Батлагдсан нөөцөөрөө Монгол Улсад тэргүүлээд буй Таван толгой ордын гол эзэмшигч “Эрдэнэс Таван толгой” компани, БНХАУ-ын төрийн өмчийн “Чалко” компанитай хийсэн гэрээ учир дутагдалтай талаар Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийв.

Тэд шинэчлэлийн Засгийн газрыг энэхүү ашиггүй гэрээг цуцлах, улмаар С.Бат-болдын Засгийн газар гэрээг Монголын талд хохиролтой хийсэн хэмээн мэдэгдсэн.

Монгол, Хятад хоёр улсын төрийн өмчит компани Таван толгойн ордын Зүүн Цанхи дахь нүүрсийг худалдаалах, худалдан авах гэрээг 2011 оны долоодугаар сард хийсэн. Ингэхдээ Таван толгойн нүүрсийг зөвхөн "Чалко" компанид тонн тутмыг нь 70 ам.доллараар худалдаалах тохиролдоонд хүрсэн. Гэвч нэг ордоос нүүрсээ аваад ижилхэн боомтоор гарч буй хувийн компанийн нүүрс нэг тонн нь 100 ам.долларын ханштай байхад 30 ам.доллараар хямд худалдаалж байгааг олон нийтэд тайлбарлах шаардлагатай гэж үзжээ.

Энэхүү үнийн зөрүүгийн талаар өмнө нь нэг бус удаа дурдаж байсан. Гэвч “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал асан Б.Энэбиш “Хэдийгээр нүүрс чанартай ч бохир учраас ийм бага өртөгтэй” гэсэн мэдээлэл хийдэг байсан. Харин энэ талаар тухайн үед Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос ямар нэгэн байр сууриа илэрхийлж байсан уу гэсэн асуултыг тус холбооны тэргүүн Т.Хасбаатарт тавихад

“Манай холбоо өмнөх Засгийн газрын үед “Чалко” компанитай хийсэн гэрээний үнийн зөрүүтэй асуудлаар бид хэд, хэдэн удаа тайлбар хийхийг шаардсан. Гэвч бидэнд нэг ч хариулт ирүүлээгүй. Харин өнөөдрийн шинэчлэлийн засгийн газар энэхүү ашиггүй гэрээг цуцлах шийдвэр гаргана гэж найдаж байна” гэв. Гэрээг цуцлах хууль эрх зүйн орчин ч байгаа талаар тэд хэлж байлаа. Тодруулбал, ямар нэгэн тогтвортой байдлын гэрээ биш учраас гэрээг цуцлах зүйл заалт заавал байж таарна.

Харин энэ асуудлаас болж хоёр улсын найрсаг харилцаанд сэв суухыг үгүйсгэхгүй. Гэхдээ монголчууд найрсаг харилцааны төлөө дуугүй суугаад хохирох ёсгүй гэж Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооныхон үзжээ. Түүнчлэн тэд нэг тонн тутамд 30 ам.долларын алдагдалтай ажиллаж байгаа энэ асуудалд МИАТ компанийн луйвар шиг ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй гэдгийг ч энэ үеэр онцолж байсан юм.