Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн онцлогтой болж байгаа. Үүний нэг нь Монголын түүхэнд анх удаа эмэгтэй хүн, эх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа явдал юм. Энэ ч утгаараа Монголын аймаг, сум, баг, хороо, дүүрэг бүрт амьдарч буй ээжүүд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг дуу нэгтэйгээр дэмжиж эхэлжээ. Үүний нэгээхэн жишээ нь “Ээжүүдийн анхдугаар хуралдай”-н төлөөлөгч ээжүүд болон нийслэл хот, хөдөө орон нутгийн эхчүүд нэгдэн, орон даяар Н.Удвалыг дэмжихээ илэрхийлснээс гадна “Сонгуулийн хар машин”-ыг эсэргүүцэх хөдөлгөөнийг орон даяар эхлүүлэхээр болжээ. Ээжүүдийн энэ хөдөлгөөнд Баянхонгор аймгийн эхчүүд нэгдэх хүсэлтээ хамгийн түрүүнд ирүүлснээр тэд өнөөдөр Баянхонгор аймгийг зорилоо

        Ээжүүд Монгол Улсыг ирэх 4 жилд удирдах төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвшигчид шударга өрсөлдөөсэй хэмээн хүсэж  байгаа бөгөөд тэдний санааг чилээж, айдас эргэлзээг төрүүлж байгаа ганц зүйл нь сонгуулийн санал тоолох “хар машин” гэлээ. Тэд “хар машин”-д итгэхгүй байгаа бөгөөд “Сонгуулийн санал тоолох хар машиныг эсэргүүцсэн эхчүүдийн хөдөлгөөн” нэртэй хөдөлгөөн байгуулсан аж. Өнөөдрийн байдлаар тус хөдөлгөөнд 5000 орчим эхчүүд нэгдсэн байна.

        Ээжүүд хэлэхдээ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг машинаар тоолно” гээд хуулиар баталгаажчихсан. Тиймээс сонгуулийн үр дүнг машинаар тоолсны дараа ээжүүд бид өөрсдөө улс орон даяар явж сонгуулийн хяналтын тоог гараар хийнэ. Өнөөдрийн байдлаар 8 аймагт хуралдаан зохион байгуулаад байна. Ээжүүд маань энэ саналаа, сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнө “Сонгуулийн ерөнхий хороо”-нд бичгээр хүргүүлнэ” гэлээ.