Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин суудлаасаа буучихаад сураггүй алга болсон гэхэд болно. Түүнтэй холбоотой янз бүрийн асуудал, хэл ам гарч байсан ч тэрбээр тайлбарлахыг огт хүсээгүй төдийгүй цаг хугацаа бүхнийг цайруулна гээд хаясан билээ. Харин эрхэм гишүүн Д.Дорлигжавын гаргасан шийдвэр болон өөртэй нь холбоотой асуудлын талаар тайлбар хийж, ил гарч ирэв. 

Түүнтэй янаг амрагийн асуудлаар нэр холбогдож, улмаар хар тамхины хэргээр ял эдэлж байгаа Г.Сарангэрэл гэгч бүсгүй удахгүй суллагдах гэж байгаа. Тэр эмэгтэйн талаар Х.Тэмүүжин “Таних төдий, мэднэ” гэж ярьж байсан бөгөөд түүнийг унагах гол хэрэгсэл болгон ашиглаж, улмаар ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт хурандаа нартайгаа нийлж, тагнаж чагнасан, мөн Д.Дорлигжав “Женко” Х.Баттулгын даалгавраар бохир зохиол бичиж, түүнийгээ ард түмэнд найруулан тавьсан гэж тайлбарлаж ярьдаг юм. 

Энэ талаар Х.Тэмүүжин “Энэ бүгдийн учрыг тэр Билэгт, Баттулга, Дорлигжаваасаа асуу. Гэм зэмгүй байсан хүний нялх үрийг бохир зүйлдээ хутган оруулж, сүүлдээ шоронд суулгалаа. Тэр эмэгтэйг суллагдаж гарч ирэхэд нь би зэмлэх ч үгүй, уучлаарай ч гэж хэлэхгүй. Тэгэх шаардлага надад байхгүй” гэжээ.