МАХН-ын Нарийн бичгийн дараг П.Ангараг, П.Цогтбаатар нар өнгөрөгч амралтын өдрөөр Говьсүмбэр аймагт ажиллаж, намын анхан шатны байгууллагын удирдах ажилтны уулзалт өдөрлөгт оролцоо. Тус өдөрлөгт Говьсүмбэр аймгийн хөдөө сумд, аймгийн төвийн МАХН-ын гишүүд дэмжигчид цуглаж, намын өмнө тулгамдсан, цаашид шийдвэрлэх ёстой зүйлсийн талаар ярилцлаа. Тухайлбал, орон нутгийн намын хороо, үүрийг бэхжүүлэх чиглэлд идэвхийлэн ажиллах нь чухал байгааг орон нутгийн иргэд хэлж байлаа. Хэдийгээр гишүүд дэмжичгдийн тоо өсөн нэмэгдсээр байгаа ч тэднийг чадавхжуулах, намын үзэл баримтлалын мөн чанарыг таниулах ажил шаардлагатай байгааг гишүүд хэлж байв. Тус аймгийн намын хорооны даргаар Ц.Пүрэвсамбуу, дэд даргаар Д.Унтнасан нарын хүмүүс ажилладаг. Тэд аймгийн намын хороог бэхжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах талаараа энэ үеэр намын удирдлагуудад танилцуулав.

Нөгөө талаар уулзалтад очсан МАХН-ын Нарийн бичгийн дарга нар, “Манай нам бол итгэл, сэтгэлээр нэгдсэн нэгэн гэр бүл. Энэ гэр бүлийн эрхэмлэдэг үнэт зүйл бол эв нэгдэл. Эв нэгдлийн бат суурь нь шударга ёс юм. Тиймээс та бүхэн орон нутгийнхаа намын байгууллагыг бэхжүүлж, гишүүдийн хүрээг тэлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаад баяртай байдаг” гэдгээ илэрхийллээ. Тус аймгийн намын хороо 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдаж байжээ. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл гишүүд дэмжигчдийн тоо өсөн нэгмэгдсээр байгаа нь зөв цагтаа зөв үйл хэргийн төлөө ажилласны илрэл хэмээн Говьсүмбэр аймгийн намын хорооны дарга Ц.Пүрэвсамбуу онцлов.

Энэ үеэр Говьсүмбэр аймагт МАХН-ын хороог бэхжүүлж, шат шатны сонгуульд идэвх зүтгэл гарган ажилласан нэр бүхий хүмүүсийг намын дээд шагналаар шагнав. Тухайлбал, намын дээд шагнал “Тусгаар тогтнол” одонгоор Т.Болдбаатар, “Шударга үйлс” медалиар С.Сайнзаяа, намын Хүндэт тэмдгээр Г.Алтанчимэг, С.Дашням, С.Нямпүрэв нарын 10 хүнийг тус тус шагналаа.

Дашрамд дурдахад тус аймагт дөрөвдүгээр сарын 22-нд аймгийн төвийн гурав, хөдөөгийн нэг багт Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль болох юм.