Ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, нэмэгдэж улмаар  хүний амь нас эрсдэх, байгаль, экологи болон иргэдийн өмч хөрөнгөнд учрах хохирлын хэмжээ өссөөр байгаа тул ой, хээрийн түймрээс эртнээс урьдчилан сэргийлж, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, ажлын чанар үр дүнг дээшлүүлэх зорилгоор Улсын Онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын албан даалгаврыг гаргаад байна.

2014 онд гэхэд улсын хэмжээнд 18 аймгийн 101 суманд 281 удаагийн ой, хээрийн түймэр гарч нийт 3.1 сая га талбай шатсан байна.

Түймрийн улмаас  3 хүн нас барж, 12 хүн түлэгдэж 54 айлын гэр, байшин, 25 өвөлжөө, хашаа, 7538 толгой мал,     7 автомашин шатаж, ард иргэд, аж ахуйн нэгжийн өмч хөрөнгөнд 635.9 сая төгрөг, байгаль, экологид 10.1 тэрбум төгрөгийн хохирол, нийт 11.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 175.2 сая төгрөгийн зардал гарчээ.

Албан даалгаврын хүрээнд  төрийн болон төрийн  бус байгууллага, ойн анги, ойн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг иргэдийн оролцоотой зохион байгуулах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг түймрээс хамгаалах,

урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалтыг зохион байгуулах,  хавар, намрын хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн сангийн дагалт нөөц ашиглах, аялал зугаалгаар явах үйл ажиллагаанд байгаль хамгаалагч, мэргэжлийн холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавин ажиллах, ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зурагт самбар, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулахыг үүрэг болгоод байна.

            Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга нарт, хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрийн давтамж, эрсдэл өндөртэй Хөвсгөл, Завхан, Увс, Булган, Сэлэнгэ, Архангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймгууд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх байнгын болон хөдөлгөөнт эргүүл, хяналт, шалгалтын цэгийг ажиллуулах,  иргэдийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах арга ажиллагаанд дадлагажуулах сургалт, сурталчилгааг зохион явуулах,  хавар, намрын хуурайшилтын улиралд ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах нөөцийг ашиглах, аялал зугаалгаар явах болон бусад үйл ажиллагааг 2015 оны 03 дугаар сарын 20-ноос 06 дугаар  сарын 10,

09 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ний хооронд хязгаарлахаар албан даалгаварт тусгажээ.