ХБНГУ-ын Берлин хотын “Ай-Ти-Би Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн гуравдугаар сарын 03-аас 06-ны өдрүүдэд үргэлжилж байна. Уг үзэсгэлэн Улаанбаатар хотоо сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Баяраа, АН-ын бүлгийн ахлагч Б.Отгонбаяр, Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл нараар ахлуулсан Нийслэлийн аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын чиглэрээр үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй байгууллага эх орноо төлөөлөн мордсон юм.

Жилээс жилд үйл ажиллагаа нь улам өргөжин тэлж буй уг үзэсгэлэнд энэ жил 180 гаруй орны 10000 орчим төлөөлөгч оролцохоо мэдэгдээд байгаа тус үзэсгэлэн Монголын баг “Онгон байгаль ба нүүдэлчид” нэртэйгээр түнш орны онцгой статусаар оролцож байна.

2014 онд НИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд гадаадаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, гадаадаас их хэмжээний жуулчин авчирсан аж ахуй нэгжид нийслэлээс тусгай дэмжлэг үзүүлэхээр болсон учраас уг арга хэмжээнд манай улсын аялал жуулчлалын компаниуд онцгой идэвхитэйгээр оролцож байгаа аж.

Манай улсын төлөөлөгчид үзэсгэлэнгийн хугацаанд дэлхийн аялал жуулчлалын магнатуудтай хурал хийх, Монгол Улсын соёл, зан заншлыг харуулсан хүлээн авалт зохион байгуулах, Үндэсний болон язгуур урлагийн тоглолт зохион байгуулах, аялал жуулчлалын мэргэжлийн хурал чуулган, дугуй ширээний ярилцлагаад тасралтгүй оролцохын зэрэгцээ 9 удаагийн илтгэл тавьж, Монгол Улсыг сурталчлан таниулсан хэвлэмэл материалууд, каталоги  түгээх ажлуудыг хийх юм байна.

Дашрамд дурьдахад “Ай Ти Би Берлин” үзэсгэлэн худалдаанд оролцсон улсад зорчих жуулчдын тоо 15-30 хувь өсдөг гэсэн судалгаа байдаг бөгөөд дэлхийн 180 оронд маш бага зардлаар эх орноо сурталчилж чаддагаараа онцлог юм.