Цагдаагийн алба хаагч Яаралтай түргэн тусламж 103-ийн эмчийг зодсон гэх асуудал олны анхаарлыг татаж байна. Тангараг өргөсөн эмч, цагдаа нар хоорондоо ийнхүү муудалцаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг рүүгээ дайрч байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Тодруулбал, хутгалуулсан цагдаа дуудлага өгч улмаар түргэнийхэн 40-өөд минутын дараа ирсэн учраас цагдаагийн алба хаагч түргэний эмчийг зодсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа юм. Тэгвэл энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт зодоон болоод байна гэх дуудлага шөнийн 04.00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиход СХД-ийн долдугаар хороонд оршин суугч, 28 настай У гэгч нь цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь мэс хүргэж хүнд гэмтэл учруулсан байдаг. Улмаар Түргэн тусламж 103-ыг дуудахад дуудлага өгснөөс 40 минутын дараа ирж, анхан шатны тусламж үзүүлсэн юм. Цагдаагийн алба хаагч цус их алдсан учраас яаралтай түргэн тусламж 103-ын эмч нар удаан ирлээ гэхэд түргэний эмч нар "Тийм л юм бол өөрсдөө аваачиж өгөх нь яасан юм бэ" хэмээн маргалдсан. Түүнээс биш зодоон болсон асуудал байхгүй” гэх тайлбарыг өгч байсан юм.

Хэргийн газар чухам юу болов?

 Хутгалуулсан цагдаагийн алба хаагчийн хэргийн газраас Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст авчиржээ. Цагдаагийн алба хаагч цус их алдсан учраас чангалуур боолтыг хийж, цагдаагийн алба хаагчид өөрсдөө анхан шатны тусламж үзүүлсэн байна. Улмаар Яаралтай түргэн тусламж 103-т 05.00 цагт дуудлага өгсөн боловч түргэнийхэн 05.45 цагт ирсэн байна. /Угтаа бол яаралтай түргэн тусламж 103, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс  рүү очиход 10 минут орчим зарцуулах зайтай байв/. Түргэний эмч нарыг орж ирэхэд цагдаагийн алба хаагчид “Цагдаагийн алба хаагч амь насаа алдах шахлаа. Та нар ямар удаан ирдэг юм бэ” гэхэд түргэний эмч “Та нар юун сүртэй юм бэ. Хэрвээ үхэх гээд байсан юм бол энэ нэг хүнээ машинаараа аваад ирэхэд яадаг юм” хэмээн хэлж, хоорондоо маргалджээ. Тэгээд чангалуур боолтыг нь авч, түргэний эмч нар тусламж үзүүлсэн байна. Үүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр зодоон болсон, цагдаагийн алба хаагч түргэний эмчийг зодсон хэмээн ташаа мэдээлж байгаад хоёр байгууллагын зүгээс ихэд харамсч байгаа аж.

-Хутгалуулсан цагдаагийн алба хаагч 23 оёдол тавиулжээ-

Хутгалуулсан цагдаагийн алба хаагч өдгөө гэрээрээ эмчилгээ хийлгэж байна. Түүний шилбэний эрээн булчин тасарсан учраас дотроо 16, гаднаа 7, нийт 23 оёдол тавиулжээ. Одоогийн байдлаар биеийн байдал тааруу, цаашид үргэлжлүүлэн ажлаа хийх эсэхийг эдгэснийх нь дараа эмнэлгийн байгууллага тогтоох юм байна. Харин цагдаагийн алба хаагчийг хутгалсан этгээдийг Чингэлтэй  дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Ер нь цагдаагийн алба хаагчийг доромжлох, гэмтээх хэрэг цөөнгүй гардаг ч цагдаагийн алба  хаагчид тангараг өргөсөн учраас тэр бүр энэ тухай мэдээлээд байдаггүй аж.

Тангараг өргөсөн цагдаа, эмч нарын тухай ийм таагүй мэдээлэл цацагдаж байгаад цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагын зүгээс ихэд таагүй хүлээн авч байна. Цагдаагийн алба хаагч хутгалуулаад их цус алдаж байхдаа дуудлагаар ирсэн түргэний эмчтэй зодолдоод зогсоно гэдэг хэний ч санаанд багтамгүй үйлдэл юм. Төрд тангараг өргөсөн нийгэмд зайлшгүй хэрэгтэй энэхүү салбарын алба хаагчид нэгнийгээ хутгалуулаад гэмтсэн байхад анхан тусламж үзүүлэхгүй юу гэж зодолдоод, зодуулаад зогсож байх вэ.

Яаралтай түргэн тусламжийнхан хэдэн хүний амиар дэнчин тавих вэ

Гэхдээ Яаралтай түргэн тусламж 103-ынхны хариуцлагагүй, хүний амь насанд аюул тулгараад байхад ийнхүү тоомжиргүй хандаж байгаа үйлдэл хоёр ч удаа олны өмнө ил боллоо. Энэ сарын ихээр дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртөж, бэртэж гэмтэн дуудлага өгөхөд түргэнийхэн цаг гаруй хугацаанд ирээгүй. Тэд үүнийгээ машин хүрэлцээгүй хэмээн тайлбарласан ч нэг машин нь нягтлан бодогчоо суулгаад цалингаа хөөцөлдөж яваад телевизийнхэнд баригдсан юм. Харин цагдаагийн алба хаагч хутгалуулаад дуудлага өгөхөд 40 минутын дараа очсон нь хоёр дахь нь боллоо. Хэрвээ цагдаагийн алба хаагч нар өөрсдөө анхан шатны тусламж үзүүлээгүй бол тухайн алба хаагч амь насаа алддаггүй юм гэхэд эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байлаа. Өдрийн түгжрэлтэй цагаар биш өглөөний 05.00 цагийн алдад замын хөдөлгөөн сийрэг байхад ийнхүү дуудлага өгөхөд ямар шалтгаан тэд ийнхүү удав. Ирсэн даруйдаа уучлал гуйх биш “Сүртэй юм бэ” хэмээн хүний амь насыг үл тоож байгаа 103-ынхан нэгийг бодох цаг болжээ. Ил гарсан нь энэхүү хоёр хэрэг болохоос үүний цаана хэчнээн хүний амь насаар дэнчин тавьж, ийнхүү хайнга ханддагийг бид мэдэхгүй.

Цагдаагийн алба хаагчид дуудлага өгч байгаа бичлэгийг доорх линкээр үзнэ үү.

Жич энэхүү бичлэгийг  жирэмсэн болон зүрхний өвчтэй, насан хүрээгүй хүүхэд үзэхийг хориглоно.