Гэр бүлийн хүчирхийлэлд өртөн зуурдаар амиа алдсан дөрвөн настай охины дурсгалыг хүндэтгэх "Цагаан цуглаан" өнөөдөр 18.00 цагаас Чингисийн талбайд  болно. Энэхүү цуглааныг  “Ээж бүхний дуу хоолой”, “Лантуун дохио” ТББ, “Хүүхэд хамгааллын сүлжээний ТББ”-ууд, “Дэлхийн монголчууд нэгдэл” хамтран зохион байгуулах аж.   Цуглааныг Нийслэл болон Сүхбаатар дүүргээс зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч зохион байгуулж байгаа бөгөөд тухайн үед цагдаагийн тусгай хамгаалалт хамтран ажиллах гэнэ.

Мөн MVM CLUB"-ийн зүгээс гишүүд болон дэмжигчдээ өнөөдөр 17:00 цагт "SKY" их дэлгүүрийн зогсоол дээр хүрэлцэн ирж, "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" тайван авто жагсаалд нэгдэхийг уриалсан байна. Жагсаалд оролцогчид лаа барин, автомашиныхаа гэрэл, дохиогоо асаан тайван замаар жагсан явна. Тэд энэ үйлдлээрээ монголын ирээдүй болсон хүүхэд багачууд хайр энхрийлэл, халамжин дунд өсөх ёстой байтал хүнд хүчир ажил хийж, архины хамааралтай эцэг эхийнхээ дарамтад өртөн, амь насаа алдаж байгаад харамсан эмгэнэл илэрхийлэх юм.