөгчөөс уучлал хүсээд гараад ирж болдог гэх буруу жишиг тогтоох гээд байгаа юм. Нөгөө талаас  улсад төлөх татварыг нууж болно. Илрэх юм бол “мөнгөөр зодож” байгаад, Монгол улсын нэр хүндийг унагаад ч хамаагүй өршөөлд хамрагдаж болох юм байна гэсэн жишгийг харуулж байгаа юм.  

Ерөнхийлөгчийн хувьд хүнд шийдвэр байсан гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр “Уучлал: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, Өөрийгөө хараалгах уу? Монголоо бодох уу Монголдоо би хайртай” хэмээн энэ шийдвэрийнхээ талаар жиргэсэн байдаг.  Энэ нь Ерөнхийлөгч шахаанд орсон байх магадлалтайг харуулж байна.  

Монгол улсын нэр хүндийг Жастин Капла гэх нөхөр  олон улсад  унагахыг завдсан болохоор харин ч өршөөл үзүүлэлгүй, төрийн төмөр нүүрийг харуулах ёстой байсан гэдгийг хэлэх хүн ч цөөнгүй бий.  Цаашид  уучлал, өршөөлийг бүрэн эрхийнхээ дагуу үзүүлэхдээ  анхаарах л ёстой болов уу?