06-04 MAHN.

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Удвалын орон нутаг дахь уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Завхан аймгаар орж ард иргэдтэй уулзсан юм. Улиастай хот байгуулагдсаны 280, Завхан аймгийн 90 жилийн ой тохиож байгаа энэ билэгшээлтэй үед МАХН-аас нэр дэвшиж байгаа Н.Удвал тус аймагт очиж ард иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.

Завхан аймгаас олон алдартан, хутагт хувилгаад төрөн гарсан өгөөжтэй нутаг. П.Очирбат, Н.Багабанди гэсэн хоёр ч Ерөнхийлөгчийг төрүүлэн гаргасан тус нутгийнхан энэ удаад эмэгтэй нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ нэгэн дуугаар илэрхийлж байсан юм. Хоёр ч Ерөнхийлөгч, хутагт, хувилгаад, эрдэмтэн мэргэдийг төрүүлэн гаргасан энэ нутаг бахархах түүх арвинтай ч өнөөдрийн байдлаар хөгжлөөрөө бусдаас хоцорсон, ард иргэд нь гундуухан амьдралтай аж төрж байгаад  Н.Удвал харамсаж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Тэрбээр “Эх хүн үр хүүхдүүдээ алагчилж үздэггүй. Үүний нэгэн адил Ерөнхийлөгч хүн эх нутаг, ард түмэндээ адил тэгш хандах нь зүйн хэрэг. Өнөөдөр байгалийн баялагаа харийнханд алдаад, газар шороогоо сүйтгүүлж, үр хүүхдүүддээ эвдэрсэн газар, сүйдсэн байгалийг өвлүүлэн үлдээх дээрээ тулсан энэ хүнд цагт эх хүний сэтгэлээр ард түмэн, газар шорооныхоо төлөө зүтгэнэ гэдгээ та бүхний өмнө амлаж байна” хэмээн ярьсан юм.  

Завхан нутгаас төрөн гарсан олон арван алдартан, төрийн түшээд олон зүйл амалж гарч ирдэг ч ярьсанаа хэрэгжүүлдэггүйн жишээг энэ нутгаас бэлхнээ харж болно. Завхан аймгийн хамгийн том сум болох Тосонцэнгэлийн иргэд энэ удаад худал амалдаггүй хүнийг сонгохоо хатуу хэлсэн. Тэд “Бид урьд нь олон хүнд итгэл хүлээлгэдэг байсан. Тэд худлаа амалсан амлалтаа эргэж хараад л мартчихдаг. Энэ удаад бид төрийн жолоог эх хүний гарт өгөхийг хүсч байна. хамгийн гол нь ард иргэд бидний саналыг бүү луйвардаасай. Шударгаар өрсөлдөөсэй гэж хүсч байна” хэмээн ярьж байсан юм. Завханчууд санал тоолох хар машинд огтхон ч итгэхгүй байгаа бөгөөд хар машинаар дахин саналаа луйвардуулахгүй хэмээн эсэргүүцэж байсан. Тэд машинд биш хүнд итгэхийг уриалсан бөгөөд сонгуулийг шударгаар явуулж төрийг хатан ухаанаар жолоодох Н.Удвалд саналаа өгөхөө илэрхийлсэн юм.

Ийнхүү МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал Завханчуудынхаа санаа бодлыг сонсоод итгэлийг нь алдахгүй байх амлалтаа үлдээгээд Говь-Алтай аймгийг зорьсон юм.